Хайх

Рианнагийн косметикийн брэндийг оны шилдэг шинэ нээлтээр нэрлэлээ

Рианнагийн косметикийн брэндийг оны шилдэг шинэ нээлтээр нэрлэлээ

Fenty Beauty брэнд Time сэтгүүлийн жил бүрийн шилдгүүдийн жагсаалтад багтжээ

Text: Бюро 24/7


Зураг:

Time сэтгүүлийн албан ёсны вебсайт дээр "Best Invention of The Year" буюу "Оны шилдэг шинэ нээлт" санал хураалтын ялагчдын жагсаалт нийтлэгдлээ. Энэ удаагийн жагсаалтад 2017 оныг тодорхойлох нийт 25 төсөл багтжээ. Эдгээр ялагчдыг шүүгчид олон зуун төсөл, шинэ брэнд дундаас сонгон шалгаруулсан байна.

Ингээд ялагчдын тоонд Jibo хувийн робот, eSight 3 нэртэй хараагүй хүмүүст зориулагдсан виртуал бодит байдлын нүдний шил, iPhone X, Nike Pro цувралын спорт хижаб болон Рианнагийн есдүгээр сард үүсгэн байгуулсан Fenty Beauty косметикийн брэнд орсон байна.

Time сэтгүүлийн зүгээс энэхүү сонголтоо тайлбарлахдаа Рианнаг бүх төрлийн өнгийн арьсанд зориулагдсан бүтээгдэхүүн гаргаж чадсан тул уг жагсаалтад оруулахаар шийдсэн гэдгээ онцолжээ. Сануулж хэлэхэд Fenty Beauty брэнд анхны цуглуулгадаа 40 төрлийн өнгөний сонголттой суурь крем санал болгосон юм.

"Эмэгтэй хүн бүр энэхүү төслийн нэгэн хэсэг болсон мэт мэдрэмж аваасай гэж би хүссэн. Энэ нь надад маш чухал байсан. Косметик бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн үйл явцад би өөрийгөө 100 хувь дайчилсан. Би аливаа сорилтод дуртай учраас цаашид ч энэ салбарын хязгаарыг тэлж, цагийг зугаатай өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна" хэмээн Рианна Time сэтгүүлтэй сэтгэгдлээ хуваалцжээ.

Энэ дашрамд дурдахад арваннэгдүгээр сарын 23-нд Fenty Beauty брэндийн «Stunna» нэртэй анхны улаан өнгийн уруулын будаг худалдаанд гарах болно.

цааш үзэх