Хайх

Buro 24/7-гийн гоо сайхны толь бичиг: B – biotin

Buro 24/7-гийн гоо сайхны толь бичиг: B – biotin

Тоолшгүй олон давуу тал

Text: Buro.Mongolia


Зураг:

Биотиныг яагаад гоо үзэсгэлэнгийн амин дэм гэж нэрлэдэг вэ, юуны учир эмзэг арьстай хүмүүс биотинд дурладаг вэ, мөн энэхүү амин дэм нь бидний үсийг юунаас хамгаалах чадвартай вэ

Юуны түрүүнд бидний ээж нар үргэлж сануулдаг зөвлөгөө гарцаагүй үнэн болохыг онцлон хэлэх гэсэн юм. Тэр нь юу вэ гэхээр брокколи байцаа бол үнэхээр л хүний бие организм ба гоо үзэсгэлэнд эерэгээр нөлөөлдөг ид шидтэй ногоо. Энэхүү байцаа нь H эсвэл B7 амин дэм гэж нэрлэгддэг биотины хамгийн гол байгалийн эх үүсвэр юм. Бидний бие организмд биотин дутагдаж эхлэх үед нүүрний арьсан дээр улаан өнгөтэй тууралт (ихэвчлэн хамрын эргэн тойронд) гарч, арьс хуурайшиж, эмзэг болж, өнгөө алдаж эхэлдэг. Заримдаа бүр арьс загатнах тохиолдол ч бий. Их хотын завгүй амьдрал дунд биотины дутагдал нь сэтгэлийн хямрал, уур уцаартай зан байдал, ядарсан мэдрэмж үүсгэж, үсний өнгө алдагдаж мөн нүүрний булчин сулрахад нөлөөлөх магадлалтай байдаг.

Ерөнхийдөө бидний бие организмд маш бага хэмжээний биотин шаардлагатай байдаг тул түүнийг заримдаа бас микро амин дэм гэж нэрлэдэг. Хэдий тийм ч биотины тун ихэднэ гэсэн ойлголт огт байдаггүй. Биотин нь усанд уусдаг амин дэмүүдийн бүлэгт багтдаг бөгөөд арьсанд маш хялбархан бас гүнзгий нэвтэрч, эсийн шинэчлэгдэх үйл явцыг дэмжиж, булчингийн эсийн тоог ихэсгэдэг.

Биотиныг хайрлах бас нэгэн чухал шалтгаан нь түүний ферментэд нөлөөлөх чадвар юм. Амин хүчлийг глюкоз болон хувирах нийллэгийн үеэр биотин инсулинд тусалж, цусан дахь сахарын түвшинг тэнцвэржүүлж өгдөг. Дашрамд дурдахад энэхүү амин дэм нь жимсэнд агуулагддаггүй бөгөөд түүхий өндөгний цагаан хэсэг нь биотины үйл ажиллагааг идэвхгүй болгодог сонирхолтой баримт бий. Тиймээс хэрвээ та спортоор хичээллэх зорилгоор уурагтай хоолны дэглэм баримталдаг бол H амин дэмийн хэрэглээг ихэсгэж, бие организм дахь биотины хэмжээгээ тэнцвэржүүлээрэй. Гэхдээ үүнийг уншаад сандарсны хэрэггүй шүү. Чанасан өндөг биотины үйл ажиллагаанд огтхон ч нөлөөлөхгүй тул өглөө бүр идэх дуртай чанасан өндөг ба аспарагус ногоогоо санаа зоволтгүй хэрэглэж болно.

Түүнээс гадна биотин нь уураг ба өөхний тэнцвэрийг зохицуулдаг ферментүүдийн тоонд орж, мэдрэлийн системийг хэт хөөрлийн байдалд орохоос сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү маш идэвхтэй амин дэм нь бас коллагены синтезд чухал үүрэг гүйцэтгэдэг хүхрийн эх үүсвэр болж өгдөг юм. Хэрвээ таны өдөр тутмын тосонд биотин агуулагдаж байвал энэ нь таны арьсны эсийн нөхөн сэргээх үйл явцыг улам бэхжүүлнэ гэсэн үг. Ийм төрлийн бүтээгдэхүүнийг лазер эмчилгээ гэх зэрэг арьсанд гэмтэл учруулдаг гоо сайхны ажилбарын дараагаар хэрэглэвэл тун тохиромжтой байдаг. Биотин нь арьсны өөрийгөө хамгаалах чанарыг сэргээж, шинэ эс бий болоход нөлөөлдөг учир "Гоо үзэсгэлэнгийн амин дэм" гэх бахархалтай нэртэй болсон юм. Ерөнхийдөө биотины найрлагатай косметикийн бүтээгдэхүүнүүд эмзэг болон хөгширч буй арьсанд төгс тохирдог.

Харин үсний тал дээр мэргэжилтнүүдийн үзэл бодол ихэвчлэн зөрөлддөг. Зарим мэргэжилтнүүд биотины хэрэглээ үсний нөхцөл байдлыг сайжруулдаг гэх шинжлэх ухааны ямар ч баримт байхгүй хэмээн маргадаг. Биотины хэрэглээ хамгийн анх АНУ-д алдартай болж, гоо сайхны томоохон компаниуд энэ амин дэмийг хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж эхэлсэн юм. Тэгэхдээ хэрэглэгчдийн хариу сэтгэгдэл хоорондоо зөрөлдөж байсныг дурдах хэрэгтэй. Зарим нь үсний нөхцөл байдал сайжирсан, зарим нь ямар ч ялгаа мэдрээгүй, харин цөөн хэдэн хүмүүс нь бүтээгдэхүүнээс таагүй гаж нөлөө анзаарсан хэмээн мэдэгдсэн байдаг.

Биотины эерэг нөлөөг өмгөөлдөг хүмүүсийн хэлж буйгаар энэ амин дэм нь бодисын солилцоог тэнцвэржүүлж, цагаасаа эрт бууралтах төдийгүй мөн үс унах үйл явцыг зогсоодог аж. Тэдгээр хүмүүсийн дунд орших хамгийн өөдрөг үзэлтэй нэгэн нь бүр биотин нь үсний өнгийг сэргээдэг хэмээн зарлах тохиолдол ч бий.

 

цааш үзэх