Хайх

Их Британийн эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцины масс үйлдвэрлэлийг эхлүүллээ

Их Британийн эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцины масс үйлдвэрлэлийг эхлүүллээ

Туршилтын үр дүн гарахаас өмнө

Text: Buro.Mongolia


Оксфордын их сургуулийн эрдэмтэд коронавирусын эсрэг вакцины масс үйлдвэрлэлийг эхлүүлсэн бөгөөд энэ оны есдүгээр сар гэхэд нэг сая тун бэлэн болгохоор ажиллаж байна. Энэ талаар Reuters хэвлэлийн компани мэдээллэлээ.

Үйлдвэрлэлтэд орсон "ChAdOx1 nCoV-19" нэртэй вакцин үр дүнтэй байх эсэх нь одоогоор батлагдаагүй байгаа ч ийнхүү туршилтын үр дүн гарахаас өмнө үйлдвэрлэлээ эхлүүлсэн нь маш их цаг хугацааг хэмнэнэ гэж эрдэмтэд үзжээ. Тэд есдүгээр сараас өмнө вакциныг хүн дээр туршин, үр дүнгээ баталгаажуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд нэлээд өндөр найдлагатай байгаа гэнэ. Гэхдээ мэдээж хэрэг вакцин үр дүнгүй байх магадлал байгааг үгүйсгэх боломжгүй юм.

Эрдэмтдийн онцолсноор туршилтын вакцины анхан шатны үйлдвэрлэлд "хэдэн арван сая" фунт зарцуулагдах ба энэ нь хөрөнгө оруулалтын хувьд маш том эрсдэл гэдгийг тэд хүлээн зөвшөөрсөн байна. "ChAdOx1 nCoV-19" вакцины үйлдвэрлэл Их Британи, Хятад, Энэтхэг болон Европ тивд нийт долоон үйлдвэрт явагдаж байгаа аж.

"Вакцин үр дүнтэй байна гэдэгт бид хэзээ ч бат итгэлтэй байж чадахгүй. Гэхдээ би энэ вакцинд маш том найдлага тавьж байна" хэмээн Оксфордын вакцинологийн профессор Сара Гилберт хэлжээ. Тэд ойрын хугацаанд вакциныг 18-55 насны сайн дурын хүмүүст туршиж үзэхээр төлөвлөсөн байна.

Хэрвээ ChAdOx1 nCoV-19 вакцины туршилтын үр дүн эерэг гарч, баталгаажвал энэ оны аравдугаар сарын дунд үе гэхэд олонд нээлттэй болно. Энэ нь дэлхийн эрдэмтдийн ажиллаж буй коронавирусийн эсрэг нийт 70 вакцины нэг юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх