Хайх

Ээжийнхээ өмнө мэдэрдэг ичгүүр юунаас болж үүсдэг вэ? Үүнийг хэрхэн даван туулах вэ?

Ээжийнхээ өмнө мэдэрдэг ичгүүр юунаас болж үүсдэг вэ? Үүнийг хэрхэн даван туулах вэ?

Text: Buro.Mongolia


“Би маш муу хүүхэд”, “Ээжийгээ баярлуулахын тулд би илүү сайжрах ёстой” гэх мэт ээжээсээ санаа зовсон, ичсэн байдалтай бодлууд олон хүмүүсийг бага наснаас нь хойш даган ирсээр олон жил өнгөрдөг. Үүнтэй холбоотойгоор сэтгэл зүйч Тата Феодориди Buro.-д зориулан ичгүүр нь гэмших мэдрэмжээс чухам юугаараа ялгаатай бөгөөд үүнийг хэрхэн даван туулах талаар ярьж өглөө.

Гэмших мэдрэмж нь ичгүүрээс юугаараа ялгаатай вэ?

Юуны өмнө тодорхойлолтоос эхлэх хэрэгтэй. Гэмших мэдрэмж нь ямар нэгэн үйлдлийн үр дүнд үүсдэг. Жишээлбэл, буруу үйлдэл хийсний дараа, алдаа гаргасны дараа эсвэл тодорхой зүйлийг илүү сайн хийж чадах байсныг ухаарсны дараа үүсдэг. Харин ичгүүр нь хувь хүний онцлогтой холбоотой байдаг. Тухайлбал, өөрийгөө муу, азгүй хүн гэж бодох, байнга л ямар нэгэн зүйлээр дутагдаж буй мэт мэдрэмжтэй явах нь ичгүүрийн мэдрэмжийг илтгэдэг. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд ичгүүрийн мэдрэмж нь илүү давамгайлдаг байна.

Яагаад ээжийнхээ өмнө ичгүүр мэдэрдэг вэ?

Хүүхэд бүрийн амьдралд ээжийн гүйцэтгэх гол үүрэг хүүхдээ хүлээн зөвшөөрч, хайрлахад оршдог. Гэхдээ үүнийг хэт хяналт, хамгаалалт эсвэл бүхий л зүйлд зөвшөөрөл олгоно гэсэн бодолтой андуурч болохгүй билээ. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь хүүхэд ямар ч үзэл бодолтой байсан, юу ч хийж байсан түүнийг үргэлж хайрлах болно гэсэн ойлголттой байхыг хэлэх юм. Үүнийг ойлгосноор хүүхэд бусад хүмүүс болон эргэн тойрныхоо ертөнцтэй харьцахдаа аюулгүй, баяр баясгалантай мэдрэмжүүдийг авдаг бөгөөд байнгын сонор сэрэмж, айдасгүй болдог байна.

Харин хэрвээ хүүхэд ээжээсээ хайр халамжийн оронд эсрэг мэдрэмж авбал түүнд ичгүүрийн мэдрэмж үүсдэг. Жишээлбэл, ээж нь хүүхдээ байнга шүүмжилж "Хэрэв чи миний хүссэнээр байх юм бол би чамайг хайрлана, үгүй бол би чамайг хайрлахгүй" гэсэн болзол тавих тохиолдолд хүүхдэд ичгүүр боловсорч эхэлдэг. Мөн хүүхдүүд маш мэдрэмтгий байдаг тул эдгээр хатуу үгсийг заавал хэлүүлэлтгүй бүхнийг мэдэрч ойлгодог.

Ичгүүр хэрхэн илэрдэг вэ?

Ичгүүр нь хүүхэд болон насанд хүрэгчдийн аль алинд нь өөртөө итгэлгүй байдлаар илэрдэг. Жишээ нь гэмшсэн харц, хүн рүү эгцэлж харж чадахгүй, эв хавгүй байдал, юу ч хүртэх эрхгүй мэт мэдрэмж гэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Ихэнхдээ ичгүүртэй нүүр тулж буй хүмүүст “Би үүнийг хүртэх эрхгүй, би үүнийг хэзээ ч авч чадахгүй” гэх бодлууд орж ирдэг.

Үүнээс гадна ичгүүрийн мэдрэмжтэй зэрэгцэн өөрийгөө гутаан доромжлох, амиа егүүтгэх бодол төрөх хандлагатай байдгийн учир нь ичгүүрийн байдал нь сэтгэлийн хямралтай төстэй юм. Алдаа болон буруу үйлдлээс үүссэн гэмших мэдрэмжийг засаж болдог. Жишээ нь алдаа гаргасан бол зан авираа өөрчилж, уучлалт гуйж, алдаагаа засах боломжтой юм. Харин ичгүүрийн хувьд арай адармаатай байдаг. Учир нь өөрийгөө тэр чигт нь өөрчлөх боломжгүй байдаг учраас ичгүүртэй нүүр тулж буй хүмүүс өөр өөртөө уурлаж эхэлдэг.

Хүүхдүүд юу мэдэрдэг вэ?

Ичгүүртэй нүүр тулж буй хүүхдүүд өөрсдийгөө аз жаргалтай байлгахыг зөвшөөрдөггүй. Тэд бусдын сайхан харилцаа, амжилттай ажлыг хүртэх эрхгүй мэтээр боддог. Мөн ичгүүрийн байдалд орсон хүүхдүүд тэдэнд чөлөөтэй үг хэлэх, ямар нэгэн үйлдэл хийх эрх байхгүй гэсэн ойлголттой явдаг. Тэд өөрсдийн хүч чадал, боломждоо эцэс төгсгөлгүй эргэлздэг бөгөөд үүнийг өөрсдийгөө гутаан доромжлох замаар илэрхийлдэг.

Ийм хүүхдүүд өөрсөдтэйгөө харгис хэрцгий харьцдаг атлаа бусад хүмүүст эелдгээр хандах талтай байдаг тул хүн бүр үүнийг ашиглахыг завддаг. Тэд хайр халамжийг хүртэхийн тулд бусдын доор орж бусадтай эрүүл бус харилцаа үүсгэдэг. Яг үнэндээ тэдэнд өөрсдөд нь ийм байх тааламжгүй байдаг бөгөөд бусад хүмүүс ч мөн тэдэнд дургүй байдаг гэдэгт итгэлтэй байдаг. Өөрийгөө үл тоож буй байдал нь бусдын тэдэнд хүндэтгэлтэй бус, үл тоомсорлосон зэрэг зохих бус ёсоор хандахад хүргэдэг хэмээн итгэдэг байна.

Асуудлын үндэс юунд оршиж байна вэ?

Харамсалтай нь одоо нас бие гүйцсэн бидний ихэнх нь бага насандаа сэтгэл зүйн хувьд эрүүл бус эцэг эхийн гар дээр өссөн байдаг. Мөн тэдний бидэнд хэлж, зааж байсан зүйлсийн ихэнх нь тэрхүү сэтгэл зүйн эрүүл бус байдалтай байх үедээ хэлсэн зүйлс байдаг. Тийм учраас эрүүл бус сэтгэцтэй эцэг эхийнхээ хэлж байсан үгсийг дээдлэх, тэр ч байтугай тэдний удирдамжаар амьдрах нь тийм ч зөв шийдэл биш юм.

Эцэг эхчүүд бол бидэнтэй адил алдаж онох эрхтэй энгийн л хүмүүс. Тэд өнгөрсөн үедээ гаргасан алдаагаа хүүхдийнхээ хүмүүжилд тусгадаг. Мөн тэд өөрсдөө юу сурч мэдсэн, түүнийгээ л хүүхдүүддээ заадаг билээ. Өдгөө 50-70 настай болон түүнээс дээш насны олон эцэг эхчүүд ядуу тарчиг амьдарч байсан нь ичгүүрийн мэдрэмж үүсэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг байна.

Тиймээс ичгүүрийн суурь үндэс нь хүмүүжилд оршдог юм. Жишээ нь "Чи ичихгүй байна уу?", "Ичээч!" гэх мэт гомдмоор үгсийг хүүхдүүд багадаа багагүй сонсдог. Эдгээр үгсийг хэрэглэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ ичгүүрийн мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг байна. "Над руу хар! Битгий өөр тийшээ хараад бай, юу хийж болохгүйг тогтоож ав!" гэх мэт дарамт шахалтын дараа хүүхдэд ямар нэгэн зүйлийг туршиж үзэх, эсвэл шинэ зүйл эхлүүлэхэд улам л хэцүү болдог. Хүүхэд "Би өөрийгөө хэн гээд бодсон юм бэ", "Би үүнд яаж найдах вэ", "Би бол арчаагүй амьтан" гэх мэт сөрөг зүйлс бодож эхэлдэг.

Хэрхэн ээжийнхээ өмнө ичгүүр мэдрэхээ больж, амьдралаа шинээр эхлүүлэх вэ?

Үнэн хэрэгтээ ээжийнхээ өмнө ичгүүр мэдрэхээ болихдоо биш харин тэр мэдрэмжийг бүхэл бүтэн амьдралынхаа туршид өөртөө хадгалж явахгүй байх нь илүү чухал юм. Хариулт нь маш энгийн. Зүгээр л ээжийнхээ асуудлыг ээждээ даатгаад өөр дээрээ үүрэхгүй байх юм. Мөн ихэнх эцэг эхчүүд харамсалтай нь аз жаргалгүй хүмүүс байдаг ч бид тэдний аз жаргалгүй байдлыг үргэлжлүүлэх ёсгүй.

Гэсэн хэдий ч ичгүүр бол маш хүнд, хэцүү сэдэв бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйчид ч хүртэл үүнийг хамгийн хортой мэдрэмжүүдийн нэгт тооцдог тул мэргэжлийн туслалцаа авалгүй өөрөө бие даан энэ мэдрэмжээ шинжлэн дүгнэнэ гэдэг ер бусын хүнд даалгавар байх болно. Өөрөөр хэлбэл энэ нь бидний далд ухамсарт гүн суусан, сэтгэлийг маш ихээр өвтгөдөг мэдрэмж тул мэргэжилтний туслалцаагүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх бараг л боломжгүй гэж ойлгож болно. Гэхдээ хэрэв та өөрөө бие даан уг асуудлыг шийдэхийг хүсэж байгаа бол дараах алхмуудыг хийх шаардлагатай юм. 

1. Ичгүүр мэдрүүлдэг зүйлээ хийж эхлээрэй

Та асуудлын шалтгаан, мөн чанарыг эцэс төгсгөлгүй хайж болох ч арга барилаа өөрчлөхгүй л бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Тийм учраас танд ичгүүр мэдрүүлдэг зүйлсээ хийж эхлэхийг мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөж байна. Тусламж хүсэхээсээ ичдэг бол тусламж хүсэж бай. Ядарснаасаа ичдэг бол ядарч буйгаа зоригтой бусдад хэлж бай. Цааш нь үргэлжлүүлбэл үргэлжлүүлээд л байна. Ингэхдээ харин таныг ихээр стресст оруулдаг зүйлээс эхлээд хэрэггүй юм шүү. Энэ нь булчингаа хөгжүүлэхтэй адил юм. Тодруулбал, булчингуудаа зөв хөгжүүлэхийн тулд бид шууд л 20 кг төмөр өргөхгүй харин өргөх жингээ бага багаар ахиулах юм. Тийм ээ, эхэндээ ямар ч нөлөө гарахгүй мэт санагдах болно гэхдээ аажмаар "Би илүү хүнд жин авахад бэлэн байна" гэсэн ойлголттой болно. Ичгүүрийн хувьд мөн л адил арга барил туслах юм.

2. Төгс болох хүслээсээ ангижраарай

Төгс төгөлдөр болох хүслээсээ түргэн ангижрах тусмаа таны сэтгэл зүйд эерэг өөрчлөлтүүд орох юм. Ичгүүрийн гол шалтгаануудын нэг нь тус хүсэл эрмэлзэл байдаг. Та хэзээ ч хүн бүхэнд таалагдана гэж байхгүй гэдгийг санах хэрэгтэй бөгөөд энэ нь ердийн л зүйл юм. Мөн эсрэгээрээ хэрэв хүн бүр таныг биширдэг бол та ямар нэгэн маш буруу зүйл хийж буйг илтгэх юм. "Муу" хүн байж, "үгүй" гэдэг үгийг зоригтой хэлж, өөрийн санал бодол, сэтгэл дундуур буйгаа илэрхийлж сурах маш чухал билээ. Өөрийгөө, хувийн хил хязгаар, хүслээ бусдын хүслээс дээгүүр тавь. Таны хувьд хувиа хичээсэн байдал эсвэл зохисгүй зан авир мэт санагдаж байгаа зүйлс яг үнэндээ бусдын нүдэнд энгийн л нэг үйлдэл мэт санагдаж магадгүй юм.

3. Уур уцаараа илэрхийл

Ээждээ биш, өөртөө биш харин үүссэн нөхцөл байдалд уурлаж сураарай. Өнгөрсөн жилүүдэд та хичнээн их боломжийг алдаж, өөрийгөө хичнээн их зовоож байсныг эргэн санаад үз дээ. Таны бодол санаа "Би аль хэдийнэ хангалттай зовж шаналсан. Одоо болсон байх. Магадгүй би ч бас өөрийнхөө тухай бодох цаг ирсэн юм болов уу? Би олон зүйлийг хүртэх эрхтэй, би ямар нэгэн зүйл хийж чадна, би амжилтад хүрнэ" гэсэн өөртөө итгэлтэй, шийдэмгий бодлуудаар дүүрсэн байх ёстой. Уур уцаарыг ашиглан өөрийн сэтгэл хөдлөлөө чөлөөтэй гаргаад үзээрэй. Мэдээж уур уцаартай байдлаас хэрүүл маргаан үүсэж болзошгүй ч энэ нь бас таны хувьд зүгээр байх юм. Сөрөг энергиэс ангижирснаар таны сэтгэл зүйн байдал тогтворжиж, эцэст нь урьд өмнө нь өөртөө хийхийг зөвшөөрдөггүй байсан зүйлсийг хийх боломж гарч ирнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх