Хайх

Өглөө болгон шар тос залгих нь эрүүл мэндэд тустай юу?

Өглөө болгон шар тос залгих нь эрүүл мэндэд тустай юу?

Өөх тос хүнсэндээ хэрэглэх нь зөв үү эсвэл буруу юу?

Text: Ж.Булган


ШАР ТОС ДОРНО ДАХИНЫ АНАГААХ УХААНД

Урт удаан эрүүл амьдрахуйн ухаанд суралцахад бүсгүйчүүд иог эсвэл бясалгалаар хичээллэх дадлыг сонгодог. Энэхүү дорно дахины арга барилыг бид цааш судалбал зөв хооллолтын тухай судлах сонирхолд хөтлөгддөг. Саримс хэр сайн бэ, мацаг барих хэр үр дүнтэй вэ гэдгийг судалж эхэлснээр бид аюурведийн ухаан, дорно дахины уламжлалт арга барилыг өөрийн хооллох дэглэмдээ нэвтрүүлдэг. Энэ дундаас хамгийн түгээмэл агаад сонирхолтой нэгэн арга бол өглөө өлөн элгэн дээрээ шар тос залгих, бүлээн усанд найруулан уух дадлын талаарх зөвлөгөө юм. Тус аргыг хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сайн хэмээн бичсэн байдаг төдийгүй биеэс хор гадагшлуулах, ходоодны галыг дэмжих, бодисын солилцоог дэмжих гэх мэт ашиг тустай хэмээн үздэг. Гэсэн хэдий ч энэ нь зуун хувь батлагдсан арга барил биш юм. Нөгөөтээгүүр уламжлалт анагаах ухаанд ходоодны эмгэгтэй эсвэл нойр булчирхайн өвчний үед эдгээр аргыг цээрлэдэг.

Өглөө болгон шар тос залгих нь эрүүл мэндэд тустай юу? (фото 1)

ГАДНЫ АЛДАРТНУУДЫН ХЭРЭГЛЭДЭГ АРГА

Шар тос нь хүний биед олон талын сайн нөлөө үзүүлдэг ч хэрэглээндээ хэрхэн нэвтрүүлэх талаар нарийн авч үзэх шаардлагатай. Олон олон жишээ бий, дурдвал жүжигчин Гвинет Пэлтроу хоолондоо шар тосыг хэрэглэдэг бол Клои Кардашиан өглөө бүр нэг цайны халбага шар тос залгидаг ба 20 минутийн дараа хооллодог гэнэ. Ингэснээр өөх тосны солилцоогоо идэвхжүүлж, дараа нь идсэн хоолны шим тэжээл илүү хурдан шатдаг хэмээн өөрийн туршлага дээрээ үндэслэн ярьжээ.


МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН ХУВЬД

Харин монгол бүсгүйчүүдийн хоолны дэглэмийн хувьд хүнсэндээ ногоо түлхүү ашиглах нь аль хэдийнээ дэлгэрсэн эрүүл хооллолтын арга билээ. Сүүлийн үед ажил амьдралын завгүй хэмнэлээсээ шалтгаалан дэлгүүрээс шинэ ногооны салат авч идэх нь бүр ч түгээмэл болоод байгаа. Гэвч Монголын нөхцөлд, хүйтний улиралд олон хоног дараалан шинэ ногооны салат идэх (халуун хоол идэхгүй байх) нь амархан сульдах, дархлаа унах шалтгаануудын нэг байж болдог. Үүнийг дорно дахины анагаах ухаанаар “ходоодны галгүй болох” гэж хэлдэг. Заримдаа гэнэтхэн ил гал дээр шарсан стейк идмээр санагддаг нь угтаа бидний бие тосны хэрэглээгээ нэхэж буй дохио байж болдог. Энэ үед та дээр дурдсанчлан цайны цагаараа нэг халбага шар тосыг залгих эсвэл халуун усанд найруулж уувал бодисын солилцоонд маш том дэм болно. Хэрэв та шар тосыг хэрэглээндээ нэвтрүүлэх гэж байгаа, аль эсвэл ууж хэрэглэхээс төвөгшөөж байгаа бол өндөг шарахдаа шар тосыг ашиглахыг зөвлөж байна. Дашрамд дурдахад, шар тос өндөр температурт тэсвэртэй учир хүний биед хоруу чанар үзүүлдэггүй нь нэгэнт батлагдсан. Шар тосны өндөр температурт задралд орж хортой нэгдэл үүсгэдэггүй сайн чанар нь сүүнээс шар тосыг дулааны аргаар гаргаж авах, мөн боловсруулах үед урвалд орж элдэв хортой бодис үүсгэдэггүй гэдэгтээ холбон тайлбарлаж болно. Цаашилбал хоол шим судлалд өөх тосны хэрэглээг зөв хэрэглэх талаар нарийн тайлбарладаг. Өөх тосны хэрэглээг хоол хүнснээсээ бүрэн хасах нь бас ташаа ойлголт гэдгийг мэргэжилтнүүд мөн сануулдаг.


БУСАД ОРНЫ БАРИМТАЛДАГ БОДЛОГО

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын хоол тэжээлийн талаарх ерөнхий зөвлөмжөөс авч үзвэл, ханасан өөх тос өдрийн нийт илчлэгийн 10%-иас бага байхыг зөвлөдөг. Энэ нь та бага хэмжээгээр шар тосыг сонгон хэрэглэх боломжтойг харуулжээ. 2026 оны нэгдүгээр сард АНУ, US Dietary Guidelines буюу хоол тэжээлийн зөвлөмжөө дахин шинэчлэн баталсныг CNN агентлаг мэдээлжээ. Тус улс түргэн хоолны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хэт таргалалт, түүнээс улбаатай зүрх судасны өвчлөлд өндөр анхаарал хандуулдаг орон хэдий ч оливын тосыг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөснөөс гадна малын гаралтай тосыг ч хэтрүүлэлгүй хэрэглэхийг зөвлөжээ. Эдгээр нь бид хоол хүнснээсээ өөх тосны хэрэглээг бүр мөсөн хасаж болохгүйн нэг тод жишээ болж буй.


ШАР ТОС ГЭДЭГ НЬ...

Шар тосыг албан ёсны хэллэгээр тодорхойлбол ханасан өөх тосны ангилалд багтана. Ханасан өөх тос гэж та олон зүйлээс гарчиглаж цааш уншихад хэт нялуун, хүнд чанарын тос хэмээн төсөөлөгдөж халширч болох юм. Гэвч та айх хэрэггүй. Ургамалд хүртэл тос агуулагдаж байдаг гэдгийг санаж ямар төрлийн тосыг хэрхэн зөв хэрэглэхээ судалж үзээрэй. Тосны хэрэглээ гэдэг бол таны үс, хумс, арьсны эрүүл байдал, ясны ургалт, тархины хөгжил гээд олон зүйлд чухал дэм болдог байгалийн эм билээ. Иймд та өөрийн хүнсэндээ шар тос хэрэглэхээр шийдсэн бол долоо хоногтоо ядаж нэг удаа цайны халбага шар тосыг өөртөө тааламжтай, амар байдлаар сонгож хэрэглэх нь эрүүл мэндэд ашиг тустай гэдгийг эмхэтгэн хүргэж байна. Харин ходоодны замын эмгэгтэй бол өлөн элгэн дээрээ хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Өглөө болгон шар тос залгих нь эрүүл мэндэд тустай юу? (фото 2)
Өглөө болгон шар тос залгих нь эрүүл мэндэд тустай юу? (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх