Velin Cover Story: The Royal Heartaches хамтлагтай хийсэн ярилцлага
The Royal Heartaches ба сэтгэлээс ургах аялгуу
Velin сэтгүүлийн хавар-зун 2025 дугаарын Cover Stars The Royal Heartaches хамтлагтай хийсэн ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр бүрэн эхээр нь хүргэж байна.
Хотын гудамжинд бороо шивэрч, норсон засмал зам дээр зөөлөн аялгуу эгшиглэх шиг. Салхи сэвэлзэн агаарт чийг тархаж, шивнээ мэт намуухан гуниг мэдрэгдэнэ. Ийнхүү The Royal Heartaches хамтлагтай ярилцахаар алхах зуур бодолд түмэн асуулт эргэлдэж байв. “Тэд яг ямар хүмүүс бол, уянгалан шүлэглэх дуунуудынх нь цаана ямар сэтгэл хөдлөл, ямар ертөнц нуугдаж байгаа бол” гэсээр нэг мэдэх нь ээ зорьсон газартаа хүрчихсэн зогсож байлаа. Яг тэр мөчид гэнэт бороо зогсон тэнгэр цэлмэж, нарны туяа газарт сэмхэн буув. Миний бодол ч хоосорч шинэ цагаан цаас мэт бүхэлдээ тэдний ертөнцөд умбахад бэлэн боллоо. The Library Records-ийн босгыг давмагц хөл доорх модон шалны намуун чимээ, хана даган налсан гитар, цонхоор тусах зөөлөн гэрлийн урсгал яг л гуниг, догдлол, мөрөөдөл, тайвшралын илэрхийлэл мэт The Royal Heartaches-ийн уран бүтээлийн орон зайд намайг уусган татлаа. Бидний яриа эхэндээ уран бүтээл, анхны хит дуу гээд хөнгөн сэдвээс эхлэн хөвөрсөн ч төдөлгүй өнгөрсөн дурсамж, уран бүтээлчийн эмзэг мэдрэмж, мөрөөдөл, тэсвэр тэвчээр, хамтлагийн амин сүнс болсон зүрх сэтгэлийн тухай илэн далангүй яриа болон урссан юм.

"Зургаан жил чамаас зугтааж чадаагүй. Намайг чи таньсан ч таниагүй юм шиг өнгөрсөн..."
Анх удаа хамтлагийн нэрийг сонсоход миний сэтгэлд нэг тийм хөндүүртэй, гунигтай мэдрэмж төрж байсныг санан нэрийнх нь утга учрын тухай асуухад, хамтлагийн ахлагч, аргил гитарчин Оюука (Б.Оюунболд) анх байгуулагдаж байсан үеэ дурсав. Тухайн үед тэд зөвхөн чанартай уран бүтээл хийхэд гол анхаарлаа хандуулж хэсэг хугацаанд тогтсон нэргүй уран бүтээлээ туурвисаар иржээ. Харин тэдний дуу олны хүртээл болох цаг нь ойртож, хамтлагийн гишүүд ойр дотнын найз нөхдөөсөө нэрсийн санал авахад олон сонирхолтой санаа дундаас нэг нь л тэдний сэтгэлд шигшигдэж үлдсэн нь мэдээж The Royal Heartaches. Энэхүү нэрийг дуучин Magnolian санал болгосон гэнэ. Хамтлагийн гишүүд нэрээ сонгочхоод гоё боловч дуудахад хүндрэлтэй байж болзошгүй хэмээн санаа зовниж байсан ч одоо бол энэ нэр тэдний дуу хоолой, өнгө төрх, тэр ч байтугай уран бүтээлийнх нь амин сүнсийг илэрхийлж чаддагийг дуу нэгтэйгээр хуваалцлаа.
6x6 бол The Royal Heartaches хамтлагийг анх олонд таниулсан уран бүтээл. Магадгүй энэ дуу бүхэлдээ чин сэтгэлээс урсан гарсан учир сонсогчдын сэтгэлд ийн гүн хүрсэн ч байж мэднэ. Хамтлагийн гоцлол дуучин Энни (У.Энэрэлмаа) 6x6 дууныхаа үг, аяыг өөрийн анхны хайраас сэдэвлэн зохиосныг уншигчид маань сайн мэдэх байх. Анхны хайртайгаа санамсаргүй байдлаар таарсан тэр нэг өдөр залуу түүнийг огт танилгүй өнгөрсөн гэдэг. Зөрж өнгөрөх хүртэл нь Энни дотроо нэг хоёр… гээд тоолоход яг зургаан хором болсон төдийгүй эргээд бодтол түүнтэй анх танилцсанаас хойш яг зургаан жил өнгөрсөн байжээ. “Зургаан жил чамаас зугтааж чадаагүй. Намайг чи таньсан ч таниагүй юм шиг өнгөрсөн…”.
Ийнхүү 6x6 дуу амилснаар өмнө нь хоёр ч жил уран бүтээлээ туурвихдаа төдийлөн олонд хүрч чадалгүй шантрахын даваан дээр ирээд байсан The Royal Heartaches-ийхан алдарт хүрчээ.


Хүмүүст танигдаж эхэлснийгээ анх хэзээ мэдэрсэн бэ?
Хамтлагийн бөмбөрчин Өөжгий (М.Өнөрбаяр): Биднээс илүү хоёр охиныг маань л сайн таньдаг байх, бусдыг нь бол бараг мэдэхгүй дээ. (Инээв)
Саксафон, даралтат хөгжимчин Дива (Л.Даваанаран): Харин ч та хэдийг хүмүүс сайн таньдаг шүү дээ!
Энни: Манай сошиал хаягууд дээр Өөжгий ахын зургийг профайл зураг дээрээ тавьчихсан нэг хүн үргэлж байнга сэтгэгдэл үлдээж, дэмжиж байдаг юм. Би бүр анх тэр хүнийг Өөжгий ахын эхнэр юм болов уу ч гэж бодсон. Гэтэл тэр хүн зүгээр л Өөжгий ахын номер нэг фэн нь байж таарсан. Харин намайг бол хүмүүс “Нөгөө 6x6 дуулдаг эгч байна” гэдэг.
Дива: Нэг удаа кофе шоп орсон чинь “Танай хамтлагийг байнга сонсдог шүү” гээд надад үнэгүй кофе өгч байлаа. Мөн гудамжинд нэг хүн “Та нар бол хамгийн шилдэг нь” гээд хашхираад өнгөрсөн. Тэр их сэтгэлд үлджээ.
Энни: Бас 6x6 дууны клип дор нэг хүн ”Энэ дуу миний нас барсан найз охиныг их санагдуулдаг юм аа. Би энэ дуунд зориулж суварга босгох хүсэлтэй байна” гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Тэр сэтгэгдэл биднийг үнэхээр гайхшируулсан. Уран бүтээл гэдэг хүн бүрийн дотор тэс өөр утгатайгаар амьдарч чаддаг юм байна гэдгийг анх удаа л тэгж хүчтэй мэдэрсэн.
Дива: Хүүхдүүд саравчинд штрикээр өөрсдийнхөө түүхийг бичээд үлдээчихдэг дээ. Нууцхан дурлал, салалт, үерхэл гээд л… 6x6-ийн сэтгэгдлүүд яг л тийм мэдрэмж өгдөг. Хүмүүс дууны доор өөрийнхөө нууц түүхийг, хэнд ч хэлээгүй дотоод гунигаа үлдээчихсэн байдаг.
"Хүмүүс дууны доор өөрийнхөө нууц түүхийг, хэнд ч хэлээгүй дотоод гунигаа үлдээчихсэн байдаг"
Харин хамтлагийнхны сэтгэлд хамгийн дулаан дурсамжийг бяцхан фэнүүд нь үлдээжээ. Гарын үсэг авах гэж бөөгнөрч зогсох тэр хүүхдүүд футболка, цүнх, бүр цамцныхаа ханцуй дээр хүртэл зуруулдаг ба “Би одоо энийг хэзээ ч угаахгүй”, эсвэл “Би танай пянзыг авах гэж удаан хугацаанд мөнгөө цуглуулсан шүү” гэх дөнгөж арав орчим насны бяцхан фэний амнаас гарах үгс тэдэнд хамгийн үнэ цэнэтэй санагджээ. Дуу, хөгжим гэдэг аль ч насны хүнд хүрэх шидтэй төдийгүй заримд нь итгэл, найдвар болж, харин заримд нь гуниг, эмзэглэл төрүүлдэг нь гайхалтай.
Олон хүний зүрхэнд хүрнэ гэдэг нэг талаараа бахархам ч нөгөө талаараа тэр их итгэлийг алдахгүй байх дарамтыг араасаа дагуулдаг байх учиртай. Гэхдээ The Royal Heartaches-ийн гишүүд хичнээн хариуцлага мэдэрсэн ч хамгийн гол нь өөрчлөгдөхөөс зайлсхийж, өөрсдөдөө үнэнч байхыг хичээдэг болохоо онцолсон юм. Зорьж уран бүтээл хийх гэхээр нэг л өөр, “худлаа” болчихдог учир мэдрэмж, сэтгэл хөдлөл дээрээ тулгуурлаж, уран бүтээлээ туурвихыг тэд эрмэлздэг байна. Төгс байхаасаа илүү үнэнч байхыг илүүд үздэг хүмүүс болох нь энэ ярианаас тодхон уншигдаж буй зээ.
Ийм ч учраас уран бүтээл бүр нь “цаанаасаа”, өөр өөрийн цаг хугацаанд ирдэг гэнэ. Зарим нь гэнэтхэн л долоо хоногийн дотор бүтчихнэ. Харин зарим нь хэдэн сар, бүр жилийн турш бодолд эргэлдэж байж л бүрэлддэг байна. Тухайлбал, шинэ цомог Ургахуйгаа тэд бараг л хоёр жилийн турш бодож, өнгө аясыг нь сэтгэлдээ тээж явжээ. Хөгжмийн хувьд анхны цомог Харуйгаасаа илүү дотоод уянгатай болсон бөгөөд харьцуулж үзвэл, эхний цомогт олон уран бүтээлч, үг зохиогчидтой хамтран ажилласан бол, Ургахуй цомгийн нэг л дуунаас бусад бүх дууны үгийг Энни өөрөө бичжээ. Тэрээр анх шүлэг зохиож эхлэхдээ зөвхөн өөртөө зориулж бичдэг байсан бол сүүлийн үед өөрийгөө хүнд илүү хэрэгтэй хүнээр мэдэрч эхэлсэн учир “Энэ дуу хэн нэгэнд хэрэгтэй байж мэднэ. Хэн нэгэн энэ дуунаас чимээгүйхэн тайвшрал хайж байж магадгүй” гэх бодлоор хөлөглөн шүлгээ туурвидаг болсон байна.

Та бүхэн уран бүтээлийнхээ эхлэлийг хаанаас барьж авдаг вэ?
Оюука: Банзан гитараас л их юм гардаг даа
Өөжгий: Бөмбөрчний үүрэгтэйн хувьд программ дээр сууж байхад л санаа гэнэт орж ирнэ.
Энни: Хөгжимчид ер нь хөгжмөө барьж авдаг байх. Миний хувьд сэтгэл хөдлөлөөс их юм ургадаг гэх үү дээ. Надад бол хүн зурж байгаа юм шиг мэдрэгддэг. Хэрвээ гэгээлэг шүлэг бичихээр бол буржгар үстэй, инээсэн царайтай охин төсөөлөгддөг. Харин гунигтай дуун дээр шулуун үстэй, гүн уйтай эмэгтэй хүнийг зурдаг. Сүүлийн үед ер нь гунигтай бүсгүй сэтгэл дотроо урлаж байна даа.
Тэгвэл сайн уран бүтээл болсон эсэхэд нь эргэлзэж байсан ч олны сэтгэлийг татаж чадсан тийм дуу бий юу?
Энни: Бороонд миний хувьд яг тийм дуу байсан.
Өөжгий: Харин би бол эсрэгээр нь энэ дуу хүмүүсийн сэтгэлд шууд хүрнэ дээ гэж бодсон. Тоглолтын үеэр нэг залуу хашхирч билээ. “Бороонд-оо сонсмоор байна!” гээд. Үзэгчид ч дэмжээд, бид бүр гурван ч удаа давтан дуулж байлаа.
Галаа (Н.Гал): Бороонд бол угаасаа сайн бүтсэн дуу. Гэхдээ яг олон нийтэд хүрэх эсэхэд бол би эргэлзэж л байсан. Техник их шаардсан, дуулахад амаргүй. Гэхдээ магадгүй тэр л хэцүү, онцгой байдал нь хүмүүсийг татсан байх.
Энни: Бас Ургахуй цомогт багтсан Энэлэл гэх дуу хүмүүст гайхмаар хурдан хүрсэн. Бодоод байхад, хүний зүрхэнд хүрдэг дуу гэдэг чинь бас заавал хүчтэй аккорд, онцгой өнгө, гойд техник байх албагүй юм байна лээ. Харин ч эсрэгээрээ амархан аятай, энгийн хэр нь сүнслэг чанартай, ойлгомжтой үгтэй тийм дуу хүний дотоод сэтгэл рүү илүү хурдан ордог юм байна гэдгийг ч мөн ойлгосон.

Эсрэгээрээ хүмүүст хүрээсэй гэж хамгийн их хүссэн ч тэгж чадаагүй дуу байдаг нь Харуй цомгийнх нь Bird аж. Bird бол тэдний гарааны цэг. Нандин эхлэл. Шинэ бүрэлдэхүүнээрээ бүтээсэн анхны дуу. Зарим бүтээл шууд олны зүг нисэлгүй, гагцхүү бүтээгчдийнхээ дотор, тэр л үнэнч орон зайд мөнхөрдөг бололтой.
Эннид нэг хэсэг Bird зэрэг хайртай бүтээлүүд нь сүүдэрт хоцорж, сонсогчид зөвхөн 6x6-г онцолж байгаа нь хөнгөн гүниг төрүүлж, 6x6-г дуулах бүртээ дотроо хоосон мэдрэмж тээж эхэлжээ. Гэвч энэ л дуу нь тэдэнд олон боломжийн үүд хаалгыг нээж, хайр, хүндлэл, тайз, сонсогч, урлагтай нь учруулсан гэдгийг тэрээр сайн мэдэж байсан тул аандаа 6x6-аа илүү их хайрлаж, гүн сэтгэлээр мэдэрч, жаргаж дуулж эхэлсэн гэнэ. Өөрийн бүтээлдээ эргэлзэж, дараа нь эвлэрч, эцэст нь ахин нэг удаа дурлаж чаддагт уран бүтээлч хүний онцлог оршдог биз ээ.
Харин уран бүтээлээ амилуулахаар олны өмнө тайзнаа гарах тэр мөчийг гишүүд шар үс босом, үгээр хэлэмгүй содон, бас нэг л тийм танил мэдрэмж гэх үгсээр тодорхойлов. Яг л өмнө нь тохиож байсан мэт дотно, Déjà vu мэдрэмжийг тэд заримдаа тайзнаас авдаг гэнэ.
Өөжгий: Аав маань намайг бага байхад хамтлагт байсан юм. Би бэлтгэлийн өрөөнд нь очоод, бөмбөр цохиж их тоглодог байлаа. Тэгээд нэг орой зүүдэлсэн. Маш гоё тайзан дээр би бөмбөр тоглож, зөндөө олон үзэгчид намайг дэмжиж байна гэж. Одоо ингээд бодохоор тэр зүүд яг л амьдралын минь зүг чигийг заачихсан юм шиг, зүүд маань биеллээ олчихсон юм шиг санагддаг.
Галаа: Өнгөрсөн жил болсон анхны тоглолтоо хэзээ ч мартдаггүй. Би олон тайзан дээр гарч байсан ч яг өөрийн хамтлагтайгаа, өөрийн дуунуудаа, өөрсдийн гэсэн тайзан дээр дуулна гэдэг тэс ондоо юм байна лээ. Тэр шөнө л хамгийн анхны, хамгийн гоё мэдрэмжийг мэдэрсэн.
Энни: Би уг нь их ичимхий, даруухан төрлийн хүн. Өөрийгөө хэзээ ч ингээд дуулаад явж байна гэж төсөөлж байгаагүй. Гэтэл өнгөрсөн жилийн тоглолт дээр өөрийн гэсэн тайзан дээр гарахад “Би яг энэ газар байх ёстой хүн юм байна” гэдгээ мэдэрсэн. Яагаад ч юм дуу бүрээ эхлэхдээ үзэж байгаа хүмүүстээ хандан хэлэх үгс хүртэл толгойд орж ирээд, цээжнээс урсаад байсан.
Дива: Бид тэр үед үнэхээр “шоконд” орж байсан. Энниг урьд шөнө нь хэлэх үгээ бэлдээд хоносон юм байх гэж бодсон чинь зүгээр л тайзан дээр гарахаараа тийм хүн болчихдог юм билээ.
"Зарим бүтээл шууд олны зүг нисэлгүй, гагцхүү бүтээгчдийнхээ дотор, тэр л үнэнч орон зайд мөнхөрдөг бололтой"
Уншигчдадаа сонирхуулахад, хамтлагийн гишүүд The Royal Heartaches нэр дор нэгдэхээсээ өмнө бүгд өөр өөрсдийн замаар урлагт алхаж байсан түүхтэй. Оюука, Галаа хоёр бол эртний найзууд. Тэд 2011 оноос хойш Greenwood, Swing Round зэрэг хамтлагуудад тоглож, амьд хөгжмийн тайзнаа өөрсдийн нэрийг таниулж эхэлсэн. Харин Өөжгийг хүмүүс The Lemons хамтлагийн бөмбөрчин гэдгээр нь сайн мэднэ. Дива Герман улсаас Монголд хэрэгжүүлдэг "Goethe Musiklabor Ulan Bator" жазз төслийн 2017 оны төгсөгч бөгөөд Fat Cat клубийн тайзнаа тоглодог байж. Харин Эннигийн хувьд хамгийн нуугдмал эрдэнэ нь гэж хэлж болно. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, хамтлагт орохоосоо өмнө Соёлын яам, Хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байсан тэрээр зөвхөн өөртөө л зориулж нууцхан ая зохиож, шүлэг тэрлэдэг байжээ.

"Хоорондынх нь насны ялгаа хамтлагийн уур амьсгал эв найртай, дулаахан байдгийн бас нэг шалтгаан болдог"
Иймд өөр өөрийн гэсэн туршлагатай тэдэнд заримдаа санал зөрөлдөх үе тулгардаг болов уу хэмээн сониучлахад, яаж ч зөрөлдсөн нэгэндээ маш хүлээцтэй ханддагаа тодотгосон юм. Харин Т.Мөнх-Оргил продюсертойгоо нэлээд мэтгэлцдэг ба дуу бүтэх үйл явцыг дарга нарын гарын үсэг цуглуулахтай адил хэмээн хошигнон зүйрлэсэн билээ. Продюсер гэх том даргын гарын үсгийг л эцэст нь амжилттай авснаар нэг дуу бүтдэг байх нь. Сонирхолтой нь, зөвхөн гишүүд төдийгүй продюсер Т.Мөнх-Оргил бүгд өөрсдийгөө дотогшоо зан чанартай, интроверт, зожиг хэмээн тодорхойлсон бөгөөд энэ нь ч тэдэнд нэгнээ илүү мэдэрч ойлгоход нөлөөлдөг байх. Мөн хоорондынх нь насны ялгаа хамтлагийн уур амьсгал эв найртай, дулаахан байдгийн бас нэг шалтгаан болдог гэнэ. Дива, Энни хоёр нэг үеийнхэн учраас ах нар нь тэднийг гомдоллосон ч эрхлүүлэн өхөөрдөж, тэд ч ах нарыгаа жинхэнэ ёсоор нь хүндэлж, түшиж явдгаа хэллээ.
Урлаг, тэр дундаа дуу хөгжим хүнийг хэрхэн өөрчилдөг бол?
Оюука: Мундаг хөгжимчин ах нар маань дээр үеэс бидэнд “Хөгжим гэдэг амьтай зүйл, хүн хөгжим тоглож байхдаа хэзээ ч муухай юм боддоггүй юм шүү” гэж хэлдэг байсан. Тэгэхээр хөгжим хүнийг их сайхан зүйл рүү хөтөлж, бас их төлөвшүүлж өгдөг гэдэгт би итгэдэг.
Дива: Хөгжим тоглодог хүн арай өөр зан чанартай байдаг юм шиг санагддаг. Ямар нэг юманд илүү мэдрэг, хүмүүсийг чимээгүйхэн анзаарч чаддаг гэх юм уу.
Галаа: Хөгжим тоглосноор EQ сэтгэлгээ буюу хүний сэтгэл хөдлөлийн ойлголт сайн хөгждөг байх. Би оффист давхар ажилладаг болохоор олон төрлийн хүмүүстэй харьцдаг. Тэгэхэд хүмүүс нэгнийгээ гомдоочхоод огт ойлгоогүй явж байдаг. Заавал хэлүүлж байж мэднэ. Харин бидний дунд нэг нь дуугаа хураагаад хэсэг суухад л бүгд ямар нэгэн зүйл болохгүй байна даа гээд царайнаас нь л хараад мэдчихдэг.
Эни: Бас хөгжим тоглож байгаа хүний сэтгэл хөдлөл хөгжмөөс нь шууд мэдрэгддэг. Би лав гишүүдээ хөгжим тоглож байгааг нь сонсоод, “За өнөөдөр сайхан ааштай байгаа юм байна. Эсвэл өнөөдөр ч ууртай байна даа” гээд шууд мэдчихдэг.

Та бүхэн хөгжмөөс гадна өөр юунаас тайвшрал, аз жаргал мэдэрдэг вэ?
Галаа: Би программист хийдэг юм. Тэгээд ажил дээр гарсан нэг асуудлыг шийдчихээрээ эвлүүлдэг тоглоом эвлүүлсэн юм шиг гоё мэдрэмж авдаг.
Оюука: Би бол эхнэртэйгээ хуучны нандин сайхан дурсамжуудаа ярьдаг. Нэг мэдэхэд хоёр, гурван цаг юуны ч тухай хамаагүй ярьчихсан байдаг. Тэр л надад тайвшрал авчирдаг даа. Манай Өөжгий ч гэсэн их гэр бүлсэг. Тоглолт бүр дээр эхнэр хүүхдээ авчирчихсан байдаг.
Өөжгий: Тийм шүү. Хостойгоо ярилцана гэдэг бас их тайвшрал өгдөг зүйл маань.
Эни: Миний хувьд ном уншиж, гадуур хаашаа ч хамаагүй алхах дуртай. Алхахаар бүх хэрэггүй бодлууд арилчихдаг.
The Royal Heartaches өөрсдийн ойрын ирээдүйд урдаа тун тодорхой зорилго тавьсан нь шинэ цомгийнхоо ажилд ханцуй шамлан орж, олон улсын фестивалиудад оролцох явдал гэнэ. Өнгөрсөн жил тэд олон улсын Zandari фестивальд оролцохдоо дэлхийн хөгжмийн салбар хаашаа чиглэж байгааг биеэрээ мэдэрч, тухайн туршлага ямар үнэ цэнтэй болохыг ойлгожээ. Мөн гурав дахь цомгийн хувьд тодорхой товлосон цаг хугацаа байхгүй, дуу гэдэг угаас хэзээ төрөх нь мэдэгдэхгүй, хүчээр төрдөггүй зүйл учраас бэлэн болсон үед нь л дэлгэж тавихаа хэллээ.
Ярианы төгсгөлд танай дуунуудаас урам зориг авч, сэтгэлээ дэвтээж явдаг сонсогчдодоо хандаж үг хэлээч?
Биднийг “тоож” сонсдогт үнэхээр баярлалаа. Та нар байхгүй бол бид ч байхгүй. Биднийг сонсож, мэдэрч байгаа хүн бүр уран бүтээлийг маань бүрэн бүтэн болгож өгдөг. Тиймээс бид аль болох дуу хөгжмөө зогсоохгүй, та бүхэндээ зориулж уран бүтээлээ хийсээр байхыг хичээнэ ээ.
Хамтран ажилласан