Хайх

Шинэ жил: Өөрийгөө ойлгохын тулд өнгөрснөө үдэхүй

Шинэ жил: Өөрийгөө ойлгохын тулд өнгөрснөө үдэхүй

Text: Э.Цовоо


Хот гэрлээр дүүрч, хөгжим чангарч, хүмүүс инээмсэглэж байгаа мэт харагдавч он солигдох мөчид дотроо хүн бүр ямар нэгэн зүйлтэй салах ёс хийж байдаг. Тэр нь заавал муу дурсамж, муухай зүйлс байх албагүй, заримдаа зүгээр л өөрөөрөө байх боломжийг эрэлхийлж буй мэдрэмж ч байж болно.

Шинэ жилээр бид ирэх жилд юу хүсэж, юу хийхээ төлөвлөхөөс илүүтэй өнгөрсөн жилээ дахин нэг тунгаан эргэцүүлдэг болов уу. Хийж амжаагүй зүйлс, хэлж чадаагүй үгс, хагас дутуу үлдсэн харилцаанууд гээд цагийн зүү 00:00-д ойртох тусам эдгээр бодлууд гэнэт л тодорч, баярын ширээ хүртэл нэг л өөр амттай болдог. Гэхдээ он солигдоход заавал том зорилго тавих, хүсэл шивнэх, өөрийгөө өөрчлөх амлалт өгөх албагүй. Заримдаа “би хичээсэн”, “би даваад гарсан” гэж өөртөө хэлэх нь хангалттай. Хувцасны шүүгээ шиг амьдрал ч мөн дүүрч, зарим зүйлс нь багтахаа больсон байдаг. Зарим хувцас нэг л удаа зураг авахуулахад хангалттай байдаг шиг, зарим бодол, хүлээлт ч бидний амьдралд удаан үлдэх шаардлагагүй билээ. “Дараа өмсөнө”, “дараа өөр болно” гэх амлалт заримдаа зүгээр л сэтгэлд хэт их орон зай эзэлдэг гэдгийг санаарай.

Тиймээс шинэ жилийг төгс төгөлдөр болох уралдаан гэж бус, харин хэт их ачааллаас ангижрах боломж гэж хараад үзэхэд илүүдэхгүй. Он солигдох мөчид зарим хүн хэн нэгнийг санадаг, зарим нь өөрийгөө өрөвддөг, нөгөө нь өнгөрсөн “би”-дээ талархдаг. Хэн нэгэн амьд үлдсэндээ, энэ жилийг тэсэж гарсандаа, өөр нэг нь бууж өгөлгүй ирсэндээ нулимс дуслуулдаг. Энэ бол сул дорой байдал биш, харин амьд байгаагийн баталгаа юм.

Шинэ жил: Өөрийгөө ойлгохын тулд өнгөрснөө үдэхүй (фото 1)
Illustration by Marlen Hacker

Баярын энэ шөнө таны зүрх сэтгэл баяр баясгалан, итгэл найдвараар дүүрэн байвал энэ нь та өөрийгөө мэдэрч, дотоод ертөнцөө хайрлаж байгаагийн хамгийн сайхан хэлбэр юм. Хөгжим түр намжиж, гэрэл солигдох тэр хоромд бид өөрсдийгөө дахин нэг харж амждаг. Шинэ жил бол салют, чимэглэлээс илүүтэйгээр өөрийнхөө дотоод хэмнэлийг сонсох завсарлага билээ.

Он солигдох мөчид бид заавал чанга инээж, заавал шинэ хүн болох албагүй гэдгийг бүү мартаарай. Харин үүний оронд ирэх ондоо зориулж өөртөө маш хөнгөн, ямар ч хамаагүй нэгэн жижигхэн зорилго тавиад, тэрхүү зорилгоо сэтгэлдээ тээж, өөрийнхөөрөө, хамгийн гоёор, аз жаргалтай амьдраарай. Хамгийн утга учиртай өөрчлөлт таны дотоод амар амгалангаас, хамгийн сайхан амьдрал таны өөртөө зориулсан жижигхэн зорилгоос эхэлдэг юм шүү.

Шинэ жил: Өөрийгөө ойлгохын тулд өнгөрснөө үдэхүй (фото 2)
Illustration by Marlen Hacker

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх