Хайх

Грек улс соёлын өвөө зээлдүүлэхээс татгалзлаа

Грек улс соёлын өвөө зээлдүүлэхээс татгалзлаа

Athena, the Stage is Yours: the Parthenon Puzzle үзэсгэлэн

Text: Ж.Булган


Энэ оны арваннэгдүгээр сарын 18-нд ХБНГУ-ын Франкфурт хотын Либиегхаус уран баримлын музей Athena, the Stage is Yours: the Parthenon Puzzle үзэсгэлэнгийн хүрээнд Грекийн Парфеноны сүмийн гантиг баримлуудын хэсгүүдийг бүрэн хэмжээнд дахин эвлүүлж олонд дэлгэх зорилготой байсан ч баримлуудын тал хэсгийг хадгалдаг Грекийн засгийн газар энэ удаад өөрсдийн өвийг зээлдүүлэхээс бүрэн татгалзжээ.

Үзэсгэлэнгийн дэглэлт хариуцсан куратор Винценц Бринкманн болон түүний баг олон жилийн судалгааны үр дүнд гантиг сийлбэрүүдийн устсан хэсгүүдийг 3D хэвлэл, гипсэн цутгамлаар гүйцээж, Ромын саркофагууд дээрх эртний хуулбар дүрслэлтэй харьцуулан хуулбарлаж, сүмийн дээврийн зүүн фронтоныг эвлүүлжээ. Түүнчлэн жинхэнэ сийлбэрүүдийг хадгалж буй өөр бусад орны музейн удирдлагуудтай холбоо тогтоон ажиллаж байгаа бөгөөд Их Британийн музей хоёр хэлтэрхий гантиг баримлын хэсгийг зээлдүүлэхээр тохиролцсон байна.

Грек улс соёлын өвөө зээлдүүлэхээс татгалзлаа (фото 1)
Pediment of the Parthenon 3D model

ПАРФЕНОНЫ СҮМИЙН ТУХАЙ

Парфенон сүмийг МЭӨ 447-432 оны хооронд Афина бурханд зориулан барьжээ. Түүний архитектурын нэгэн цул болсон уран баримлын чимэглэл нь эртний Грекийн сонгодог урлагийн ноён оргил хэмээн тооцогддог төдийгүй барууны урлагийн түүхийн хамгийн алдартай дурсгалуудын нэг хэмээн судлаачид дуу нэгддэг билээ.

Грек улс соёлын өвөө зээлдүүлэхээс татгалзлаа (фото 2)
Panthenon Courtauld Institute of Art archive
Грек улс соёлын өвөө зээлдүүлэхээс татгалзлаа (фото 3)
Parthenon 1975

1687 онд Венецийн цэргийн довтолгооны үеэр Парфенон сүмд хадгалагдаж байсан дарь дэлбэрч, дээвэр болон олон уран баримал сүйдсэнээр өнөөдөр сүмийг чимж байсан гантиг баримлууд нэг дор байдаггүй бөгөөд тал хэсэг нь Афин хотод, нөгөө хэсэг нь Лондоны музейд, үлдсэн хэсгүүд нь Европын бусад музейд тараагдсан байна.

Грек улс соёлын өвөө зээлдүүлэхээс татгалзлаа (фото 4)
Грек улс соёлын өвөө зээлдүүлэхээс татгалзлаа (фото 5)
British Museum in London

Британийн музейд одоогоор Парфенон сүмд байсан 15 метоп, 17 дүрслэлүүд зэрэг нийт 75 метр орчим фриз хадгалагддаг. Эдгээрийг нийтэд нь "Парфеноны гантигууд"  хэмээн нэрлэдэг ч Их Британид "Elgin Marbles буюу элгиний гантигууд" хэмээн нэрийддэг байна.


"ЭЛГИНИЙ ГАНТИГ" ГЭЖ НЭРЛЭСЭН ШАЛТГААН

Томас Брюс Элгиний долдугаар гүн буюу Лорд Элгин нь 1799-1803 онд Османы эзэнт гүрэнд Британийн элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед Афин Османы эзэнт гүрний захиргаанд байсан юм. 1801 оноос Элгин Парфенон болон Акрополийн бусад барилгуудаас уран баримал, архитектурын хэсгүүдийг салган авч эхэлжээ. Британийн музейн тайлбарт дурдсанаар Элгин Османы эрх баригчдаас зураг зурах, хэмжилт хийх, зарим баримлыг буулгах зөвшөөрөл авсан гэж үздэг. 

Грек улс соёлын өвөө зээлдүүлэхээс татгалзлаа (фото 6)
Parthenon Marbles

 ГРЕК БОЛОН ИХ БРИТАНИЙН МАРГААН

Грекийн тал Элгиний үйлдлийг хууль ёсны үйлдэл хийсэн гэж хүлээн зөвшөөрдөггүй. Харин Британийн музей Элгинийг Османы тухайн үеийн эрх бүхий засаг төрийн зөвшөөрлөөр ажилласан хэмээн тайлбарладаг. 1816 онд Британийн парламент ажлын хэсэг гаргаж Элгиний үйл ажиллагааг шалгуулж, дүгнэлт гаргахдаа түүний түүхийн дурсгал зөөвөрлөснийг хууль ёсны гэж үзэн, улмаар түүний цуглуулгыг Британийн музейн сан хөмрөгт шилжүүлэх шийдвэр гаргажээ. 

Грек улс соёлын өвөө зээлдүүлэхээс татгалзлаа (фото 7)
The acropolis museum

Одоог хүртэл Грек улс Парфеноны баримлуудыг буцааж өгөхийг шаардсаар ирсэн. Харин Британийн музей тэдгээрийг хууль ёсоор олж авсан бөгөөд өөрийн цуглуулгын нэг хэсэг хэмээн үздэг байна. 2023 оны арваннэгдүгээр сард Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис BBC-д өгсөн ярилцлагадаа эдгээр баримал Грект харьяалагддаг бөгөөд “хулгайлагдсан” гэж мэдэгдсэн. Тэрээр байр сууриа тайлбарлахдаа Луврт хадгалагддаг “Мона Лиза”-гийн зургийг таллан хайчилж авсантай адилтган жишээ татжээ.

Тиймээс арваннэгдүгээр сард Германы Либиегхаус уран баримлын музейд нээлтээ хийх Athena, the Stage is Yours: the Parthenon Puzzle үзэсгэлэнд Британийн музейн бүтээлүүдтэй нэг танхимд тавигдах нөхцөл нь Грекийн тал татгалзахад хүргэсэн хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх