2026 онд дэлхийг байлдан дагуулах аялан тоглолтууд
2025 онд олон арван хамтлаг, дуучид шинэ цомгоо танилцуулж, аялан тоглолтоороо шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан онцгой жил болсон билээ. Тэгвэл 2026 он ч гэсэн хөгжмийн салбар баялаг хэвээр байх төлөвтэй. Учир нь домогт хамтлагууд эргэн тайзнаа гарч, залуу үеийн төлөөлөл болсон одод шинэхэн шоу тоглолтуудаар үзэгчидтэй уулзахаар зэхээд байна.
Түүнчлэн BTS хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэх онд цомгоо гаргасны дараа гуравдугаар сараас эхлэн аялан тоглолт хийхээ албан ёсоор батлаад байгаа ч яг нарийвчилсан тоглолтын хуваарь, огноо зэрэг мэдээллийг хараахан зарлагдаагүй байгаа билээ. Ингээд 2026 оны топ аялан тоглолтуудыг танилцуулж байна.
THE NEIGHBOURHOOD


Үргэлжлэх хугацаа: 2026 оны гуравдугаар сар – аравдугаар сар
Тоглолт болох улс: Турк, Чех, Польш, Итали, Швейцарь, Герман, Нидерланд, Франц, Бельги, Их Британи, Ирланд, Шинэ Зеланд, Австрали, Сингапур, Индонез, Өмнөд Солонгос, АНУ, Канад, Мексик.
Гурван жил завсарласны дараа альтернатив рок хамтлаг тайзнаа бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирж байна. Тэдний аялан тоглолт нь энэ оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр гаргасан (((((ultraSOUND))))) цомгийн хүрээнд зохион байгуулагдах юм. Уг цомог нь өөрсдийн инди дуугаралтыг хадгалсан хэвээр хэдий ч дууны үгэнд хамтлагийн бүтээлч өсөлт, гуниг, гутрал, сэтгэлзүйн байр байдал зэрэг сэдвийг хөнджээ.
LINKIN PARK

Үргэлжлэх хугацаа: 2026 оны нэгдүгээр сар – зургаадугаар сар
Тоглолт болох улс: Герман, Франц, Испани, Португаль, Итали, Бельги, Швейцарь, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Араб, Энэтхэг.
Linkin Park хамтлагийн эргэн ирэлт нь ирэх оны хамгийн дуулиантай, анхаарал татсан үйл явдлуудын нэг болоод байна. Шинэ гоцлол дуучин Эмили Армстронгт хамтлагтай нэгдсэнээр хамтлаг шинэ өнгө аяс, шинэ эрч хүчийг олж авчээ. Төлөвлөгдөж буй аялан тоглолтоороо тэд хит дуунуудаас гадна From Zero цомгийн шинэ уран бүтээлүүдийг ч толилуулах болно.
ЛЕДИ ГАГА

Үргэлжлэх хугацаа: 2025 оны долоодугаар сар – 2026 оны дөрөвдүгээр сар
Тоглолт болох улс: Япон, АНУ, Канад
The Mayhem Ball аялан тоглолт нь энэ оны долоодугаар сараас эхэлсэн бөгөөд поп хөгжим, загвар, авангард урлаг болон театрын найруулгын огтлолцол дээр бүтээгдэж буй шоу тоглолт юм. Энэхүү аялан тоглолт нь түүний Mayhem нэртэй долоо дахь студийн цомгийн нээлтийн хүрээнд хийгдэж буй. Түүнчлэн тэрээр энэхүү тоглолтоороо тайз засалт, хувцас, бүжиг, амьд хөгжмийг төгс хослуулж, үзэгчдэд илүү урлагийн үзүүлбэр үзсэн мэдрэмж төрүүлэхийг зорьж байгаа юм.
METALLICA

Үргэлжлэх хугацаа: 2023 оны дөрөвдүгээр сар – 2026 оны долоодугаар сар
Тоглолт болох улс: Европын орнууд
Хүнд рок хөгжмийн домог болсон Metallica хамтлагийн тоглолт 2023 онд эхэлсэн бөгөөд 2026 онд Европын орнуудаар үргэлжлүүлэх гэж байна. Энэхүү дэлхийн хэмжээний аялан тоглолт нь 72 Seasons нэртэй цомгийг дэмжих зорилгоор хийгдэж байгаа бөгөөд сүүлийн арван жилийн хугацаанд хийгдэж буй хамгийн урт хугацааны аялан тоглолт болж байгаа билээ.
THE WEEKND


Үргэлжлэх хугацаа: 2025 оны тавдугаар сар – 2026 оны есдүгээр сар
Тоглолт болох улс: Мексик, Бразил, Их Британи, Ирланд, Герман, Франц, Нидерланд, Итали, Польш, Швед, Испани, Португали.
Канадын дуучин The Weeknd After Hours til Dawn хэмээх аялан тоглолтоо энэ оны тавдугаар сард эхэлсэн билээ. Тэгвэл тэрээр ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн Европын аялан тоглолтоор үзэгч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар болжээ. Түүний энэхүү аялан тоглолтод дуучин Анитта болон реппер Playboi Carti нар нэгдэх буйгаа зарласан байна.
ЭД ШИРАН

Үргэлжлэх хугацаа: 2026 оны нэгдүгээр сар – арваннэгдүгээр сар
Тоглолт болох улс: Шинэ Зеланд, Австрали, Пуэрто-Рико, Перу, Эквадор, Колумб, Коста-Рика, АНУ, Канад.
Их Британийн дуучин Эд Ширан 2022-2025 оны хооронд үргэлжилсэн Mathematics Tour аялан тоглолтоо амжилттай өндөрлүүлсний дараа Loop tour нэртэй дараагийн томоохон аялан тоглолтоо эхлүүлэхээр болсон байна. Түүний энэхүү зургаа дахь аялан тоглолт нь энэ оны есдүгээр сарын 12-ны өдөр гарсан найм дахь студийн Play цомгийг олон нийтэд таниулах, дэмжих зорилгоор хийгдэж байгаа юм.
САБРИНА КАРПЕНТЕР

Үргэлжлэх хугацаа: 2025 оны гуравдугаар сар – 2026 оны гуравдугаар сар
Тоглолт болох улс: Аргентин, Парагвай, Бразил, Колумб, АНУ
Хөгжмийн ертөнцийг сүүлийн жилүүдэд байлдан дагуулж буй дуучин Сабрина Карпентер Short n' Sweet Tour аялан тоглолтоо 2025 онд эхлүүлээд буй. Тэгвэл ирэх онд тэрээр уг тоглолтоо үргэлжлүүлэн Аргентин, Парагвай, Бразил, Колумб, АНУ-д толилуулах гэж байна. Түүний зургаа даь студийн Short n’ Sweet цомог гарсан даруйдаа Billboard 200 жагсаалтын 1-р байранд орсон төдийгүй 2025 оны Грэмми шагнал гардуулах ёслолоос анхны зургаан номинацид нэр дэвшсэн уран бүтээлч болж, түүний Espresso дууг «Шилдэг поп дуу» шагналыг хүртсэн юм.