Хайх

Газар хөдөлбөл яах вэ: Таны амь насыг аврах хамгийн чухал алхмууд

Газар хөдөлбөл яах вэ: Таны амь насыг аврах хамгийн чухал алхмууд

Text: Э.Цовоо


Газар хөдлөх нь байгалийн хамгийн аюултай, урьдчилан таамаглахад бэрх гамшгийн нэг. Энэ нь хэн бүхэнд гэнэт тохиолдож болох тул мэдлэгтэй, бэлтгэлтэй байх нь амь нас, эрүүл мэндийг хамгаалах үндсэн түлхүүр болох юм. Иймд уншигчдадаа зориулан газар хөдлөлт тохиовол хэрхэн тайван бөгөөд хурдан, зөв арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна. 


Газар хөдлөлтийн шинж тэмдгүүд

Газар хөдөлбөл яах вэ: Таны амь насыг аврах хамгийн чухал алхмууд (фото 1)

Газар хөдлөлт гэнэт эхэлдэг мэт санагддаг ч анхааралтай сайн ажвал доорх шинж тэмдгүүд мэдрэгддэг байна. Эдгээр дохиог мэддэг байх нь таныг болон ойр дотнын хүмүүсээ илүү сайн хамгаалахад тусална.

  • Хананы цаг, чийдэн, эд зүйлс савлах, ганхах
  • Нохой, муур зэрэг амьтад тайван бус, гэнэтийн ааш авир гаргах. Учир нь амьтад газар хөдлөхийн өмнө нарийн чичиргээг мэдэрдэг гэж мэргэжилтнүүд үздэг байна.
  • Хаалга, цонхны шил өөрөө чичирч дуугарах. 
  • Цахилгаан тасрах, гэрэл анивчих. Газар хөдлөлттэй холбоотойгоор цахилгаан сүлжээнд доголдол үүсэж болдог.
  • Хөлд хүчтэй эсвэл чичиргээ мэт хөдөлгөөн мэдрэгдэх. Гэнэт доош татах, савлуулах мэдрэмж төрөх нь газар хөдлөлт ойртож буйн дохио юм.

Эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь мэдрэгдсэн тохиолдолд цаг алдалгүй аюулгүй байрлал эзлэх хэрэгтэй. Ялангуяа газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт амьдардаг бол ийм шинж тэмдгүүдийг тоохгүй өнгөрөөж болохгүй.

Газар хөдөлбөл яах вэ: Таны амь насыг аврах хамгийн чухал алхмууд (фото 2)

Газар хөдөлж эхлэх үед

Газар хөдөлж эхэлсэн даруйд хамгийн эхэнд хийх зүйл бол аюулгүй газар олж, толгой болон хүзүүгээ хамгаалах юм.

  • Ширээн доор орж, гараараа толгойгоо тэвэр. Хэрвээ ширээ байхгүй бол хана, багана зэрэг бат бөх хэсэгт биеэрээ налж суун, толгой хүзүүгээ хамгаалаарай.
  • Цонх, шилэн эд зүйлсээс аль болох хол байхыг хичээ. Шил хагарч, хүнд гэмтэж болзошгүй.
  • Гадагшаа гарах гэж яарвал бэртэж гэмтэх эрсдэл нэмэгддэг тул тайван байх нь хамгийн чухал.
  • Газар хөдлөх үед лифт огт ашиглаж болохгүй. Газар хөдлөлтийн үеэр лифт саатаж, гацах эрсдэлтэй тул шат ашиглаарай.
  • Хэрэв та гадаа байвал байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох хэрэгтэй.
Газар хөдөлбөл яах вэ: Таны амь насыг аврах хамгийн чухал алхмууд (фото 3)

Газар хөдлөлт намжсаны дараа

  • Гэр бүлийнхэн, ойр дотнын хүмүүсээ гэмтэж бэртсэн эсэхийг шалгаарай. Хэрэв хэн нэгэн гэмтсэн бол шуурхай анхны тусламж үзүүлэх хэрэгтэй.
  • Ойр орчимд тань гал гарсан эсэхийг шалгаарай. Мөн цахилгаан хэрэгслүүдээ унтраах хэрэгтэй.
  • Таны ойр хавьд эвдэрч, цуурсан барилга байвал түргэн холдоорой. Газар хөдөлсний дараа дахин газар хөдлөх эрсдэлтэй байдаг учир барилга, байгууламжууд нурах аюултай.

Урьдчилан бэлдэх нь аюулгүй байдлын үндэс

Газар хөдлөлтийн үед амьд үлдэх хамгийн чухал арга бол мэдээж урьдчилан бэлдэх явдал юм.

  • Аюулгүй газруудыг тодорхойлж, гэр, ажил дээрээ сургуулилт хийх. Газар хөдөлсөн үед хаана очих хэрэгтэй вэ гэдгээ мэдэж авах.
  • Гамшгийн үед хэрэглэх тусламжийн цүнх бэлдэх. Дотор нь ус, хүнс, эм, анхны тусламжийн багц, гар утасны батарей, цэнэглэгч зэргийг заавал хийгээрэй.
  • Газар хөдөлсөн тохиолдолд гэр бүлийн гишүүдтэйгээ холбогдох, уулзах төлөвлөгөө гаргах. Учир нь газар хөдлөлтийн үеэр сүлжээ унах, утсаар холбогдох боломжгүй тохиолдолд хаана уулзахаа урьдчилан тохиролцох нь маш чухал юм.

Хамгийн гол нь гамшгийн үед маш тайван, ухаалаг хариу үйлдэл үзүүлэх нь таны болон ойр дотнын хүмүүсээ аврах боломжийг нэмэгдүүлэх болно гэдгийг анхаараарай. Иймд урьдчилан таамаглахад бэрх гамшгаас өөрийгөө хамгаалахын тулд гэр орон болон ажлын байрандаа гамшгийн бэлэн байдлыг хангахыг зөвлөж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх