Хайх

2026 он шинэ 2016 он уу?

2026 он шинэ 2016 он уу?

Яагаад бид ирээдүйгээс илүүтэй өнгөрсөн үеийн мэдрэмжийг санагалзаж эхлэв?

Text: Э.Цовоо


Сүүлийн үед нийгмийн сүлжээнд “2026 он бол шинэ 2016” гэх өгүүлбэр давтамжтай сонсогдох боллоо. Энэ нь зүгээр нэг хошигнол ч биш, загварын түр зуурын тренд ч биш. Харин бидний амьдарч буй цаг үеийн ядаргаа, хэт хурдан өрнөж буй амьдралаас төрсөн соёлын дохио юм.

2026 он шинэ 2016 он уу? (фото 1)

Учир нь 2016 он олон хүний ой санамжид илүү хөнгөн, гэнэн, тайван үе болон үлджээ. Тухайн үед хүмүүс хэт төгс харагдах, алгоритмд таалагдах гэж чармайх нь бага, бусдын үнэлгээнээс илүүтэй өөртөө үнэн байхыг эрэлхийлдэг байв. Үүнтэй холбоотойгоор 2026 он гарснаас хойш дэлхийн хэвлэлүүд, соёлын платформууд дээр 2016 оныг эргэн санагалзсан, тухайн үеийн интернетийн соёл, амьдралын хэмнэлийг дахин авч үзсэн томоохон нийтлэлүүд дараалан нийтлэгдэж эхэлсэн нь анхаарал татаж байна. Үүнийг дагаад Хейли Бибер, Кайли Женнер тэргүүтэй олон алдартнууд 2016 онд авхуулсан, VSCO, Retrica аппликейшны эффект ашигласан илүү энгийн, шүүлтүүр багатай зургуудаа дахин нийтэлж, тухайн үеийн мэдрэмжийг олон нийтэд сануулж эхэллээ.

Ингээд харахад сүүлийн жилүүдэд бид үнэндээ амсхийх завгүй хэмнэлд амьдарч иржээ. Ажил, харилцаа, гадаад төрх, амьдралын хэв маяг хүртэл бүгд хурд, үр дүн, амжилтаар хэмжигдэж, өөрийгөө байнга гүйцэж түрүүлэх хэрэгтэй мэт мэдрэмж төрүүлдэг болсон. Энэ завгүй урсгал дунд бид хэзээ хамгийн сүүлд тайван амьсгалж, тухайн үеийн үнэт агшнаа мэдэрч байсан бэ гэдгээ ч анзаарахаа больсон байна. Тиймээс 2016 он өнөөдөр зүгээр нэг өнгөрсөн үе бус, харин удаашрах, амьсгаа авах боломжийг сануулсан орон зай болон дахин сэргэж байгаа юм. Энэ санагалзал загвар, гоо сайхны ертөнцөд ч тодорхой харагдана. Энгийн жийнс, сул цамц, хэт төгс биш хэв маяг эргэн ирж байгаа нь санамсаргүй зүйл биш билээ. 

Нөгөөтээгүүр хүмүүс нийгмийн сүлжээнээс аажмаар холдож, байнга зураг нийтлэх, өдөр тутмын амьдралаа сошиал орчинд тасралтгүй хуваалцах шаардлагаас өөрсдийгөө чөлөөлөхийг эрмэлзэх болжээ. Олон дагагч, олон лайк биш, харин бодит амьдрал дахь тайван мөчүүд, ойр дотнын хүрээлэл, дотоод орон зай илүү үнэ цэнтэй санагдах болсон байна. Энэ өөрчлөлтийн дунд “2026 он бол шинэ 2016” гэх ойлголт зүгээр нэг санагалзал бус, нийгмийн сүлжээний дуу чимээнээс холдож, илүү нам гүм, илүү жинхэнэ мэдрэмжийг эргүүлэн олох оролдлого болон илэрч буйн тод жишээ болов уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх