Хайх

Гоо сайхны боловсрол: Ретинолыг хэдэн наснаас эхлэн хэрэглэх вэ?

Гоо сайхны боловсрол: Ретинолыг хэдэн наснаас эхлэн хэрэглэх вэ?

Text: Э.Цовоо


Арьс арчилгаанд хамгийн их ярьдаг найрлагуудын нэг бол яах аргагүй ретинол. Хар, цагаан батга, хялгасан үрчлээг багасгах, арьсны бүтцийг жигдлэх зэрэг олон талын ашиг тустай энэ орцын талаар хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт нь бол мэдээж “хэзээнээс хэрэглэж эхлэх ёстой вэ” билээ.

Ретинол бол витамин А-ийн дериватив бөгөөд серум, зовхины тос, тэжээлийн тос зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнд агуулагддаг. Арьсны эсийн нөхөн төлжилтийг түргэсгэж, коллагены нийлэгжилтийг дэмждэг тул бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэж, батга, хар батганаас сэргийлэхэд нэн тустай байдаг билээ. Харин ретинолын талаар арьсны эмч Киран Миан “Ретинолыг хөгшрөлтийн шинж тэмдэг илэрч эхлэхээс өмнө, урьдчилан сэргийлэх зорилгоор 25 наснаас эхлэн хэрэглэж болно” хэмээн зөвлөжээ. Энэ наснаас эхлэн коллагены түвшин буурч эхэлдэг бөгөөд мөн нарны туяа, стресс, буруу хооллолт, хангалтгүй нойр зэрэг нь хөгшрөлтийн үйл явцыг улам түргэсгэдэг байна.


Таны арьсанд ямар төрлийн ретинол тохирох вэ? 

Мэдрэмтгий арьсанд цочрол багатай капсулжуулсан ретинолтой бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой бол хуурай арьсанд давхар гиалуроны хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Харин хөгшрөлт илүү мэдэгдэхүйц болсон арьсанд ретинол болон пептид хосолсон бүтээгдэхүүн илүү үр дүнтэй байдаг бол тослог ихтэй арьсанд ниацинамидтай ретинол тохиромжтой байдаг аж.


Хэрхэн хэрэглэх вэ? 

Ретинолыг хэрэглэж эхлэхдээ долоо хоногт нэг удаа, шөнө нүүрээ цэвэрлэсний дараа хэрэглэх ба дээрээс нь заавал чийгшүүлэх тос түрхэнэ. Харин та эмзэг арьстай бол “сэндвич арга” буюу чийгшүүлэгч тос + ретинол + чийгшүүлэгч тос гэсэн давхарлах аргыг ашиглаж болно.

Хэдэн долоо хоногийн дараа арьс ретинолын үйлчилгээнд дасах тусам хэрэглээний давтамжаа хоёр, улмаар гурван удаа болгон нэмэгдүүлээрэй. Мөн ретинол хэрэглэх үед арьс илүү мэдрэмтгий болж, нарны туяанд амархан түлэгдэх учир нарны тос заавал түрхэх хэрэгтэй гэдгийг мартуузай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх