Хайх

Х.Эрдэмбилэг: Архитектур, интерьер, тавилгын дизайн бол өнгөрсөн, одоо, ирээдүйг бүхэлд нь хамарсан өргөн ойлголт

Х.Эрдэмбилэг: Архитектур, интерьер, тавилгын дизайн бол өнгөрсөн, одоо, ирээдүйг бүхэлд нь хамарсан өргөн ойлголт

Text: Г.Тэмүүлэн


Render-тэй хамтран ажилласан үйлчилгээний байгууллагууд ба оффисуудын хаалгаар ормогц л ямар компани интерьер дизайныг бүтээсэн нь шууд мэдрэгддэг. Өнгө ба материалын зохицол, орон зайн ашигтай шийдэл, сонирхолтой дизайн гээд тэдний хийж, гүйцэтгэсэн төсөл бүрт өөрсдийнх нь онцлог шинж чанар нэвт шингэсэн байдаг. Бюро интерьер дизайны салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлолцож буй бүтээлч компаниудын нэг болсон Render LLC-ийн үүсгэн байгуулагч Х.Эрдэмбилэгийг 2019 оны ярилцлагын булангийнхаа анхны зочноор урилаа.

Бид ярилцлагынхаа үеэр түүний ажлын арга барил, туршлага, ирээдүйн төлөвлөгөөнийх нь талаар ярилцахын зэрэгцээ ажлын гараагаа эхэлсэн түүх, урам зориг өгдөг зүйлсийнх нь талаар асууж, тодрууллаа. Мөн тэрээр өөрийн туршлага дээр тулгуурлан залуу мэргэжилтнүүдэд үнэтэй зөвлөгөө өгч, интерьер дизайнаа шинэчлэхийг хүссэн хүмүүст яг юунаас эхлэх хэрэгтэйг хэлж өгсөн юм.

Яриагаа таны карьерын сонголтоос эхэлцгээе. Анх яагаад барилга угсралт, интерьерийн салбарт ажиллахаар шийдсэн бэ?

Би мужааны мэргэжилтэй. Анх захиалгаар айл гэрийн тавилга хийж эхэлсэн. Гэртээ тавилга хийлгэсэн нэгэн харилцагч маань шинээр нээж байгаа дэлгүүрийнхээ тохижилтыг хийж өгөөч гэсний дагуу анхны интерьерийн ажлаа хийж байлаа. Тухайн үед би ТИС-ийн барилгын инженерийн сургуулийн оюутан байсан юм. Хожим нь сургуулиа төгсөөд Render компаниа үүсгэн байгуулж байлаа. Интерьер болон тавилгын ажлуудыг нь хийж гүйцэтгэсэн захиалагч маань барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх хүсэлт тавьснаар албан байгууллагын ажиллагсдын зуслангийн байшингууд барьж барилга угсралтын салбарт хөл тавьсан. Үнэндээ би өөрөө шийдээд байсан юмгүй. Харилцагчид маань энэ зам руу хөтөлсөн хэрэг.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Таны өдрийг юугаар төсөөлшгүй вэ? 

Цаг хугацаатай уралдаж л өнгөрдөг. Өндөр хурдтай ажиллах нь бидний онцлог. Гэхдээ бид бүгд тайван суугаад өдрийн хоолоо иддэг. Гүйцэтгэж буй төслүүд маань үргэлж цоо шинэ, давтагдашгүй байдаг тул бид ялангуяа хийц, технологийн хувьд олон асуудлуудыг шийдвэрлэх, туршиж үзэх, судлах, суралцах шаардлага тулгардаг. Энэ миний ажлын хамгийн сонирхолтой тал нь бөгөөд үүнгүйгээр биднийг төсөөлөх аргагүй.

Хэрэв Render-ийн төслүүдийг маш сайн мэддэг хүнээс та бүхнийг тодорхойл гэвэл юу гэж хэлэх бол?

Биднийг үргэлж шинэ зүйлсийг суралцаж, нэвтрүүлж байдгийг онцлох болов уу.

Та шинэ төсөл дээр ажиллах, цоо шинэ интерьер бүтээх санаагаа хаанаас олж авдаг вэ?

Би өөрөө дизайнер биш л дээ. Тиймээс дизайнеруудынхаа ажилд саад болохгүйг хичээдэг. Хийж гүйцэтгэхэд ямар асуудлууд тулгарах вэ гэдэг талаас нь бодлоо хуваалцдаг. Мөн дизайнеруудаа гадаад улсууд руу үзэсгэлэн яармаг болон туршлага судлуулахаар жил бүр илгээдэг. Тэд салбарынхаа шинэ соргог зүйлсийг бидэнд тээж ирцгээдэг.

Тэгвэл ажилтнууддаа хэрхэн урам зориг өгдөг талаараа хуваалцахгүй юу.

Манай байгууллагад хүн өөрийгөө бүрэн сорих болон суралцаж, хөгжих боломж өндөр байдаг. Хүмүүс маань үүнд урамтай байдаг байх гэж бодож байна. Түүнээс би дотроо сайшаасан ч гаднаа магтаж урамшуулж чаддаггүй юм. Монгол зан юм уу, эсвэл миний онцлог ч байж магад.

Саяхан Render ХБНГУ-ын Ackermann-тай түншилж байгаа талаар Бавар мужийн томоохон сонинд нийтлэгдсэн байсан. Энэхүү төслийнхөө талаар бидэнд дэлгэрэнгүй танилцуулж болох уу?

Мюнхен хотод хоёр жил тутам барилгын материал технологийн дэлхийн томоохон үзэсгэлэнгийн нэг болох "Bau" зохиогддог. 2017 онд тус үзэсгэлэн дээр Ackermann компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Манфред Вейдтэй танилцах завшаан тохиосон юм. Бидний хийж гүйцэтгэж сурах юмсан гэж эрмэлзэж судалж туршиж байдаг зүйлсийг төгс хийж гүйцэтгэсэн байдал нь сонирхол татсан. Хэдий тухайн компанийн технологийн нарийн нууц зүйлс байсан ч бидний сонирхсон асуултад бүрэн дүүрэн хариулт өгсөнд талархаад Монгол ноолууран ороолт болон архи бэлэглэснээр бидний хамтын ажиллагаа болон нөхөрлөл эхэлж байсан түүхтэй. Хамтын ажиллагаагаа тэд харилцан туршлага солилцох гэж нэрлэж байгаа ч үнэндээ бид тэднээс сүүлийн 25 жилд хуримтлуулсан "ноу-хау"-г суралцаж байгаа. Энэ жил биднээс есөн хүн Ackermann компанийн үйлдвэрт 45 хоногийн сургалт дадлагад хамрагдсан бол нөгөө талаас тухайн компанийн гүйцэтгэх захирал Фрэнк Аккерман болон үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Манфред Вейд нар манай компанид зочилсон. Харин ирэх онд бид 30 гаран хүнийг ХБНГУ руу илгээх болно. Тус компаниас гурван хүн 2019 онд манай компанид ирж ажиллах юм.

Х.Эрдэмбилэг: Архитектур, интерьер, тавилгын дизайн бол өнгөрсөн, одоо, ирээдүйг бүхэлд нь хамарсан өргөн ойлголт (фото 1)

Сүүлд Чингис хаан зочид буудлын танхимыг шинэчилсэн байсан нь надад их таалагдсан. Яг л Яёи Кусамагийн "Толин өрөөг" санагдуулсан шүү. Яг одоо ямар төслүүд дээр ажиллаж байна вэ?

Khaan Ballroom-ын хувьд дизайныг нь захиалагч маань өөрөө гаргаж бид түүний дагуу гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар Emart дэлгүүрийн гурав дах салбар, Хаан банкны Экспресс банкнууд болон салбарууд, Голомт банкны салбаруудын интерьер, ХХБ-ын салбаруудын тавилга гэх мэт ажлуудыг гүйцэтгэж байна.

Төслийн үйл явц эхнээсээ дуустал хэрхэн өнгөрдөг нь сонирхолтой санагдаж байна.

Кино шиг л ажил амьдрал буцална. Үргэлж сайнаар төгсдөг гэхдээ.

Таны хувьд ажлын талбар дээр ямар нэг хориглодог зүйлс бий юу? Жишээ нь огт ашиглаж болохгүй өнгө эсвэл материал гэдэг ч юм уу.

Эмх цэгцгүй байдалд дургүй. Ижил төстэй дизайн өөр хэрэглэгчид дээр давтагдахыг хориглодог.

Орон сууц эсвэл оффисоо шинэчлэхээр төлөвлөж байгаа ч яг юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст интерьер дизайны ямар зөвлөгөө өгөх вэ?

Мэргэжлийн дизайнерт ханд гэж зөвлөнө. Хамгийн үнэ цэнэтэй санаануудыг харамгүй худалдаж ав. Тэгснээрээ цаг ба хөрөнгө хэмнэж, сайн үр дүнд хүрч чадна.

2019 онд интерьер дизайн ба архитектурт ямар өнгө, материал, эд зүйлс давамгайлах бол? Та өөрийн таамгаа дэвшүүлэхгүй юу.

Би таамаглах хэмжээний мэргэжилтэн биш л дээ. Эдгээр трендийг материал үйлдвэрлэгч компаниуд судалж үзээд, дараагийн хэдэн жилд зонхилох өнгө, гадаргууг шинэчлэн үйлдвэрлэдэг. Ер нь архитектур, интерьер, тавилгын дизайн бол өнгөрсөн, одоо, ирээдүйг бүхэлд нь хамарсан өргөн ойлголт. Хуучирч хоцрогдоно гэж байдаггүй. Тиймээс аливаа зүйл илт давамгайлах боломжгүй юм болов уу гэж хардаг. Классик дизайн, модерн болон футуристик дизайнтай эн тэнцүүхэн оршиж байгаа нь үүний нэг жишээ. Тухайн зориулалт, шаардлагадаа юу сайн зохицож байна, тэрийг л дизайнерууд сонгодог. Бас ямар шинэ төрлийн технологийн ололтууд гарч байна, түүнийг нь ашиглахыг хичээдэг.

Танд архитектурын ямар стиль таалагддаг вэ? Таны хувьд онцгой мэдрэмж , урам зориг өгдөг хот гэж бий юу?

Надад оновчтой л байвал бүхий л дизайн таалагддаг. Гүйцэтгэгч тал учраас бидэнд стиль, имиж хөөцөлдөх боломж хомс. Захиалагчийн шаардлага, хүсэлтийг л үндэслэдэг. Одоогоор надад Барселон хот хамгийн ихээр таалагдсан. Антони Гаудигийн гайхамшигт бүтээлүүдийг биширсэн.

Х.Эрдэмбилэг: Архитектур, интерьер, тавилгын дизайн бол өнгөрсөн, одоо, ирээдүйг бүхэлд нь хамарсан өргөн ойлголт (фото 2)

Өөрийн гэсэн байр сууриа олох гэж хичээж байгаа залуу дизайнерууд, барилгын салбарын мэргэжилтнүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ? Орчин үед амжилтаа хадгалж үлдэхийн тулд ямар чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай бол?

Зөвлөх гэхээс илүүтэй туршлагаасаа хуваалцъя. Илүү бодитой байх. Манай компанийн шилдэг хүмүүс яаж бий болов гэдгээс эхэлье. Ямар ч боловсрол эзэмшсэн хүн ирсэн бид эхлээд тавилгын үйлдвэрт дараа нь барилгын талбайд дадлагажигчаар ажиллуулдаг. Өөрийн гараар, биеэр хийж гүйцэтгэсэн зүйл бодит мэдлэг туршлага болдог. Онол болон бодит байдал хоёрыг харьцуулж харснаараа олон зүйлсийн учрыг илүү сайн ойлгодог. Хар бор ажил гэж голсноороо маш их боломжоо алддаг. Асуудал болгонд шийдэл заавал байдаг. Бид шийдэл хайдаг, шалтаг хайдаггүй. Суралцах гэдэг бол сурсан зүйлээ ашиглахыг хэлдэг гэж би боддог. Үргэлжид суралцаж байхгүй бол нэг сурсан зүйлээрээ байнга давуу байдлыг бий болгож чадахгүй. 

Бид маш их аялдаг. Улс үндэстнүүдийн ахуй амьдрал, соёл заншил, барилга архитектур, дизайн, технологи гээд хязгааргүй сонирхолтой ертөнц, үүнтэй биечлэн танилцаж үзэж туулах нь чухал. Интернетээр хорвоог төсөөлснөөс хавьгүй өөр.

Мөн хариуцлага хамгийн чухал нь. Үүнийг биелүүлэхийн тулд бүхий л нөөцөө шавхаж дайчлах хэрэгтэй. Тэгж байж бусдын итгэлийг хүлээх болно. Өөр мэдээж олон зүйл бий. Гэхдээ хүмүүс бүгд л мэдэж байдаг шүү дээ, нөгөө өвөл болохоор хүйтэн болдог гэдэг шиг. Нэгэнт амжилт олж чадсан бол түүнийгээ хадгалах гэж зовох юу байхав дээ. Биеэ л битгий тоо.

Харин ирээдүйн төлөвлөгөөний хувьд...

Олон улсад үйл ажиллагаагаа өргөтгөхөөр судалгаа хийж байна.

Таны ажиллаж байсан төслүүдээс танд хамгийн их сэтгэл ханамж өгч байсан төсөл гэвэл?

Бүхий л төслүүд ард нь гарсны дараа сэтгэл ханамжийг бий болгодог. Гэхдээ бас ингэсэн бол дээр байж дээ гэсэн бодлыг ч төрүүлдэг. Төгс зүйлийг хийж хараахан үзээгүй л байна.

Та ямар архитектур дизайны сэтгүүл, вебсайт унших дуртай вэ?

Архитектур дизайны номууд цуглуулах дуртай. Багахан хэмжээний номын сан ажил дээр маань бий. Залуус маань уншиж судалдаг. Би өөрөө ихэвчлэн хийц, зохион бүтээлтийн талаарх мэргэжлийн номууд уншдаг.

Та хэнд дизайн гаргаж, хамтарч ажиллаж үзэхийг мөрөөддөг вэ? Яагаад?

Хэн нэгэнд дизайн гаргаж өгнө гэж мөрөөддөггүй ээ. Харин бидэнтэй гэрээ байгуулсан захиалагчдаа аль болох сайн үйлчилгээ үзүүлэх юмсан л гэж хичээдэг.

Ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд амжилт хүсье.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх