Хайх

Бид яагаад сэтгэл зүйн эрүүл мэндийнхээ төлөө “Үгүй” гэж хэлж сурах ёстой вэ?

Бид яагаад сэтгэл зүйн эрүүл мэндийнхээ төлөө “Үгүй” гэж хэлж сурах ёстой вэ?

Text: Buro.Mongolia


ОХУ-ын сэтгэл засалч Лена Фейгийн зөвлөгөөг хүргэж байна.

“Үгүй ээ. Би чамд тоглоомоо өгмөөргүй байна. Үгүй ээ би ногоо идмээргүй байна” гэх мэтчилэн бага насны хүүхдүүд “үгүй” гэдэг үгийг төвөггүй хэлчихдэг. Харин хүн нас нэмэх тусам тэрхүү чадвараа алдсаар хийхийг хүсэхгүй байгаа зүйлдээ тийм гэж хэлэх нь элбэг болдог байна.


Бид яагаад “Үгүй” гэж хэлж чаддаггүй вэ?

Бид яагаад сэтгэл зүйн эрүүл мэндийнхээ төлөө “Үгүй” гэж хэлж сурах ёстой вэ? (фото 1)

Яагаад ихэнх хүмүүс татгалзаж чаддаггүй вэ? “Үгүй” гэж хэлж чаддаггүй шалтгаан нь эргэн тойрны хүмүүстээ хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хүсэлтэй холбоотой. Харин энэхүү хүсэл нь ихэнх тохиолдолд хүний бага насанд нь үүсдэг байна. Уг чанар суухад эцэг, эхчүүд өөрсдөө ч мэдэлгүй хүүхдүүддээ нөлөөлж байдаг гэнэ. Сэтгэл зүйч Лена Фейгийн онцолсноор дараах зүйлс нь хүүхдэд цаашдаа “үгүй” гэж хэлэхэд нь саад болдог байна. 

- Гэртээ хэт өндөр шаардлага тавьж эцэг, эхийн өгсөн даалгаврыг биелүүлсэн цагт л хүүхдээ шагнаж, биелүүлээгүй тохиолдолд шийтгэж эсвэл урам хугарснаа илэрхийлэх.

- Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ сэтгэл санааны хувьд тогтворгүй харилцах. Жишээ нь, нэг өдөр хатуу, чанга үг хэлж нөгөө өдөр нь зөөлөн хандах нь хүүхдийг шийтгэл авах эрсдэлээс зугтахын тулд хүнд захирагдах хандлагатай болгодог.

- Хүүхдэдээ хангалттай анхаарал тавихгүй байх. Тухайлбал, эцэг, эх маргалдаж стресс, депресстэй байгаа тохиолдолд хүүхэд өөрийн хүслээр биш зөвхөн ээж, аавынхаа аясад тааруулж эхэлдэг.

- Эцэг, эхчүүд өөрийгөө дутуу үнэлдэг, хайрладаггүй сэтгэлээ хүүхдэдээ үүрүүлэн хэт өндөр хариуцлага оноох.


Татгалзаж чаддаггүй хүний сэтгэл зүйд юу тохиолддог вэ?

Бид яагаад сэтгэл зүйн эрүүл мэндийнхээ төлөө “Үгүй” гэж хэлж сурах ёстой вэ? (фото 2)

Өөрийн хүслийг үл тоомсорлох нь сайн зүйлд хүргэхгүй. Харилцааныхаа явцад үргэлж л зөвшөөрөх нь нөгөө хүнээ сэтгэл хангалуун байлгах ч удаан үргэлжилбэл өөртөө ч, нөгөө хүндээ ч нэмэр биш нэрмээс л болно. Үр дүнд нь хамгийн ойр дотны хүндээ түрэмгий, догшин байдлаар хандаж эхэлдэг. Мөн үргэлж “тийм” гэж хэлэх нь хүсээгүй зүйлээ хийж, жинхэнээсэ хүсэж байгаа зүйлдээ цаг гаргах боломжийг хязгаарладаг. Ингэснээр дуртай зүйлдээ зарцуулах цаг дутмаг болж сэтгэлийн түгшүүр бий болох магадлал ихэсдэг билээ.Түүнчлэн өөрт байгаа нөөцөө бусдын төлөө зарцуулахын өөр нэг сөрөг үр дагавар нь стресс нэмэгддэгт оршдог юм. Ганцхан үүнийг хийгээд өгчихөд яах вэ дээ гэсэн бодол нь удаан хугацааны турш үргэлжилснээр стресс архагшиж улмаар өөрийгөө үнэлэх үнэлэмж бууран, депрессэд ороход хүргэдэг байна.


Татгалзах чадвар гэж юу вэ?

Ямар нэг зүйлээс татгалзах нь таны шийдвэр гаргах болон шаардлагатай хил хязгаарыг тодорхойлох чадвартай гэдгийг хүрээлж буй хүмүүст тань харуулж байдаг. Тиймээс төлөвлөгөөнөөс гадуурх арга хэмжээнд “Баярлалаа, үгүй ээ” гэж хэлэх эрх болон сонголт танд үргэлж байдаг гэдгийг санах хэрэгтэй.


“Татгалзсанаар та хийж байгаа зүйлдээ 100% анхаарлаа хандуулах боломжтой болохын сацуу бусад хүмүүс өөрсдийн ашиг сонирхлын төлөө таныг ашиглахаа болино”

Бид яагаад сэтгэл зүйн эрүүл мэндийнхээ төлөө “Үгүй” гэж хэлж сурах ёстой вэ? (фото 3)

Мэдээж “Үгүй” гэдэг хариу сонсох нь эерэг хариулт сонссоноос илүү хүчтэй, сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, татгалзсанаар бид харилцаагаа эрсдэлд оруулж эсвэл маргаан үүсэх нөхцөл байдлыг бий болгох магадлалтай. Тухайлбал, найз тань дугуйгаа зээлүүлэхийг асуухад татгалзвал найз чинь гомдож магадгүй. Иймд хэдий хэцүү санагдсан ч юуны өмнө "үгүй" гэж хэлэх нь та өөрийн хил, хязгаарыг ухамсарлаж, өөрийгөө халамжилж байгаагийн илэрхийлэл гэдгийг санах хэрэгтэй.


Хэрхэн “Үгүй” гэж хэлж сурах вэ?

Бид яагаад сэтгэл зүйн эрүүл мэндийнхээ төлөө “Үгүй” гэж хэлж сурах ёстой вэ? (фото 4)

Татгалзсан хариуг илүү өөртөө итгэлтэйгээр, амар байдлаар хэлэхийн тулд дараах асуултуудад хариулаад нэг үзээрэй.

- Надад гуйлтыг нь биелүүлэх цаг, хүч, мөнгө хангалттай байна уу?

- Яг энэ гуйлтыг би биелүүлэхийг хүсэж байна уу?

- Энэ гуйлт нь цаашдаа миний амьдралд эерэг зүйлийг авчрах уу?

- Хүсэж байгаа зүйл нь миний баримталдаг зарчимд нийцэж байна уу?

- Би зөвхөн татгалзахаас айсандаа тийм гэж хэлээд байна уу?

Хэрэв таны хариултууд «үгүй» гэж хэлэхийг илтгэж байвал татгалзах нь хамгийн зөв сонголт болно. Харин аль болох хөнгөн тусах, эелдэг татгалзсан хариултуудын жишээг хүргэж байна.

- Баярлалаа, гэхдээ энэ нэг л миний юм биш байна.

- Баярлалаа, гэхдээ би хийж чадахгүй нь ээ.

- Гоё санал байна. Гэхдээ яг тэр өдөр би завгүй байж таарах нь. Өөр өдөр боломж гарч магадгүй юм.

- Уучлаарай, надад өөр төлөвлөсөн зүйл байгаа.

- Би энэ даалгаврыг биелүүлэх тохиромжтой хүн нь биш гэж бодож байна.

- Уучлаарай, би тусалж чадахгүй нь ээ. Гэхдээ та миний тусламжгүйгээр чадах юм шиг санагдаж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх