Хайх

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе

Text: Ц. Усанболор


Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2026 оны тавдугаар сарын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.


Хонь

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе (фото 1)

Тавдугаар сарын 1-ний өдөр хилэнцийн ордод сар битүүрэх тул хонины ордныхон аливаа зүйлийг ойлгох, явуулах, ямар өөрчлөлтийг хийх талаар эргэцүүлэн бодоход таатай үе тохиож байна. Мөн энэ үед өмнө анзаараагүй асуудлуудыг олж харж, зөв шийдлүүдийг гаргахад тус болно. Ингэснээр та сэтгэл санааны хувьд таагүй, тухгүй мэдрэмж авах хэдий ч аливаа зүйлийг үнэн мөнөөр нь харж, хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Нөгөөтээгүүр Дэлхийн Ван гараг хүнд огтлолцол, холбооснуудыг үүсгэж байгаа тул танд тухгүй, таагүй мэдрэмж хэсэг хугацаанд үүсгэх боломжтой. Зөн совин тань зөв мэдрэмжийг танд өгөх болно. Нар үхрийн ордод байршиж, Буд гараг үхрийн орд руу шилжилт хөдөлгөөн хийж байгаа нь таны асуудалд хандах хандлагыг илүү тайван, эргэцүүлсэн, бодитой болгох болно. Сугар гараг ихрийн ордод байршсанаар хонины ордныхныг илүү сониуч болгож, санхүүгийн байр байдал дээрээ зөв шийдлүүдийг гаргахад тусална.


Үхэр

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе (фото 2)

Үхрийн ордныхны хувьд ирж буй сарны битүүрэл таны харилцаа холбоонд өөрчлөлтүүдийг татах болно. Ингэснээр та бусад хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг таньж, гэр бүлийн үл ойлгогдом асуудлуудыг эргэн харж, зөв гаргалгааг олж харах болно. Харин ганц бие үхрийн ордныхон зөв хүнтэй харилцаж байна уу эсвэл буруу хүнтэйгээ нөхөрлөж байна уу гэдгийг ухаарах болно. Ингэснээр таны амьдралд эерэг өөрчлөлтүүдийг татна. Түүнчлэн нар мөн үхрийн ордод байрших тул танд илүү их эрч хүчийг мэдрүүлж, аливаа зүйлүүдийг амжуулах боломжоор хангана. Мөн Сугар гараг ихрийн ордод сарын ихэнх өдөр байрших тул энэ нь таныг өөрөө өөрийгөө үнэлэх, санхүүгийн тал дээр илүү үр өгөөжтэй байх нөлөө үзүүлнэ. Хэдий үхрийн ордныхон өөртөө итгэлтэй, тайван мэт боловч бизнесийн тал дээр ухаалаг шийдвэрүүдийг гаргаж чаддаг давуу талтай. Тиймээс яг эдгээр шилжилт хөдөлгөөнүүд танд санхүүгийн зөв гарц, гаргалгаануудыг олж харах боломжоор хангана.


Ихэр

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе (фото 3)

Ирж буй сарын эхэнд сар хилэнцийн ордод битүүрэх энэ үед ихрийн ордныхны хувьд ачааллаа зөв тохируулах шаардлагатай үе тохиож байна. Мөн ихрийн ордыг удирддаг Буд гараг таны ордод ихэнх хугацаанд байрших ба та аливаа зүйл дээр яаран шийдвэр гаргалгүй, анхаарал болгоомжтой хандах, илүү өөрийнхөө гоо сайхан, эрүүл мэнд, алжаал ядаргаагаа тайлахад анхаарал хандуулах нь зохистой. Нөгөөтээгүүр энэ үед ажлаа солих, амьдралын хэв маягаа өөрчлөх, яаж өөрийгөө илүү сайжруулах уу зэрэг асуултуудын хариултуудыг олж харах таатай боломжоор хангагдана. Мөн энэ үеэр эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарах ба дотоод эрхтнээ илүүтэй анхаарах нь зохистой. Энэ сар Сугар гараг таны ордод ихэнх цаг хугацааг өнгөрөөх бөгөөд өөрийн амьдралын тэнцвэрийг зөв зохицуулах боломжоор хангаж байна. Тиймээс хэн нэгэнтэй ам мурийхаас зайлсхийж, аливаа ажилд хянамгай хандах, өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлж, бусдын үзэл бодлыг хүндлэхийг зөвлөж байна.


Мэлхий

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе (фото 4)

Мэлхийн ордыг сар удирддаг бөгөөд маш мэдрэг хэдий ч хүчирхэг хүмүүс байдаг. Тэгвэл тавдугаар сарын 1-ний өдөр хилэнцийн ордод бүтэн нэг сарын хугацаанд сар битүүрснээр та илүү өөртөө итгэлтэй, зоригтой болж, бүтээлч өөрчлөлтийг мэдрэх болно. Харин үр хүүхэдтэй мэлхийн ордныхны хувьд хүүхдийн тань амьдралд эерэг өөрчлөлтүүд гарах болно. Харин хүүхэдтэй болж чадахгүй мэлхийн ордныхонд энэ үе маш таатай нөлөө үзүүлэх болно. Нөгөөтээгүүр таны карьер идэвхтэй байх бөгөөд нэн хариуцлагатай байх шаардлагатай. Нийгэмшил, нөхөрлөл, хүрээлэл, найз нөхдийн харилцаа энэ сарын турш тун таатай байх төлөвтэй. Мөн өмнө хийж байсан зүйлүүдийнхээ үр шимийг энэ үед хүртэх болно.


Арслан

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе (фото 5)

Тавдугаар сарын 1-ний өдөр сар 11%-ийн налуутайгаар хилэнцийн ордод битүүрнэ. Энэхүү битүүрэл нь арслангуудад гэр бүлийн асуудлаа зохицуулж, өөрийн дотоод мэдрэмжтэйгээ илүүтэй ажиллах боломжоор хангаж байна. Гал бие махбодтой ордууд гадагшаагаа энергиэ засаж явдаг ордууд байдаг. Тэгвэл яг энэ үед бусдыг гэхээс илүүтэй өөрийн дотоод би-тэйгээ ажиллаж, хэнийг өөртэйгөө ойр байлгах уу, хэнээс өөрийгөө холдуулах вэ гэдгийг мэдрэх үе юм. Мөн өөртэйгөө ажиллахаас гадна гэр бүлийн хүнтэйгээ ямарваа нэгэн харилцааны асуудалтай байгаа бол энэ үед эцэслэн шийдэх шаардлага тулгарна. Мөн энэ үед нар таны ордод байрших ба энэ нь өөртөө, гэр бүлдээ, ажил карьертаа цаг зав зарцуулсан, тун завгүй үе тохиохыг илтгэх юм. Тиймээс цагийн менежментээ зөв хийж чадвал бүх зүйл амжилттай болно.


Охин

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе (фото 6)

Охины ордныхны хувьд тавдугаар сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэлх сар битүүрэл болон Буд гараг үхрийн ордод байршиж байгаа нь эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Таны бодож буй зүйлүүд сэтгэлчлэн биелж, аливаа асуудалд урам зоригтойгоор хандаж, сэтгэл санааны хувьд сэргэн босох үе таны амьдралд тохиож байна. Мөн аливаа зүйлийг ухан ойлгож байгаа тань зөв зүйтэй алхам тул таны махбод, сэтгэл санаанд урам зориг, эрч хүч эргэн ирнэ. Нөгөөтээгүүр Сугар гараг таны ажил, карьер дээр аялж буй тул хүмүүстэй харилцах харилцаа таатай болж, хийж бүтээсэн зүйлийнхээ үр шимийг хүртэх болно. Мөн санхүүгийн тал дээр орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлсэн сар тохиож байна.


Жинлүүр

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе (фото 7)

Тавдугаар сарын 1-ний өдөр сар хилэнцийн ордод битүүрэх бөгөөд энэ нь таны санхүүгийн байдалтай шууд холбогдож санхүүгийн хувьд хамгийн чухал өөрчлөлтүүдийг татсан сар байх болно. Мөн энэ үед нар ихэнх хугацаанд үхрийн ордод байршиж байгаа нь таны сэтгэлзүйд үүсгэж байгаа аливаа дарамт, стресс зэрэг дотоод мэдрэмжийн асуудлуудыг нэмэгдүүлж буй хэдий ч тэдгээрийг даван туулж, гарахад нөлөөлсөн үе байх болно. Нөгөөтээгүүр таны харилцаа холбоо дээр Ангараг гараг байршиж байгаа бөгөөд гэр бүл, санхүүгийн асуудлууд руу илүүтэй өнгийхийг зөвлөж байна. Мөн харилцаа холбоо дээр үүсээд байсан асуудлууд холдож эхэлнэ. Энэ сар та өөрийн үнэ цэнийг олж харж, гэр бүл, харилцаа холбоо дээр үүссэн асуудлуудыг анзаарч, шийдлүүдийг олж нээх болно.


Хилэнц

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе (фото 8)

Хилэнцийн ордныхны хувьд тавдугаар сарын 1-ний өдөр сар таны ордод 11%-ийн налуутайгаар байршина. Ингэснээр өөрийн ажил, амьдралаас юуг явуулах уу, юуг шинээр эхлүүлэх үү гэдгээ ойлгосон үе байх болно. Мөн аливаа шинэ зүйлийг эхлүүлэхийн өмнө өмнөх зүйлээ дуусгах шаардлагатай тийм үе рүү орж байна. Тэгэхээр үр дүнгээ өгөхөө больсон зүйлээ тавьж явуулах хэрэгтэй. Энэ сар хүнд холбоосыг Дэлхийн Ван гарагтай хийж буй тул таны мэдрэмж болон дотоод хүн хоёрын хооронд тавгүй байдлууд үүсэх магадлалтай. Мөн энэ үед мэдрэг болж, амархан гомдож, туньж эхэлнэ. Тиймээс маш болгоомжтой байх хэрэгтэй. Түүнчлэн гэр бүлийн хүмүүстэйгээ, эцэг эхтэйгээ харилцах харилцаан дээрээ анхаарал хандуулаарай. Харин нар үхрийн ордод байрших үед хилэнцийн ордныхон асуудлаасаа гарч, шинэ гэрээ хэлэлцээр хийх, бусдаас дэмжлэг туслалцаа авах эерэг өөрчлөлтүүд гарах болно.


Нум

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе (фото 9)

Тавдугаар сарын 1-ний өдөр сар хилэнцийн ордод битүүрч байгаа нь нумын ордныхны хувьд хамгийн олж хардаггүй, асуудалтай байршилд мандаж байна. Ингэснээр таны зөн совин эрчимжиж, зүүд нойроороо дамжуулан олон зүйлүүдийг мэдрэх боломжтой. Мөн энэхүү сар битүүрэл нь таныг яагаад гэсэн асуултуудыг өөрөөсөө асуусан, асуудлуудаа олж харахад нөлөөлсөн битүүрэл болж байна. Хүн өөрийн далд ухамсраар аливаа зүйлийн 90%-ийг үйлддэг бол, зөвхөн 5-6% нь яг бодож сэтгэж байгаагаа хийдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс яг энэ үед та өөрийн яагаад ингэж аливаа зүйлд хандаад буй, үйлдээд буйгаа ухаарсан үе тохиож байна. Түүнчлэн өөрийн эрүүл мэнд, сэтгэл зүй, бие физиологио анхаарахыг зөвлөж байна. Мөн таныг удирддаг Бархасбадь гараг үргэлжлүүлэн мэлхийн ордод аялж буй нь өөрийгөө сэрээсэн, дотоод өөрчлөлтийг авчирсан сар болох төлөвтэй.


Матар

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе (фото 10)

Тавдугаар сарын 1-ний өдөр сар хилэнцийн ордод сар битүүрэх бөгөөд энэхүү битүүрэл нь матрын ордныхны санхүүгийн байдалд нөлөө үзүүлнэ. Зорилгынхоо араас явах ёстой гэдгийг ухамсарласан, санхүүгийн дэг жаягтай байж, хөрөнгө оруулалт хийх зэргийг ойлгосон үе юм. Мөн энэ үед өөрийн хүрээлж буй хүмүүсийг шинээр олж харж, хэн нь хэн бэ гэдгийг таних, хэрэггүй харилцааг таньж явуулах үе тохионо. Түүнчлэн санхүүгийн асуудал, эрүүл мэнддээ илүүтэй анхаарал хандуулахыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд тооцоололтой байж, зарим хэрэггүй зардлаа танаж, илүү нухацтай хандах нь зөв. Харин шинэ сар гарах үед танд эргээд шинэ зорилгууд бий болж, эерэг өөрчлөлтүүдийг татах болно.


Хумх

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе (фото 11)

Хумхын ордныхны хувьд 2026 оны тавдугаар сарын 1-ний өдрийн сарны битүүрэл өөрийн тань ажил, карьер, хийж буй зүйл, нийгэмд хийж бүтээсэн аливаа зүйлүүд дээр чинь томоохон өөрчлөлт гарна. Таны хувьд хийж буй зүйлээ өөрчлөх ёстой, солих ёстой гэсэн мэдрэмжүүд давамгайлж байгаа бөгөөд аливаа өөрчлөлт хийхийн тулд танд илүү их зориг, хүч шаардлагатай. Тиймээс аливаа нэг зүйлээ дуусгаад дараагийн зүйлээ хийж эхлэхийг зөвлөж байна. Нөгөөтээгүүр гэр бүлийн амьдрал болон ажил карьерыг энэ тэнцүү авч явах шаардлага гарна. Тиймээс аливаа тэнцвэрийг хадгалахын тулд танаас их эрч хүч, энерги шаардана. Мөн таны сэтгэлзүйн эрүүл мэнд болон бэртэл гэмтэл авахаас зайлсхийж, анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Түүнчлэн өөрийн айдсыг даван туулах алхмуудыг олгох болно.


Загас

Тавдугаар сарын зурхай: Нуугдмал байсан бүх зүйлс ил болж, шинэ эхлэл тавихад таатай үе (фото 12)

Тавдугаар сарын эхний өдөр хилэнцийн ордод сар битүүрэх бөгөөд загасны ордныхонд томоохон өөрчлөлтүүдийг авч ирнэ. Энэ үед таны итгэл үнэмшил, цаашдын амьдралд хандах хандлага, далд ухамсартайгаа илүү холбоо тогтоосон үе байх болно. Мөн гэр бүлийн амьдрал, орон байраа солих, илүү тав тухыг бүрдүүлэхэд болон хөрөнгө оруулалт хийхэд таатай үе тохионо. Түүнчлэн таны ажил, бизнесээ өргөжүүлэх боломжоор энэ сар хангаж байна. Мөн энэ сар та цаашид юу хийх, хаана амьдрах, хэнтэй амьдрах зэргийг шийдсэн гэнэтийн өөрчлөлтөөр дүүрэн байх болно. Мөн дотоод өөрчлөлт хийх, сэргэлт авах, шинэчлэлт хийхэд тун тохиромжтой үе тохиож байна.


Тавдугаар сарын 1 - Сар хилэнцийн ордод битүүрнэ.

Тавдугаар сарын 1 - Нар үхрийн ордод байршина.

цааш үзэх