Хайх

Byredo, diptyque зэрэг энэ хавар туршиж үзэх 5 үнэртэн

Byredo, diptyque зэрэг энэ хавар туршиж үзэх 5 үнэртэн

Энэ улиралд шинээр гарсан, өндөр эрэлттэй үнэртнүүд

Text: Buro.Mongolia


Нарлаг дулаан хаврын улирал аль хэдийн иржээ. Сэтгэл сэргээсэн эдгээр өдрүүдэд бид хувцасны шүүгээнээс эхлээд гоо сайхны бүтээгдэхүүнүүд хүртэл олон зүйлийг шинэчилдэг. Тэр дундаа шинэ улирлыг илтгэх шинэ үнэртэй ус нэн чухал билээ. Харин энэ улиралд ямар сүрчиг сонгохоо мэдэхгүй байгаа бол бүхий л сэтгэл хөдлөлийг нэг дор мэдрүүлэх ”Mixed Emotions”, далайн эрэг дээрх амралтыг санагдуулах “On the Beach” зэрэг саяхан танилцуулагдсан хэдий ч маш өндөр эрэлттэй байгаа таван сүрчгийг анхааралдаа аваарай.

Byredo - Mixed Emotions

Byredo, diptyque зэрэг энэ хавар туршиж үзэх 5 үнэртэн (фото 1)

Byredo үнэртний ордон хэдхэн хоногийн өмнө ээлжит нэгэн хачирхалтай үнэртнээ танилцуулсан нь Mixed Emotions байлаа. Сэтгэлийн мэдрэмжийг үнэрээр илэрхийлнэ гэдэг хэцүү ч үхрийн нүд, цайны навч, хусан ой гээд цөөхөн ноотуудаар бүтсэн Byredo-гийн шинэхэн сүрчиг танд бүхий л сэтгэл хөдлөлийг нэг дор мэдрүүлэхээр бүтээгджээ.

Сонирхуулахад, 2006 онд Швед улсын нийслэл Стокгольм хотноо үүсгэн байгуулагдсан Byredo брэнд нь үгээр илэрхийлэхийн аргагүй өвөрмөц, бүтээлч үнэртнүүд санал болгодгоороо алдартай билээ. Брэндийн үүсгэн байгуулагч Бен Горам үнэртэнд хэтэрхий олон орц холих нь хоорондын зохицлыг үгүй хийх магадлалтай гэж үздэг учраас сүрчигнүүдийнхээ орцыг аль болох цөөн байлгахыг эрхэмлэдэг онцлогтой.

Louis Vuitton - On the Beach

Byredo, diptyque зэрэг энэ хавар туршиж үзэх 5 үнэртэн (фото 2)

Нартай өдөр, далайн эрэг дээр биеэ шарж хэвтэх тэр мэдрэмж хэрхэн үнэртэх байсан бол. Энэхүү тансаг мэдрэмжийг Louis Vuitton брэндийн On the Beach хэмээх шинэхэн сүрчигнээс мэдрэх боломжтой боллоо. Алдарт үнэртэн бүтээгч Жак Кавалье Белетрудтэй хамтран бүтээсэн уг үнэртэн нь ганга, розмарин, ягаан чинжүү зэрэг өвслөг ургамал, Японы юзу ургамал, нероли зэрэг цитрусын үнэрийг хослуулсан тул таныг эрч хүчтэй, цэвэр цэмцгэр мэдрүүлэх болно.

diptyque - Orphéon

Byredo, diptyque зэрэг энэ хавар туршиж үзэх 5 үнэртэн (фото 3)

Diptyque брэнд өөрсдийн анхны бүтикийн дэргэд байрладаг шөнийн бааранд хүндэтгэл үзүүлэх зорилгоор мод ба цэцэгсийн ноотуудыг төгс хослуулсан Orphéon хэмээх үнэртэн танилцууллаа. Тонка шошийг хуш, мэлрэг, арцны жимстэй уусгасан энэхүү сүрчиг нь хурц атлаа анхилуун үнэртэй юм.

Valentino Donna - Yellow Dream

Byredo, diptyque зэрэг энэ хавар туршиж үзэх 5 үнэртэн (фото 4)

Valentinо брэнд "Donna Yellow Dream" хэмээх цэцэгсийн ангилалд багтах шинэхэн үнэртнээ саяхан худалдаанд гаргасан байгаа. Шилэн бортог доторх баглаа цэцэг хэмээн зүйрлэж болох уг сүрчиг нь итали нимбэг, цагаан заар, сарнайн эссенс зэрэг сэргэг ноотуудаараа баялаг тул дулаан улиралд гайхалтай тохирох үнэртэн юм.

Tom Ford - Tubéreuse Nue

Byredo, diptyque зэрэг энэ хавар туршиж үзэх 5 үнэртэн (фото 5)

Tom Ford бол эргэлзээгүй үнэртэн сонирхогчдын талархлыг хүлээсэн брэнд билээ. Цуврал бүрээрээ сэтгэл догдлуулсан сүрчгийг бүтээдэг тэд энэ удаад Tubéreuse Nue хэмээх мэлрэг цэцэг, халуун ногоотой акигалавуд, тимут чинжүүний ноотоос бүтсэн сэтгэл сэргээм, өдөөн хатгасан үнэртнийг танилцуулжээ.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх