Хайх

Мари Кондогийн шинэ онлайн дэлгүүр шүүмжлэлд өртлөө

Мари Кондогийн шинэ онлайн дэлгүүр шүүмжлэлд өртлөө

Түүнийг "суут ухаантай луйварчин" гэжээ

Text: Бюро 24/7


Зураг:

"Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номын зохиолч Мари Кондо дэлхийн олон сая хүнд эмх цэгцтэй амьдрах аргачлалыг зааж, өөрийгөө зөвхөн хамгийн хайртай, нандин эд зүйлсээр хүрээлүүлэхийг зөвлөж ирсэн билээ. Хүмүүс түүний "Хэрэв танд тухайн эд зүйлс ямар нэг баяр баясгалан, эерэг мэдрэмж төрүүлэхгүй л байвал шууд хая!" гэх алдарт уриаг амандаа давтаж, харамсалгүйгээр эд хогшлоо гарган хаядаг болсон.

Харин одоо Мари Кондо өөрийн гэсэн гэр ахуйн эд зүйлс худалдаалдаг онлайн дэлгүүр нээсэн байна. Энэхүү дэлгүүрт интерьерийн декор, сав суулга, угаалгын өрөөнд зориулсан эдлэлүүд, ароматерапи хийх эд зүйлс болон бусад олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой юм. Жишээ нь "тэнцвэр сэргээхэд тусалдаг" хөнгөн цагаан камертон ба ягаан болор (75 ам.долларын үнэтэй), гал тогооны хэрэгсэл тавьдаг гуулин тавиур (275 ам.доллар) зэрэг янз бүрийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна.

Мари Кондо онлайн дэлгүүрээ нээсэн даруйд олон нийтийн сүлжээнд түүнийг шүүмжилж эхэлжээ. Жишээ нь зарим нь түүнийг зөвхөн өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг хүмүүст зарахын тулд тэднийг эд хогшлоос нь ангижруулсан гэх өнгө аястай постууд нийтлээд байгаа юм. "Мари Кондо үнэхээр суут ухаантай луйварчин юм. Эхлээд тэр хүн бүхнийг хэрэгцээгүй эд зүйлсээсээ салах хэрэгтэй хэмээн ятгаж чадсан бол одоо тэдэнд яг адилхан ямар ч хэрэгцээгүй шинэ эд зүйлс зарж байна" гэж сэтгүүлч Осман Фаруки Twitter хуудастаа бичжээ.

Харин Мари Кондо "Миний аргачлалын гол зорилго зүгээр ч нэг эд зүйлсээ хаяхад бус харин зөвхөн утга учиртай эд зүйлс, хүмүүс, мэдрэмжээр өөрийгөө хүрээлүүлэхийн тулд гэр орноо цэгцлэхэд оршино" гэж дэлгүүрийн танилцуулгадаа бичсэн байна.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх