Хайх

Дархлаагаа дэмжих энгийн бөгөөд үр дүнтэй аргууд

Дархлаагаа дэмжих энгийн бөгөөд үр дүнтэй аргууд

Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эрүүл амьдралын хэв маяг чухал

Text: Buro.Mongolia


Яг одоо дэлхийн хэд, хэдэн улсад коронавирус тархаж, олон нийт түгшүүрт автаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдэд хандан урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл ахуйг сахихын зэрэгцээ дархлаагаа дэмжих зөвлөмжийг гаргасан. Тэгвэл ханиад томууны дэгдэлт өндөртэй байгаа энэ үед дархлааны системээ хэрхэн дэмжих талаар хэд, хэдэн энгийн бөгөөд үр дүнтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Шим тэжээлээр баялаг, эрүүл хоол идэх

Шим тэжээлийн дутагдалд орсон хүмүүс өвчин, эмгэгт нэрвэгдэх магадлал нь харьцангуй өндөр байдаг. Тиймээс эрүүл дархлааны системтэй байхын тулд бие организмыг чанартай шим тэжээлээр тэтгэх шаардлагатай. Жишээ нь нэрс, сармис, улаан чинжүү (bell peppers), брокколи, амтат төмс, бууцай, бүйлс, мах, үр тариа гэх зэрэг C аминдэм, антиоксидант, амин хүчил болон микро элементээр баялаг эрүүл хоол хүнс идэх хэрэгтэй юм. Мөн бие организмын хэвийн үйл ажиллагаанд тэнцвэртэй, зохистой хэмжээтэй хоол чухал гэдгийг санаарай.

Сайн унтаж амрах

Дутуу нойртой явснаар бие организм бүрэн гүйцэд эрч хүчээ сэлбэж чадалгүй ядарч сульдан цаашлаад өвчинд нэрвэгдэх магадлал нь ихэсдэг. Тэгвэл сайн унтаж амрах үед гадны биетэй тэмцдэг дархлааны эс болох T-эс ялгардаг гэдгийг Германы Тюбингений их сургуулийн эрдэмтэд (University of Tübingen) баталсан байдаг. Мэргэжилтнүүд хамгийн багадаа өдөрт 7-8 цаг унтаж амарч, бие организмынхоо байгалийн хамгаалалтыг сайжруулах нь чухал гэдгийг онцолдог билээ.

Дархлаагаа дэмжих энгийн бөгөөд үр дүнтэй аргууд (фото 1)

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Тогтмол, зохистой хэмжээтэй дасгал хөдөлгөөн нь биеийн ерөнхий эрүүл мэндэд тустай болохыг хүн бүхэн мэдэх биз ээ. Ерөнхийдөө дасгал хийснээр бодисын солилцоо, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч улмаар дархлаа дэмжигддэг. Мөн зохистой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийснээр нян, вирустэй тэмцдэг цагаан эс болон T-эсийн тоо нэмэгддэг болохыг судалгаагаар баталсан байна. Хэрэв та gym-д хичээллэх боломжгүй бол өдөрт дунджаар 30 минут алхаж, дээс, планк зэрэг гэртээ хийж болох дасгалуудыг туршиж болно.

Тайван байх

Хүний оюун санаа болон бие организм хоорондоо нягт холбоотой. Тухайлбал сэтгэл санаа тогтворгүй болж, стресст автахад ходоод хямарч, зүрх судас өвчилдөг нь үүнийг батална. Хэдийгээр эрдэмтэд стресс болон дархлааны тогтолцооны хоорондын холбоог үргэлжлүүлэн судалж байгаа ч стресст орсноор кортизол (стрессийн даавар) ялгарч, энэ нь улмаар нян, вирустэй тэмцэх дархлааны чадварыг сулруулдаг гэж мэдэгджээ. Сонирхуулахад чин сэтгэлээсээ инээж хөхрөлдөх нь стрессийн гормон кортизолыг багасгаж, серотонин, эндорфин, допамин зэрэг "аз жаргалын" гормонуудыг ялгаруулж, сэтгэл санаа болон бие организмыг тайвшруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх