Хайх

Валентины баяраар хэрэгжүүлэх маникюрын 5 санаа

Валентины баяраар хэрэгжүүлэх маникюрын 5 санаа

Text: Э.Цовоо


Дэлхий нийтээрээ өргөн хүрээнд тэмдэглэдэг Гэгээн Валентины өдөр хаяанд ирлээ! Мэдээж энэхүү дурлалт өдрөөр хайртай хүндээ хамгийн гоёор харагдахыг эмэгтэй хүн бүр хүсэх нь дамжиггүй. Тиймээс өөрийгөө баярлуулах жижигхэн шалтаг болгож, энэ хоёрдугаар сард хумсаа шинэ өнгө, зөөлөн детальтайгаар будаад үзээрэй. Ялдам ягаан, гал улаан, сонирхолтой хээ гээд хайр дүүрэн өдрүүдэд тань өнгө нэмэх, яг одоо тренд болж буй маникюрын санаануудыг хүргэж байна.


Улаан өнгийн хром будалт

Мөнхийн сонгодог гэгддэг улаан өнгийн будалт ямар ч нөхцөлд гайхалтай сайхан зохицдог билээ. Эрхэмсэг, хүчирхэг, эмэгтэйлэг байдлын илэрхийлэл болсон тус өнгийг хром хэв маягтай хослуулан Валентины баярын өнгө төрхөө бий болгоорой. Энэхүү будалт нь ямар ч урт, хэлбэртэй хумсанд зохицдог гэдгээрээ мөн давуу талтай.

Валентины баяраар хэрэгжүүлэх маникюрын 5 санаа (фото 1)
Валентины баяраар хэрэгжүүлэх маникюрын 5 санаа (фото 2)

Ялдам, зөөлөн ягаан өнгө

Ялдам, зөөлөн ягаан өнгө нь илүү дутуу чимэглэлгүй, цэмцгэр маникюр сонирхдог бүсгүйчүүдэд яг тохирно. Арьсны өнгийг сэргээж, гарыг илүү цэвэрхэн, эмэгтэйлэг харагдуулдаг энэ будалт нь өдөр тутамд ч, гэгээн хайрын баярын өдөр ч энгийн атлаа гоёмсог мэдрэмж төрүүлнэ.

Валентины баяраар хэрэгжүүлэх маникюрын 5 санаа (фото 3)
Валентины баяраар хэрэгжүүлэх маникюрын 5 санаа (фото 4)

Амьтны хээ

Тансаг, эрч хүчтэй, cool харагдахыг хүсвэл энэхүү баярын өдрөөр та төрөл бүрийн амьтны хээтэй будалтыг туршаад үзээрэй. Тун сонирхолтой уг будалт нь таны хувцаслалт, хэв маягт шинэ өнгө төрх үүсгэнэ гэдэгт итгэлтэй байна. Харин хумсны хэлбэрийн хувьд дундаж урттай, дөрвөлжин болон зууван хэлбэр тохиромжтой.

Валентины баяраар хэрэгжүүлэх маникюрын 5 санаа (фото 5)
Валентины баяраар хэрэгжүүлэх маникюрын 5 санаа (фото 6)

Lip Gloss маникюр

Quiet luxury буюу даруу тансаг хэв маяг нь гоо сайхан, загварын салбарт түүчээлж буй чиг хандлагуудын нэг билээ. Загварын ертөнцөд үүнийг өө сэвгүй эсгүүр, ширхэг ч илүүдэлгүй, минимал бөгөөд цэмцгэр хийцтэй хувцсаар илэрхийлдэг бол маникюр дээр ч мөн адил зарчим үйлчилнэ. Хэт тод өнгө, чимэглэлээс татгалзаж өнгөгүй, эсвэл сүүн цагаан өнгөтэй гялалзсан будгийг сонгоорой. Мөн тус будалтыг хэрэгжүүлэхэд таны хумс эрүүл, жигд өнгөтэй, мөн хэт урт, бас хэт богино биш байх хэрэгтэй.

Валентины баяраар хэрэгжүүлэх маникюрын 5 санаа (фото 7)
Валентины баяраар хэрэгжүүлэх маникюрын 5 санаа (фото 8)

Тас хар өнгө

Хэрэв та энэ Валентины баярыг ганцаараа өнгөрөөхөөр төлөвлөсөн, эсвэл баярын уур амьсгалыг төдийлөн мэдрэхгүй байвал гялалзсан тас хар өнгийг сонгоорой. Даруухан атлаа хүчтэй энэ өнгө нь сэтгэл хөдлөлд баригдалгүй, өөрийн хэв маягаа илэрхийлэхэд тохирохоос гадна ямар ч төрлийн хувцастай амархан зохицно. 

Валентины баяраар хэрэгжүүлэх маникюрын 5 санаа (фото 9)
Валентины баяраар хэрэгжүүлэх маникюрын 5 санаа (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх