Хайх

Судалгаагаар батлагдсан: Дунджаар 1 тэрбум залуу үеийнхэн сонсголоо алдах эрсдэлтэй

Судалгаагаар батлагдсан: Дунджаар 1 тэрбум залуу үеийнхэн сонсголоо алдах эрсдэлтэй

Text: Buro.Mongolia


Энэхүү судалгаанд чихэвчний хэрэглээ болон чанга дуу хөгжим тоглогддог баар, клуб зэрэг энтертейнмент газруудаар үйлчлүүлэх нь сонсголд хэрхэн нөлөөлөлдөг талаар дүн шинжилгээ хийсэн төдийгүй 2000-2021 оны хооронд нийтлэгдэж байсан сонсголын аюулгүй хэвшлийн талаарх эрдэм шинжилгээний ажлуудыг хамруулан судалжээ

Өсвөр үеийнхэн болоод залуучууд бусад үетэй харьцуулахад гар утас, спикер зэрэг аудио төхөөрөмж маш чангаар, мөн удаан хугацаагаар сонсох хандлагатай байгаа нь энэ долоо хоногийн Мягмар гарагт BMJ Global Health сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд бичигджээ. “Бидний тооцооллоор дэлхий нийтийн 12-34 насны 0.67-1.35 тэрбум хүн сонсголд аюултайгаар нөлөөлөх амьдралын хэвшилтэй ба үүнээс шалтгаалан тэдэнд сонсголоо алдах эрсдэл нүүрлээд байна” хэмээн тухайн эрдэм шинжилгээний ажлыг удирдан явуулсан судлаач Лаурен Диллард CNN агентлагт ярьсан байна. Лаурен Диллард бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх, Өмнөд Каролинагийн Анагаахын их сургуулийн доктор, судлаачаар ажилладаг билээ.

Эрдэм шинжилгээний ажлын дагуу хүн хамгийн ихдээ 85 хүртэлх децибелийн чанга дуу авиа сонсох нь аюулгүйд тооцогддог байна. 85 децибелийг чимээ, шуугиан ихтэй ресторан, хүнсний бутлагч төхөөрөмж, үс хатаагч, гал тэрэг, эсвэл ачааны автомашины өнгөрөн явах чимээгээр баримжаалах боломжтой. Түүнчлэн сонсголын системийн үйл ажиллагаанд децибелийн түвшин нөлөөлөхөөс гадна тухайн дуу авиаг хэр удаан сонсож байгаа нь буюу үргэлжлэх хугацаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл дээр дурдсан 85 хүртэлх децибелийн чанга чимээг хамгийн ихдээ долоо хоногийн 40 цагийн турш сонсох заалттай байдгийг анхаарах шаардлагатай юм. Тэгвэл хүн гар утсаараа, эсвэл өөр төхөөрөмж ашиглан сонсдог дуу авиа дунджаар 105 децибелээр хэмжигддэг бол клубт тоглогддог хөгжим 112 децибел хүрдэг байна. Энэ нь хэт чангад тооцогддог бөгөөд чихний бүтэц болон мэдрэхүйн эсийг өндөр ачаалж, удаан үргэлжилбэл чих шуугих, сонсгол алдах зэрэг сөрөг үр дагавартай юм.

Сонсголын системээ гэмтээхгүйн тулд юу хийх ёстой вэ?

Чихэвчний хувьд тохиромжтой төрөл байдаг эсэхийг мэргэжилтнүүд одоогоор тогтоогоогүй байна. Гэхдээ судлаач Лаурен Диллард аль болох гаднын дуу авиа хязгаарладаг чихэвч зүүхийг санал болгожээ. Учир нь энэ төрлийн төхөөрөмж зүүснээр гаднын чимээг давуулан сонсохын тулд дууг хэт их чангалахгүй байх боломжтой юм. Харин чанга чимээтэй клуб орохдоо спикерээс чадах хэмжээгээрээ хол зогсож, боломжтой бол дуу чимээнээс холдон завсарлага авахыг Диллард зөвлөлөө. Түүнчлэн аюултай гэж бодсон үедээ чихний хөөсөн бөглөө гэхчлэн чих хамгаалах хэрэгсэл зүүх нь тусалдаг болохыг онцолжээ. Эцэст нь дуу авиаг аль болох сул, богино хугацаанд сонсож хэвших нь таныг сонсголыг аливаа гэмтлээс хамгаалж чадна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх