Хайх

Онцлох эмэгтэй: Нобелийн шагналд нэр дэвшсэн Аманда Нуен гэж хэн бэ?

Онцлох эмэгтэй: Нобелийн шагналд нэр дэвшсэн Аманда Нуен гэж хэн бэ?

Иргэний эрхийг хамгаалагч сансрын нисгэгч бүсгүй

Text: О.Нандий


2019 оны Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшсэн Аманда Нуен нь Харвардын их сургуульд сансрын нисгэгчээр сурч, цаашлаад Барак Обамагийн захиргааны үеэр Цагаан Ордны Харилцаа Холбооны төлөөлөгчөөр ажиллаж, мөн Rise хэмээх хүний эрхийг хамгаалах байгууллагыг үүсгэн байгуулсан өдгөө ердөө 28 настай бүсгүй юм. Харин энэ бол түүний түүх.

Аманда Нуен өөрийгөө сансрын нисгэгч болно гэж боддог байжээ. Гэвч Харвардын Их Сургуульд сурч байхдаа тэрээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн аймшигт хэрэг тохиолдсон юм. Уг хэргийн дараа хохирогч Нуен гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэсэн хэдий ч дараагийн шат болох шүүх явц нь олон жилийн турш үргэлжлэх магадлалтай байсан тул өөрийн цаг хугацаа, нөөцийг тооцоолон хожим сэтгэл санаа болон санхүүгийн хувьд илүү тохиромжтой үедээ үргэлжлүүлэхээр шийджээ. Хамгийн гол нь Нуен ийнхүү хууль эрх зүйн систем дунд зүг чигээ олохыг хичээж явахдаа уг систем нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж үзүүлж чаддаггүй гэдгийг ойлгон авчээ. Бүтэн зургаан цагийн турш хэргийн нотлох баримт цуглуулах эмнэлгийн үзлэгт орж, мөн олон долоо хоног байцаагдсаны эцэст бүрдүүлсэн нотлох баримтыг нь төр ердөө зургаан сар хадгалдаг гэдгийг тэрээр олж мэдсэн байдаг. Тодруулбал нотлох баримтууд эрүүгийн хэрэг үүссэнээс зургаан сарын дараа устгагддаг тул шүүх явц үүнээс удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд зургаан сар тутамд нотлох баримтыг хадгалан сунгах хүсэлт гаргах шаардлагатай болдог байна.

“Зургаан сар тутамд би хүчингийн хэргийнхээ нотлох баримтыг хогийн саванд хаягдахаас сэргийлэх шаардлагатай болж байна. Би шударга байдлыг тогтоохын тулд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тэрхүү аймшигт үйл явдлаас хамааралтайгаар амьдралаа өнгөрүүлж байна. Хүчирхийлэлд өртсөн өдрөөсөө хойш зургаан сар тутамд тэрхүү хүчирхийлэлд өртсөн өдрөө дахин дахин туулж байна гэсэн үг".

Иймээс Нуен түүнтэй ижил зүйл туулсан хохирогчидтой уулзсаны дараа бэлгийн халдлагад өртсөн хохирогчдын хууль эрх зүйн хамгаалалт маш дутмаг байгааг ойлгон 2014 онд хохирогч эмэгтэйчүүдийн төлөөх Rise төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, цаашлаад Бэлгийн Хүчирхийлэлд Өртсөн Хохирогчдын Эрхийн Тухай Хуулийн төслийг 2016 онд батлуулж чадсан билээ. Энэхүү хууль тогтоомжийн дагуу бэлгийн хүчирхийллийн нотлох баримтыг шүүхийн шийдвэр гартал хадгалдаг болсноос гадна хохирогчдод туслах зорилготой тусгай зөвлөгчид ажиллаж эхэлсэн тул энэ нь хууль зүйн систем дахь нэгэн чухал цоорхойг нөхсөн асар том амжилт болсон юм.

Онцлох эмэгтэй: Нобелийн шагналд нэр дэвшсэн Аманда Нуен гэж хэн бэ? (фото 1)

"Надад шударга бус хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрөх, эсвэл тэмцэж өөрчлөх гэсэн хоёр сонголт байсан. Би өөрчлөхийг сонгосон".

Нуен ийнхүү хууль эрх зүйн салбарт хувь нэмэр оруулснаараа Нобелийн шагналд нэр дэвшсэн нь түүний цаашид хийх ажлын ердөө эхлэл юм. Rise байгууллагын мэдээллэснээр дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 35% буюу ойролцоогоор 1.3 тэрбум эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг ба хэрэг үйлдсэн этгээдүүдийн ердөө 4.5% нь баривчлагдсан гэсэн харамсалтай тоо баримт байдаг. Нуен болон түүний баг хамт олон АНУ даяар 27 хууль амжилттай баталж, дунджаар 70 сая хүний амьдралд эерэг нөлөөлөл, өөрчлөлтийг авчирж чадсан бөгөөд цаашид дэлхий даяар хохирогчдын эрхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Өнгөрсөн есдүгээр сард тэрээр НҮБ-ын Ерөнхий Чуулганы хуралдаанд зориулан дэлхийн өнцөг булан бүрийн хохирогчидтой дуу хоолойгоо нэгтгэн бэлгийн хүчирхийллийн хохирогчийн эрхийн тухай хууль тогтоолыг НҮБ-д албан ёсоор нэвтрүүлэхийг уриалан хэлэлцсэн билээ. Уг тогтоолын санал хураалт ирэх жилээс эхлэх бөгөөд зөвшөөрөгдсөн тохиолдолд эдгээр зарчмууд нь олон улсын жишиг болон тогтох юм.

 

цааш үзэх