Хайх

Аюрведа, органик дарс болон 2019 оны бусад эрүүл амьдралын трендүүд

Аюрведа, органик дарс болон 2019 оны бусад эрүүл амьдралын трендүүд

Энэ онд эрүүл амьдралын хэв маяг ямар байх вэ?

Text: Бюро 24/7


Зураг:

Бие организм болон булчин нөхөн сэргээдэг ухаалаг төхөөрөмжүүд

2019 онд бие организм болон эрчимт дасгалын дараах булчингийн нөхөн сэргээлтэд зориулагдсан технологийн дэвшилтэт төхөөрөмжүүд анхаарлын төвд байх болно. Тэр дундаа гэрийн нөхцөлд ашигладаг ухаалаг төхөөрөмжүүд ба экспресс ажилбарууд эрэлттэй болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Жишээ нь 2018 онд бариа засалчид TheraGun нэртэй булчингийн нөхөн сэргээлтийг дэмждэг авсаархан төхөөрөмж зохион бүтээсэн юм. Зарчмын хувьд энэхүү төхөөрөмж нь цохилтын тусламжтай иллэгийг орлох зорилготой аж. Энэхүү аппаратыг модель Эшли Грэм болон усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс нар туршаад амжжээ.

Санта Моника хотод зохиогддог Upgrade Labs эрүүл амьдралын хэв маягийн үзэсгэлэнд гүн амраах үйлчилгээ үзүүлдэг криотерапи (хөлдөөх эмчилгээ) болон хэт улаан туяагаар эмчилдэг ор танилцуулсан байна. Upgrade Labs компанийн ерөнхий захирал Мартин Тобиасын хэлснээр энэхүү орчин үеийн нөхөн сэргээх технологи нь "чичиргээ, хэт улаан туяа, жин тавих, халаалт, болон хүйтний нөлөө" гэсэн үндсэн таван зүйлээс бүрддэг гэдгийг онцолсон юм. Мөн өнгөрсөн жил Америкт ReCover нэртэй нөхөн сэргээх анхны студи нээгдсэн байгаа. Уг студид тусгай акустик хөтөлбөрийн тусламжтай гүн амраах үйлчилгээг санал болгодог ба тус хөтөлбөрийг Харвардын их сургуульд боловсруулснаараа онцлог юм.

Хоногийн хэмнэлийг судлах нь

Хоногийн хэмнэл гэдэг нь хүний бие организмын биологийн цагийг хэлж байгаа юм. 2019 онд кортизол (стрессийн даавар) болон хоногийн хэмнэл ба нойрны хэвийн үйл ажиллагааг зохицуулдаг мелатонин гэх хоёр дааврын тухай хүн бүхэн ярих болно. Өнөөдөр мелатонины ялгарлыг багасгаж, тайван нойрсоход саад болдог дэлгэцийн цэнхэр туяаны эсрэг томоохон компаниуд аль хэдийнэ тэмцээд эхэлжээ. Тун удахгүй цэнхэр туяанаас хамгаалдаг дэлгэц болон нүдний шилэнд зориулсан тусгай наалт, хэрэгслүүд төрөл бүрээрээ худалдаанд гарна. Жишээ нь оройн цагаар автоматаар дэлгэцийн цэнхэр туяаны цацрагийг багасгадаг Night Shift нэртэй шинэ үйлдлийг iPhone нэвтрүүлсэн байгаа. Тэгвэл GE гэх брэнд дэлгэцийн туяаг өөрчилдөг ширээний гэрлүүдийг танилцуулсан юм. Ямартаа ч бид энэ жил нойрныхоо чанарт маш их анхаарал хандуулна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Аюрведа, органик дарс болон 2019 оны бусад эрүүл амьдралын трендүүд (фото 1)

Ургамлын гаралтай загасны мах

Сүүлийн үед ургамлын гаралтай махны зах зээл эрчимтэй өсөж байна. 2018 онд л гэхэд энэ төрлийн бүтээгдэхүүний худалдаа 23% нэмэгджээ. Харин нийт сүүн бүтээгдэхүүний зах зээлд ургамлын гаралтай сүүн бүтээгдэхүүний худалдаа дангаараа 13%-ийг эзэлж байна. Тиймээс ургамлаас гаргаж авсан далайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих нь цаг хугацааны л асуудал байсан биз ээ. Жишээ дурдахад Whole Foods Market сүлжээ супермаркет нэг порцондоо 14-15 грамм уураг агуулдаг, шошоор хийсэн туна загас худалдаалагдахаар төлөвлөсөн байна. Энэхүү туна нь дотроо далайн замгийн тосноос гаргаж авсан омега-3 агуулдаг тул жинхэнэ загасанд байдаг бүхий л шим тэжээлийг өөртөө шингээжээ.

Аюрведа эрүүл амьдралын хэв маяг

2018 онд аюрведа буюу эртний Энэтхэгийн эрүүл амьдрах хэв маяг дэлхийн масс зах зээлд чимээгүйхэн нэвтэрч эхэлсэн. Аюрведаг дэлгэрүүлэхэд Холливүүдийн одууд чухал үүргийг гүйцэтгэсэн байдаг. Тэдний ачаар хүмүүс куркума ба шар тосны ашиг тусын талаар ярих болж, гоо сайхны брэндүүд косметик бүтээгдэхүүний орц, найрлагад хүртэл оруулаад авсан юм. Хайлуулсан тос нь аюрведа хоолны үндсэн бүтээгдэхүүний нэг болдог. Цөцгийн тосноос бүх шингэнийг шүүж аван сүүн уусмалыг нь гадагшлуулснаар хүнсэнд хэрэглэдэг аж. "Аюрведа өнөөдөр сэргэн мандаж байгаа гэж хэлж болно. Учир нь орчин үед хүмүүс бие болон оюун ухааны хоорондын холбоог ухаардаг болсон" гэж Eat Feel Fresh нэртэй аюрведа хоолны номын зохиолч Сахара Роуз ярьжээ.

Сүүлийн үед хүмүүс шинжлэх ухааны үндэслэлтэй уламжлалт анагаах ухааныг эрэлхийлэх болсон тул аюрведа амьдралын хэв маяг улам бүр түгээмэл болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Аюрведа, органик дарс болон 2019 оны бусад эрүүл амьдралын трендүүд (фото 2)

Эндоканнабиноидын систем ба микробиом 

Өнгөрсөн жил гоо сайхны салбар микриобиом буюу хүний биеийн бичил биетүүдийг анхааралдаа авч эхэлсэн. Гоо сайхны брэндүүд хүний биеийн ашигтай бактери болон арьсны хамгаалалтыг нөхөн сэргээхэд хамаг хүчээ дайчилж, ийм төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Үүнээс гадна олсны ургамал (каннабис) агуулсан нүүрний тос, уруулын бальзам, шампунь, үнэртэй ус зэрэг төрөл бүрийн косметикийн бүтээгдэхүүнүүд ч эрэлт ихтэй байсан юм. Харин 2018 оны дундуур АНУ-ын Хүнсний аюулгүй байдлын хяналтын газар марихуанаас гаргаж авсан цэвэршүүлсэн каннабидиол (CBD) хэмээх эмийг ашиглахыг зөвшөөрчээ.

Hemp Business Journal-ын мэдэгдсэнээр 2022 он гэхэд АНУ дахь олсны ургамлын бизнес 1,9 тэрбум ам.долларт хүрнэ гэжээ. "Эндоканнабиноидын систем нь дархлаа, өвчин хүлээн авах чадвар, бодисын солилцоо, артерийн даралт, ясны нягтшил, ходоод ба нойрны үйл ажиллагаа, сэтгэл санааны байдал гэх зэрэг олон физиологийн үйл явцад оролцдог. Тиймээс каннабис нь олон төрлийн өвчний үед хэрэглэгддэг" хэмээн Project CBD төслийн захирал Мартин А.Ли хэллээ.

Органик дарс

Органик дарсыг органик эсвэл биодинамик усан үзмийн талбайд гербицид ба пестицидгүй тариалж, боловсруулдаг. Органик дарсанд ямар нэгэн нэмэлт бодис ашигладаггүй бөгөөд дарс өөрөө исэлддэг. Цөөн тохиолдолд дарсыг хадгалах зорилгоор бага зэргийн хүхэр ашиглах нь бий. Химийн бодисгүй дарс нь хүний биед сайнаар нөлөөлөөд зогсохгүй хүрээлэн буй орчинд ч тустай. Хэрэв та ийм төрлийн дарсыг амталж үзэхийг хүсвэл Dry Farm Wines компанийг сонирхоорой. Тэд "Эрүүл мэндэд чиглэсэн цорын ганц байгалийн дарсны клуб" хэмээн өөрсдийгөө тодорхойлдог бөгөөд дэлхийн өнцөг бүрт байрлах гэр бүлийн фермүүдэд үйлдвэрлэгдсэн төрөл бүрийн байгалийн, биодинамик дарснуудыг санал болгодог байгаа.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх