Хайх

Танхимын агааржуулалт сайн, үзэгчид маск зүүсэн тохиолдолд концертын үеэр коронавирусын халдвар авах магадлал бага

Танхимын агааржуулалт сайн, үзэгчид маск зүүсэн тохиолдолд концертын үеэр коронавирусын халдвар авах магадлал бага

Герман эрдэмтдийн хийсэн судалгаа

Text: Buro.Mongolia


Монгол улс коронавирусын халдварыг дотооддоо алдаж, улс орон даяар таван хоногийн турш хатуу хөл хорионы дэглэмд шилжихээр болсон билээ. Тодруулбал олон улсын тээврийн жолоочоос нийт 21 хоногийн тусгаарлалтаас гарсных нь дараа дахин халдвар илэрсэн бөгөөд тэрээр энэ үеэр олон хүн хамарсан концерт үзсэн болох нь явсан чиглэлээс нь тогтоогдсон.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Германы эрдэмтдийн хийсэн нэгэн судалгааг хүргэж байна. Martin Luther University Halle-Wittenberg их сургуулийн судлаачид олныг хамарсан концертын үеэр COVID-19 тархах эрсдэлийг тооцоолох зорилгоор Лейпциг хотод өнгөрсөн наймдугаар сард нэгэн туршилтыг явуулсан байна.

"Restart 19" нэртэй энэхүү төслийн хүрээнд 1,400 хүн сайн дураараа туршилтад орлцсон бөгөөд оролцогчид 10 цагийн турш гурван янзын түвшинд зай барьж (хоорондоо огт зай бариагүй, тодорхой хэмжээний зай барьсан болон зай барих хатуу дүрэм чандлан сахисан), амны хаалт болон бусад урьдчилан сэргийлэх хэрэгслүүдийг туршиж үзжээ. Судлаачид хүн бүрт байршил тогтоох дижитал төхөөрөмж өгч, агаар дуслын замын халдварыг хэмжихийн тулд тусгай манан үүсгэгч машин ашигласан байна. Мөн туршилтад хамрагдахаас өмнө оролцогчдод коронавирусын шинжилгээ хийж, биеийн температурыг нь хэмжсэн байна.

Судалгааны үр дүнд тухайн концертын танхим нь агааржуулалт сайтай, эрүүл ахуйн дүрэм журам мөрдөгдсөн, мөн үзэгчдийн тоо хязгаартай тохиолдолд концертын үеэр COVID-19 тархах магадлал бага болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл танхимд цэвэр агаарын солилцоо явагдаж, үзэгчид маскаа зүүж, шахцалдалгүй хоорондоо зай барьсан тохиолдолд коронавирусын халдвар авах магадлал бага байх юм.

Гэхдээ энэхүү судалгаа нь хөндлөнгийн шинжээчдээс шүүмж аваагүй бөгөөд цаашид дахин олон хүн цугларсан арга хэмжээнүүд дээр туршиж үзэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

цааш үзэх