Хайх

Стресс болон дижитал дадлууд арьсыг хэрхэн хөгшрүүлдэг вэ?

Стресс болон дижитал дадлууд арьсыг хэрхэн хөгшрүүлдэг вэ?

Text: Ц. Усанболор


Нас ахихын хэрээр коллаген, эластин, гиалуроны хүчил зэрэг бодисын үйлдвэрлэлт саарч, байгалийн хөгшрөлт явагддаг. Гэвч өнөө үед арьс эрт хөгширдөг болсон. Энэ бол хэт ягаан туяа, стресс болон дижитал амьдралын хэв маяг, HEV цэнхэр гэрэл зэрэг хүчин зүйлтэй нягт холбоотой юм. Сэтгэлзүйч, физиологич Анастасия Дубинская дижитал дадлууд арьсыг хэрхэн хөгшрүүлдэг болон үүний эсрэг юу хийх боломжтой талаар зөвлөгөөг хүргэж байна.

Өнөөдөр бид үрчлээ, арьсны сулрал, нүүрний хэлбэр алдагдал зэргийг зөвхөн насжилтын үр дагавар гэж үзэх боломжгүй болсон. Учир нь арьсны өөрчлөлтүүд улам залуужиж байна. Арван жилийн сурагчид хуянтаж, 20 настнууд нүдний хөхрөлтийн эсрэг тэмцэх туршлагатай болсон бол 30 гаруй насныхан бараг бүх төрлийн гоо сайхны үйлчилгээг туршиж үзсэн байдаг.


Архаг стресс ба булчингийн чангарал

Архаг стресс нь стрессийн даавар, тэр дундаа кортизолыг зөв үед нь үйлдвэрлүүлэх биш харин байнга ялгаруулахад хүргэдэг. Кортизол коллагеныг устгасны үндсэн дээр арьс нимгэрч, ганддаг. Түүнчлэн стресс нүүрний хэлбэрийг гажуудуулдаг. Тухайлбал дух, хоёр хөмсөгний завсар, доод эрүү байнга чангарснаас болж үргэлж ууртай, ядарсан мэт харагдахаас гадна үрчлээ илүү гүнзгийрдэг байна.

Сөрөг сэтгэл хөдлөлүүд нь нүүрний булчинг чангаруулдаг ба энэ байдал удаан үргэлжлэх тусам сэтгэлзүйн эрүүл мэндийг улам доройтуулдаг. Ингэснээр архаг хэлбэрт шилжих бөгөөд нүүрний өвдөлт үүсэж, нүдний булчингийн таталт өгч, нүүрний булчингийн агшилт зэрэг эмгэгүүд үүсэж болзошгүй. Эдгээр нь удаан хугацааны эмчилгээ шаарддаг байна.

Стресс болон дижитал дадлууд арьсыг хэрхэн хөгшрүүлдэг вэ? (фото 1)


HEV цэнхэр гэрэл

Ухаалаг утас, зөөврийн компьютер зэрэг төхөөрөмжүүд амьдралын салшгүй хэсэг болж, амьдралыг хөнгөвчилж байгаа хэдий арьсыг эрт хөгшрүүлдэг сөрөг талтай.

Дэлгэц 400–500нм өндөр давтамж бүхий HEV гэрэл ялгаруулдаг. Энэ гэрэл нь эс дотор чөлөөт радикалууд үүсгэж, арьсыг хурдан гэмтээдэг. Өөрөөр хэлбэл гэрлийн нөлөөгөөр арьс хөгшрөх процессыг хурдасгадаг. Үүний үр дүнд арьсны уян хатан чанар буурч, пигментаци нэмэгдэхэд хүргэдэг.

Мөн цэнхэр гэрлийн нөлөөгөөр нойрны чанар муудаж, арьсны нөхөн төлжилт алдагдаж, өнгө өөрчлөгдөж, хамгаалалтын үйл ажиллагаа буурч, нүдний доогуур хөхрөлт бий болдог. Мөн дэлгэц харахдаа байнга толгойгоо доош чиглүүлж үзсэнээр хүзүү, мөрний мурийлт үүсдэг. Энэ нь хүзүү, мөрний өвдөлт, толгой өвдөх болон хуян үүсэхэд хүргэнэ.


Арьсыг хөгшрүүлдэг бусад хүчин зүйлс

Стресс болон дижитал дадлууд арьсыг хэрхэн хөгшрүүлдэг вэ? (фото 2)

Дутуу нойр - 7–8 цагаас бага унтдаг хүмүүсийн нүд хөхөрч, нүүр хавагнадаг.

Агаарын бохирдол — арьс үрэвсэж, гандаж, өнгө гунддаг.

Кофе, архи — биеийн шингэнийг алдагдуулж, арьс хуурайшиж, үрчлээ тодордог.


Хор нөлөөг бууруулах боломжтой юу?

Стресс болон дижитал дадлууд арьсыг хэрхэн хөгшрүүлдэг вэ? (фото 3)

Мэдрэлийн булчинг суллах: толгой, нүүр, биеийн массаж хийснээр сэтгэл түгшилт, сэтгэл гутралын түвшнийг бууруулж, амьдралын чанарыг сайжруулна.

Амьсгалын дасгал: стрессээс бүрэн зайлсхийх боломжгүй ч амьсгалын дасгал нь бие, сэтгэлийг тайвшруулж өгдөг.

Дасгал хийх: толгой, хүзүү, мөрний зөөлөн иллэг хийх, сунгалтын дасгал хийснээр булчин суларч, зөөлрөх болно.

Дэлгэц үзэх хугацааг бууруулах: өдөрт 2-3 цагаас илүү үзэхгүй байх.

Завсарлага авах: ажлын шаардлагаар дэлгэц тогтмол ширтдэг бол тогтмол завсарлага авч байх шаардлагатай.

HEV гэрлийн фильтер ашиглах: бүх төрлийн утас цэнхэр гэрлийн хамгаалалттай тул энэ фильтерийг заавал идэвхжүүлэх шаардлагатай.

Төхөөрөмжийг зөв барих: утсыг зөв барьж, тогтмол хүзүүний дасгал хийснээр хүзүү, нурууны мурийлт үүсэхээс сэргийлж өгнө.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх