Хайх

Дундаж наслалтаараа тэргүүлдэг “Цэнхэр бүс”-ийн улсууд биднээс юугаараа ялгаатай вэ?

Дундаж наслалтаараа тэргүүлдэг “Цэнхэр бүс”-ийн улсууд биднээс юугаараа ялгаатай вэ?

Text: Buro.Mongolia


Хамгийн өндөр дундаж наслалттай орнуудыг Blue Zones буюу Цэнхэр бүсийн улс хэмээн нэрийддэг. Тус улсын иргэд бусадтай харьцуулахад урт наслаад зогсохгүй эрүүл мэндийн хүнд эмгэгүүдээр өвчлөх эрсдэл бага болохыг эрдэмтэд онцолдог. Тэгвэл тэдгээр улс нь дэлхий дээр тийм ч олон байдаггүй бөгөөд нийт таван газрыг хамаатуулж үздэг байна. Үүнд Грекийн Икариа арал, Японы Окинава арал, Италийн Сардини арал, АНУ-ын Лома-Линда хот, Коста-Рика дахь Никоягийн хойг багтана. Тэгвэл эдгээр газрын иргэд урт насалж байгаа нь улсын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарахаас гадна тэдний амьдралын хэв маяг чухал ач холбогдолтой байна. Энэхүү сэдвээр хийгдсэн маш олон судалгааны ажил, баримтат кино байдгаас бид тухайн иргэдийн амьдралдаа хэрэгжүүлдэг хамгийн чухал хэвшлүүдийг онцлохоор бэлдлээ.


Ногоогоор баялаг хоол хүнс

Дундаж наслалтаараа тэргүүлдэг “Цэнхэр бүс”-ийн улсууд биднээс юугаараа ялгаатай вэ? (фото 1)

Цэнхэр бүсэд амьдардаг хүмүүс өдөр тутамдаа 95%-ийн ногооноос бүрдэх хоол хүнсийг хэрэглэдэг. Тэд бүгд хатуу дэглэмийн цагаан хоолтнууд биш ч нэг сард дунджаар таван удаа мах, махан бүтээгдэхүүн иддэг байна. Мэдээж хэрэг улс орон бүр өөрсдийн гэсэн онцлогтой ба Италийн Сардинид л гэхэд загасны махны хэрэглээ өндөр байдаг. Гэвч эрдэмтэд Цэнхэр бүсэд хэрэглэдэг нийтлэг хоол хүнсийг онцолдог билээ. Үүнд:

  • Хүнсний ногоо. Энэ бол эслэг, эрдэс бодис, олон төрлийн амин дэмийн эх үүсвэр. Өдөрт 200-600г хүнсний ногоо болон жимс, жимсгэнэ хэрэглэх нь зүрх судасны өвчин, хорт хавдраар нас барах эрсдэлийг бууруулдаг.
  • Буурцаг. Үүнд шош, вандуй, сэвэг зарам гэхчлэн буурцгийн төрлийн хүнс багтана. Эдгээр нь эслэг болон уургаар баялаг бөгөөд урт наслалтын эх үүсвэрүүдийн нэг болохыг олон тооны судалгаанаас харах боломжтой.
  • Үр тариа. Бүхэл үр тариа нь эслэгээр баялаг. Үүнийг зохистой хэмжээнд хэрэглэснээр цусны даралт багасах, бүдүүн гэдэсний хорт хавдар, зүрх судасны өвчлөлөөс үүдэлтэй нас баралт буурах ач холбогдолтой юм.
  • Самар. Самар нь эслэг, уураг, ханаагүй өөх тосны маш том эх үүсвэр юм. Үүнийг эрүүл хооллолттой хослуулан хэрэглэснээр эрт нас баралтын эрсдэл буурч, мөн бодисын солилцооны үйл ажиллагаа эрчимжих ашиг тустай билээ.

80%-ийн дүрэм

Дундаж наслалтаараа тэргүүлдэг “Цэнхэр бүс”-ийн улсууд биднээс юугаараа ялгаатай вэ? (фото 2)

Окинавагийн арлуудын оршин суугчид 1960-аад оноос өмнө авах ёстой хэмжээнээсээ бага илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг байсан нь одоогийн урт наслалттай нь холбоотой байж болзошгүйг эрдэмтэд таамаглаж байгаа юм. Окинавачууд hara hachi bu буюу 80%-ийн дүрмийг мөрддөг. Энэ нь 100% цадталаа биш, харин цадах мэдрэмжийг 80% хүртэл аваад идэхээ зогсоохыг хэлж байгаа юм. Бидэнд цатгалан мэдрэмжийг дамжуулдаг дааврууд хоол идсэнээс хойш бүтэн 20 минутын дараа цусан дахь дээд хэмжээндээ хүрдэг учраас энэхүү арга нь эрүүл мэндэд тустай байх боломжтой. Үүнээс гадна Цэнхэр бүсийн иргэд үдээс хойш, эсвэл оройн цагт хамгийн бага илчлэгтэй хоолоо идэж, улмаар өдөр дуустал хоолны хэрэглээгээ бүрэн хасдаг байна.


Согтууруулах ундааг маш бага хэмжээгээр хэрэглэдэг

Дундаж наслалтаараа тэргүүлдэг “Цэнхэр бүс”-ийн улсууд биднээс юугаараа ялгаатай вэ? (фото 3)

Бага хэмжээний согтууруулах ундаа нас баралтын эрсдэлийг бууруулдаг эсэх нь эрдэмтдийн дунд санал зөрөлдөөнийг дагуулдаг. Маш олон эрдэм шинжилгээний ажлууд согтууруулах ундааны хэрэглээг багасгаснаар зүрх судасны өвчлөлөөр нас барах эрсдэл буурдаг талаар дурдсан байдаг. Гэвч 2016 онд хийгдсэн нэгэн судалгаагаар амьдралынхаа бусад хэвшлийг зөв тогтоож чадвал бага хэмжээний согтууруулах ундаа нас баралтад шууд нөлөөлж чадахгүй гэжээ. Харин Цэнхэр бүсийн иргэдийн хувьд согтууруулах ундааны хэмжээ болон төрөлд чухалчлан анхаардаг байна. Тухайлбал, усан үзмийн антиоксидантуудаар баялаг гэгддэг улаан дарс бол Сардини дахь оршин суугчдын нийтлэг сонголт юм. Тэр дундаа Сардинийн Каннонау дарс бусадтайгаа харьцуулахад антиоксидантын агууламж өндөр болох нь батлагджээ. Антиоксидантууд нь хөгшрөлтөд нөлөөлдөг ДНХ-ийн гэмтлээс сэргийлдэг гэж үздэг. Тиймээс энэ нь нас баралтыг бууруулах үзүүлэлт болдгийг зарим судалгаанд дурджээ. Мөн өөр нэгэн эрдэм шинжилгээний ажилд зургаан сарын турш өдөрт 150мл дарс хэрэглэх нь цусны даралт, сахрын хэмжээг бууруулсан үр дүн гарсан байна.

Эдгээр ажлууд нь зөвхөн бага хэмжээний согтууруулах ундаанаас гарах үр дүнг судалсан болохыг анхаараарай. Согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх нь нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлнэ.


Спорт бол тэдний амьдралын хэв маяг

Дундаж наслалтаараа тэргүүлдэг “Цэнхэр бүс”-ийн улсууд биднээс юугаараа ялгаатай вэ? (фото 4)

Эрүүл амьдралын хэв маягийн хамгийн эхний дүрэм бол спорт гэдгийг хүн бүр мэднэ. Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр биеийн жингээ зохистой хэмжээнд байлгаад зогсохгүй ирээдүйд үүсэх өвчлөл, эмгэгийн магадлалыг бууруулдаг. Хурдан алхаа ч бай, хүчний дасгал ч бай өдөр тутамд хийх хөдөлгөөн бүрийн тоогоор хүний энергийн эсийн гол эх үүсвэр болох митохондрийн үйл ажиллагаа сайжирдаг билээ. Энэ нь бие махбодын эрүүл байдлыг хадгалах ач холбогдолтой юм.

Цэнхэр бүсийн орон дахь хүмүүсийн амьдрал спорттой салшгүй холбоотой. Гэвч тэд фитнес заал руу орох зорилго тавьж дасгал хөдөлгөөн хийдэггүй. Харин тэдний хоол хийх, ургацаа хураах, цэцгээ услах зэрэг үйлдэл нь хөдөлгөөн болдог байна. Товчхондоо Цэнхэр бүсийн иргэдийн өдөр тутмын амьдрал өөрөө спорт л гэсэн үг юм. Тухайлбал, Италийн Сардини арал дахь эрчүүд дээр хийсэн судалгаагаар тэдний урт насалдаг шалтгаануудын нэг бол фермийн мал аж ахуй эрхэлдэг, эгц налуу уулан дээр амьдардаг, ажилдаа хүрч очихын тулд холын зайнд алхдаг амьдралын хэвшил нь тодорсон байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх