Хайх

WWDC 2020: Apple компани iOS 14 болон watchOS 7 үйлдлийн систем танилцууллаа

WWDC 2020: Apple компани iOS 14 болон watchOS 7 үйлдлийн систем танилцууллаа

Шинэчлэгдсэн газрын зураг, нойр хянах үйлдэл, автомашины дижитал түлхүүр болон бусад

Text: Buro.Mongolia


Apple компанийн Worldwide Developers Conference чуулган энэ жил анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулагдлаа. Жил бүр зохиогддог программ хөгжүүлэгчдэд зориулсан энэхүү чуулганы үеэр Apple компани цоо шинэ үйлдлийн систем, дэвшилтэт технологи болон бусад шинэчлэлтүүдээ танилцуулдаг уламжлалтай.

Дугуйчдад зориулсан газрын зураг, автомашины дижитал түлхүүрийг багтаасан iOS 14


Apple компани энэ удаад цоо шинэ iOS 14 үйлдлийн системээ танилцуулсан байгаа. Үйлдлийн системийн шинэ хувилбарт App Library хэмээх аппуудыг төрлөөр нь автоматаар ангилдаг үйлдэл нэмэгджээ. Түүнчлэн "widgets" янз бүрийн хэмжээтэй болж шинэчлэгдэж байна. Үүнээс гадна Apple Maps-д энэ удаад замын хөдөлгөөн, шатыг тооцоолсон, дугуйчдад зориулсан тусгай газрын зураг нэвтрүүлжээ. Мөн одоо Apple Translate апп Герман, Орос, Япон, Испани, Хятад, Итали, Араб, Солонгос, Португали зэрэг дэлхийн 11 хэлээр синхрон орчуулга хийх боломжтой болжээ. Эцэст нь iPhone ухаалаг утсаа автомашины түлхүүр болгон ашиглах шинэ үйлдлийг нэвтрүүлсэн байна. Энэхүү технологи нь NFC программ дээр суурилсан бөгөөд өөрөөр хэлбэл та ухаалаг утсаа автомашинаа нээх дижитал түлхүүр болгон хувиргах юм.

Нойр, ариун цэвэр, бүжгийн хөдөлгөөнийг хэмждэг WatchOS 7

WWDC 2020: Apple компани iOS 14 болон watchOS 7 үйлдлийн систем танилцууллаа (фото 1)

Apple Watch ухаалаг цаг цоо шинэ үйлдлийн системтэй болжээ. Одоо энэхүү шинэ үйлдлийн системийг ашиглан нойроо хэмжиж, хянах боломжтой. Тодруулбал Apple Watch ухаалаг цаг хөдөлгөөн мэдрэгч, зүрхний цохилт хэмжигч, микрофон ашиглан бүхэл шөнийн турш хүний нойрыг хянах юм. Түүнчлэн Apple Watch таныг гараа угаасан эсэхийг тогтмол хянаж, сайтар угаасан эсэхийг шалгаж байх болно. Мөн дасгалуудаас гадна одоо төрөл бүрийн бүжгийн хөдөлгөөнийг хэмжих боломжтой болсон байна.

WWDC 2020: Apple компани iOS 14 болон watchOS 7 үйлдлийн систем танилцууллаа (фото 2)

Арга хэмжээний үеэр Apple компани ирээдүйн компьютерууддаа Silicon гэх өөрсдийн гэсэн процессор үйлдвэрлэн суулгах болсноо зарлажээ. Ингэснээр тэд Intel компаниас хараат бус болж байгаа юм.

цааш үзэх