Хайх

Нуруунд сөргөөр нөлөөлдөг 5 хувцас болон гутал

Нуруунд сөргөөр нөлөөлдөг 5 хувцас болон гутал

Text: Buro.Mongolia


Олон бүсгүйчүүдийн дунд тархсан "Гоо үзэмжтэй харагдах нь заавал золиос шаарддаг" гэх ойлголтоос ангижрах цаг нэгэнт иржээ. Шинэ трендүүдийг даган төрхөө бүрдүүлэхдээ бид өөрсдийн эрүүл мэндийг умартах нь элбэг байдаг тул энэхүү нийтлэлийг анхааралдаа аван, дараагийн удаа хувцаслахдаа илүү чухал зүйлсэд ач холбогдол өгөөрэй.

Их Британийн хиропрактик эмчилгээний холбооны (BCA) хийсэн судалгаанд хамрагдагсдын 73% нь буруу хувцас өмссөнөөс болж нурууны өвчинтэй болсон нь тогтоогдсон байна. Мөн судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 28% нь буруу хувцасны сонголт нуруунд сөргөөр нөлөөлөх талаар ойлголттой бол 33% нь өөрсдөдөө ямар хор хөнөөл учруулж буйг мэддэггүй болох нь илэрчээ.

“Над дээр ирдэг өвчтөнүүдийн дийлэнх нь зарим хувцас болон аксесуар нь тэдний нурууны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, архаг өвчин, нуруу мурийлт болон бусад төрлийн эмгэг үүсгэдэг гэдгийг мэддэггүй. Нөгөөтээгүүр энэ талаар мэддэг хүмүүс нь ч хүртэл эрүүл мэндийг нь хохироож буй эдгээр зүйлсийг өмссөн хэвээр байж, айхтар өвдөлтийг тэвчдэг нь намайг их гайхшруулдаг” хэмээн BCA-ийн эмч Тим Хатчфул хэлсэн байна. Мөн түүний хэлж буйгаар зарим хувцас нь хонго, өвдөг зэрэг биеийн хэсгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, артерийн судсыг чангалж, цусны урсгалыг удаашруулах талтай байдаг гэнэ.

Нурууны өвдөлтийг үүсгэдэг таван хувцас болон гутал:

  • Бариу жийнсэн өмд
  • Нэг мөрөн дээрээ үүрдэг том хэмжээтэй цүнх
  • Том малгайтай пальто
  • Өндөр өсгийт
  • Өсгийгүй гутал. Жишээ нь “mule” гутал

Өргөн ханцуйвч, том малгай болон тэгш бус эсгүүртэй хувцас нь бидний биеийн байрлалд муугаар нөлөөлдөг талаар Хатчфул эмч дурдсан юм. Түүнчлэн хэт том хэмжээтэй болон хүнд ээмэг, зүүлт, бөгж, бугуйвч зэрэг гоёл чимэглэлүүдийг аль болох зүүхгүй байхыг мэргэжилтэн анхааруулж байна. Гэхдээ дээр дурдсан хувцас, аксесуаруудыг огт өмсөж, зүүж болохгүй гэсэн үг биш юм. Хатчфул эмч сөрөг нөлөө бүхий хувцсыг өдөр бүр биш харин зохицуулан өмсөхийг зөвлөж байна.

Сонирхуулахад, сүүлийн хэдэн жилийн хугацаанд эмч нар бариу жийнсэн өмдний хор уршгийн талаар нэг бус удаа мэдээллэсэн. Жишээ нь, 2015 онд 35 настай нэгэн эмэгтэйн хөл, шагай нь хэтэрхий бариу өмд өмссөний улмаас хавдаж, хэсэг хугацаанд алхаж чадахгүй болтлоо хүндэрсэн тохиолдол хүртэл бүртгэгдсэн байна. Түүнд компартмент синдром буюу биеийн зарим хэсэг хавдаж, хавагнадаг оношийг өгч байжээ.


Нуруунд үүсэж буй өвчинг аль нэг тодорхой зүйлээс үүдэлтэй гэдгийг нотлоход хэцүү байдаг. Гэсэн хэдий ч Хатчфул эмч нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслах дараах зөвлөмжүүдийг мөрдөхийг санал болгож байна:

1. Хувцас худалдан авахдаа яг өөрийн тань хэмжээтэй эсвэл бага зэрэг сул байхаар сонгоорой. Харин жингээ хасаад хувцас тань хэт томдсон тохиолдолд шинэ хувцаснууд авсан нь дээр.

Нуруунд сөргөөр нөлөөлдөг 5 хувцас болон гутал (фото 1)

2. Хүзүүнд их ачаалал өгөх том малгайнаас татгалзах хэрэгтэй.

Нуруунд сөргөөр нөлөөлдөг 5 хувцас болон гутал (фото 2)

3. Том хэмжээний цүнх өдөр тутамд тохиромжгүй. Учир нь цүнх том, хүнд байх тусам хүзүү болон нуруунд асар их ачаалал ирдэг. Мөн сугандаа хавчуулах зориулалттай жижиг бариулгүй цүнхтэй явснаар бид нэг мөрөө доошлуулж, хүзүү болон нуруугаа бөгтийлгөх шаардлагатай болдог.

Нуруунд сөргөөр нөлөөлдөг 5 хувцас болон гутал (фото 3)

4. Өндөр өсгийтэй гутлыг мөн өдөр бүр олон цагаар өмсөхгүй байхыг эрмэлзээрэй. Удаан хугацаагаар өндөр өсгийт өмсөх нь нурууны өвчинг хамгийн их сэдрээдэг байна.

Нуруунд сөргөөр нөлөөлдөг 5 хувцас болон гутал (фото 4)

5. Дотуур хувцсаа зөв сонгож өмсөх нь бас чухал билээ. Ачааллыг жигд хуваарилах хөхний даруулга сонгоорой. Дотуур хувцас хэт бариу, хэт том эсвэл хэт доор байх ёсгүй.

Нуруунд сөргөөр нөлөөлдөг 5 хувцас болон гутал (фото 5)

6. Мөн зөв байрлалтай сууж, алхаж байгаа эсэхээ ажиглаж байгаарай. Мөр үргэлж шулуун, тэгш байх ёстой юм шүү.

Нуруунд сөргөөр нөлөөлдөг 5 хувцас болон гутал (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх