Хайх

Нойрны дэглэм буюу орондоо хэвтэх зуураа хэрхэн жин хасах вэ?

Нойрны дэглэм буюу орондоо хэвтэх зуураа хэрхэн жин хасах вэ?

Илүүдэл жинтэй хүмүүс анхаарлаа хандуулаарай!

Text: Buro.Mongolia


Зураг:

Зуны улирал эхлэхэд ердөө л нэг сарын хугацаа үлдээд байна. Тиймээс яг одоо маш олон эрчүүд ба эмэгтэйчүүд спорт зааланд хичээллэж эсвэл өглөө эртлэн босч гүйж байгааг олон хүн анзаарч байгаа биз ээ. Гэхдээ хэдийгээр та маш эрчимтэй дасгал хийж, эрүүл хооллосон ч жингээ хасч чадахгүй л байна уу? Хэрэв тийм бол магадгүй та хангалттай унтаж амарч чадахгүй байж мэдэх юм. Хэдийгээр хөгжилтэй сонсогдож болох ч, зарим тохиолдолд орондоо тухалж ханатлаа амрах зуураа гоолиг биетэй болох боломжтой гэдгийг Vogue сэтгүүл онцолж байна.

Хүн хамгийн багадаа долоон цаг унтаж амарч, хүч тэнхээгээ сэлбэх ёстой гэсэн судалгаа байдаг. Тэгвэл өмнө нь энэ сэдвээр Бристолийн их сургуулийн судлаачид 1,000 хүнийг хамарсан туршилт явуулж байжээ. Тодруулбал туршилтын үеэр эрдэмтэд хүмүүст өдөрт ердөө зургаан цаг унтахыг даалгасан байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн нэг нь хэлэхдээ "Би өдөрт илүү бага унтдаг болсноос хойш миний жин 4%-иар өссөн. Үүнээс гадна би цусны шинжилгээ өгч, хоолны дуршлыг хариуцдаг грелин гэх даавраа шалгуулахад, энэхүү гормон нь 15%-иар өссөн байсан. Түүнчлэн хүний бодисын солилцоог зохицуулдаг лептиний түвшин мөн л 15%-иар нэмэгдсэн байсан" гэж тэрээр туршилтын дараа хэлжээ. Өөрөөр хэлбэл бид хангалттай нойр авч чадаагүй тохиолдолд хоолны дуршил нэмэгдэж, зохистой хэмжээнээсээ илүү их иддэг гэсэг үг юм. Мөн лептиний түвшин хэт ихэссэн тохиолдолд бидний тархи өөхөн давхарга нимгэрсэн гэх дохиог хүлээж аван, бие организм шууд л үүнийг засахыг оролддог байна.

Мөн түүнчлэн Кэйс Вестерн их сургуулийн судлаачид нойр ба илүүдэл жингийн уялдааг харуулахаар 70,000 эмэгтэйг хамарсан судалгаа хийжээ. Тэдний энэхүү судалгаанд өдөрт таваас доош цаг унтаж амардаг эмэгтэйчүүд сүүлийн 15 жилийн хугацаанд ойролцоогоор 15 кг нэмсэн болох нь тогтоогдсон байна.

Мэдээж хэрэг хангалттай хугацаанд унтаж амрах нь чухал ч, орондоо орохоосоо өмнө хэд, хэдэн дүрмийг давхар баримтлах хэрэгтэй.

Нойрны дэглэм буюу орондоо хэвтэх зуураа хэрхэн жин хасах вэ? (фото 1)

Бүх зүйл дүрмийн дагуу

Жин нэмэхгүй байж, эрч хүчтэй амьдрахын тулд өдөрт ойролцоогоор найман цаг унтаж амрах ёстой. Хэрэв та энэ дүрмийг мөрдөхгүй бол танд шууд л чихэрлэг, давслаг зүйлс идэж, янз бүрийн ундаа уух хүсэл төрнө. Тиймээс хэрэв та өглөө эрт бэлтгэлээ алгассандаа санаа зовсны улмаас дараа нь үүнийгээ нөхөхийн тулд ядарсан хэдий ч орой болтол, эцсийн хүчээ шавхан дасгал хийх гэж оролдохын оронд зүгээр л санаа амар унтах хэрэгтэй юм шүү. Мөн өдөр бүр тогтмол цагт орондоо орж хэвшээрэй. Ингэж хэвших нь бидний бие организм төдийгүй, тархинд ч сайнаар нөлөөлөх болно.

Ухаалаг утсаа далд хий

Унтаж амрах үедээ ухаалаг утсаа аль болох хол байлгаж эсвэл дэлгэцийг нь доош харуулж тавиарай. Учир нь ухаалаг утасны дэлгэцнээс тусах гэрлийг хүний тархи маш мэдрэг хүлээж авдаг бөгөөд ингэснээр таны нойр хулжих болно. Бүр та өөрөө энэхүү гэрэлд сэрэхгүй байж болох ч, тархи тань үүнийг мэдэрнэ гэсэн үг юм. Тиймээс хэрэв боломжтой бол унтаж амрах үедээ ухаалаг утсаа "Бүү саад бол" гэх горим дээр тавихыг хичээгээрэй.

Сэрүүн орчин чухал

Таны хэрэгжүүлэх хэрэгтэй бас нэгэн чухал дүрэм бол сэрүүн орчинд унтаж амрах юм. Тасалгаа тань ойролцоогоор 18 хэмийн дулаан температуртай байхад тохиромжтой. Учир нь бидний бие организм өөрийгөө дулаацуулахын тулд маш их энерги зарцуулдаг тул өрөө тань аль болох сэрүүн байх тусмаа та илүү их жин хасах болно. Гэхдээ мэдээж хэрэг хэт туйлширч болохгүй шүү. Эс бөгөөс та ханиад хүрч болзошгүй.

Унтахаасаа өмнө зарим нэг хүнсний бүтээгдэхүүн идэхээс татгалзаарай

Заримдаа та эрт орондоо орж, хангалттай унтаж амарсан хэдий ч өглөө эрч хүчгүй, ядарсан сэрэх тохиолдол бий. Тэгвэл энэ нь заримдаа ердөө л таны унтахаасаа өмнө идсэн зүйлсээс шалтгаалж байх магадлалтай аж. Мэдээж хэрэг өөх тостой, элсэн чихрийн агууламж өндөртэй, илчлэг ихтэй хоол идсэнийхээ дараа унтаж амрах нь муу үр дагавартай гэдгийг хэлэх нь илүүц биз. Гэхдээ цоохор майлз, цитрус жимс, улаан лооль зэрэг эрүүл тодотголтой хүнсийг ч унтахаасаа хэдэн цагийн өмнө идэх хэрэггүй байдаг гэнэ. Учир нь цоохор майлз ба улаан лооль нь биеэс илүүдэл шингэн гадагшлуулж, "цэвэрлэдэг" бөгөөд цитрусын төрлийн жимс нь хүчиллэг өндөртэй хүнс гэдгийг санаарай. Тиймээс та шөнийн турш угаалгын өрөө рүү гүйж, ходоодондоо давхар ачаалал өгөхийг хүсэхгүй л бол эдгээр хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх