Хайх

Үнэгэн нүд: Филлерийн дараах шинэ галзуурал

Үнэгэн нүд: Филлерийн дараах шинэ галзуурал

Мөн энэ тренд нь яагаад асуудалтай вэ?

Text: Buro.Mongolia


Instagram эриний төгс царайг хүлээн авна уу. Логикт нийцэшгүй пропорцууд, байгалиас байж боломгүй тэгш хэм, цаашлаад өндөр шанаа, дүүргэгчтэй цорвогор уруул, меланин пигментийн дундаж хэмжээг үгүйсгэж хиймэл аргаар хэт борлуулсан арьс, мөн хамгийн сүүлд дэлгэрээд буй үзүүрийг нь дээш нь татчихсан мэт үнэгэн нүд. Нэг үгээр бол яг л Кендалл Женнер, эсвэл Белла Хадидынх шиг царай гэсэн юм.

Дээр дурдсан царайн онцлогуудыг орчин үеийн косметик ажилбарууд болон технологийн дэвшлийн тусламжтай тун ч хялбар олж авах боломжтой болсон. Филлер, зураг засдаг апп зэргийн ачаар тур хугацаанд ч болов тэрхүү Instagram эриний "төгс" царайг олж авах ба үүнд ердөө хэдхэн хором л шаардагдана. Магадгүй эдгээр царайн онцлогуудыг хүмүүс эртнээс л хүсэмжилж ирсэн байх. Одоо харин олон нийтийн сүлжээ болон тус сүлжээн дэх инфлюенсерүүдийн нөлөөнд энэ төрх нь ийм өндөр эрэлттэй болоод байгаа юм. Жишээ нь Instagram дээрх ‘Cat eyes and lenses' (@sasha_soul_art) филтер л гэхэд Кендал Женнертэй огт төсгүй хүнийг ч хүртэл түүнтэй ижил болгож чадна. Учир нь Кендаллын царай одоо хамгийн хүсэмжит царайнуудын нэг болсон бөгөөд түүн шиг царайг зөвхөн Z үеийнхэн гэлтгүй өөр, өөр насны бүсгүйчүүд ч мөрөөдөх болжээ.

Ойлголт өгөх үүднээс сонирхуулахад, энэ оны нэгдүгээр сард Лондонгийн SAS Aesthetics эмнэлгийн үүсгэн байгуулагч, эмч Масса Салеки "үнэгэн нүд" процедурыг £500 үнээр хийж эхэлсэн бөгөөд бүсгүйчүүд цайны цагаараа гүйж орж ирэн нүднийхээ хэлбэрийг хамгийн сүүлийн үеийн тренд дагуу өөрчлөх боломжтой болсон юм. Энэ процедурыг хийхэд арьсанд уусдаг тусгай утас ашигладаг бөгөөд утасны тусламжтай нүдний үзүүрийг дээш нь татчихдаг байна. Мөн процедурыг хийхэд ердөө 30 минут л шаардагдах болно.

Үнэгэн, бас бүйлсэн гэж хэлж болмоор ийм хэлбэртэй нүдийг бүсгүйчүүд эртнээс л хүсэмжилж ирсэн. Бүсгүйчүүд зурган дээрээ нүднийхээ хэлбэрийг апп-ний тусламжтай өөрчилж, гараа чамархай дээрээ тавьснаар тодорхой хэмжээнд нүдээ дээш татсаар ирсэн. Зарим нь бүр хөмсөгнийхөө үзүүрийг хусаж, илүү тэгш хэлбэртэй болгосноор оптикийн хувьд илүү үнэгэн нүдтэй мэт харагддаг билээ. Мөн мэдээж бас мейкапын ачаар хүссэн үр дүндээ хүрч болно.

Энэ тренд яагаад асуудалтай болохыг тайлбарлах шаардлагагүйгээр ойлгомжтой байх. Юуны өмнө энэ нь үндэстэн ястны өв соёлын нормыг алдагдуулж, өөртөө итгэх итгэлийг бууруулж, бодит бус хүлээлт бий болгож, хувь хүний онцлог шинжгүй хоорондоо ижил төстэй клонууд бүтээж байна. Үүнээс гадна өөр олон ч асуудал бий. Ямартаа ч физикийн хуулиас гадуурх ийм царай хүсэхээсээ өмнө дахин нэг удаа сайтар эргэцүүлэхийг зөвлөж байна.

 

цааш үзэх