Хайх

Үүсэл, хүлээлт, дахин төрөлт: Н.Зулцэцэгийн анхны бие даасан график үзэсгэлэн нээлтээ хийлээ

Үүсэл, хүлээлт, дахин төрөлт: Н.Зулцэцэгийн анхны бие даасан график үзэсгэлэн нээлтээ хийлээ

Text: Д.Марал


Вена хотод урлагийн их сургууль дүүргэсэн залуу зураач Н.Зулцэцэг “im Haus mitten auf dem Weg” буюу “Замын дундах байшинд” нэртэй анхны бие даасан график үзэсгэлэнгээ дэлгэлээ.

Сүүлийн хэдэн жилийн турш Вена хотод график буюу зураасан зургийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалан, тэндээ Монгол төдийгүй гаднын уран бүтээлчидтэй хэд хэдэн хамтарсан уран зургийн үзэсгэлэн гаргаад амжсан зураач Н.Зулцэцэг эх орондоо анхны бие даасан үзэсгэлэнгээ танилцууллаа. Тэрээр сонирхолтой арга барилаар бүтсэн график ажлууд, гараар хийсэн арт ном, инсталляци зэргийг дэлгэж, өөрийн мэдрэмжээ ил гаргасан юм. Бид уран бүтээлчийн үзэсгэлэнгээр зочилж, түүнээс график уран зураг гэж юу болох, үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийн цаад утга санаа, мөн өнөөгийн хүнд хэцүү байдал хэрхэн уран бүтээлд нь нөлөөлж байгаа талаар асууж, сонирхолтой нэгэн яриа өрнүүлсэн тул ийнхүү уншигчидтайгаа хуваалцаж байна. 

Үүсэл, хүлээлт, дахин төрөлт: Н.Зулцэцэгийн анхны бие даасан график үзэсгэлэн нээлтээ хийлээ (фото 1)

Та үзэсгэлэнгийнхээ талаар ярихгүй юу. Уран бүтээлээрээ дамжуулж юу илэрхийлэхийг хүссэн бэ? 

Энд дэлгэгдсэн зургуудыг бүтээхэд нөхөр, охин хоёр маань их түлхэц болсон. Тэд коронавирусын цар тахал эхлэхээс өмнө нутаг буцаж харин би их сургуулиа төгсөх хэрэгтэй байсан тул Венад үлдэж байсан юм. Тухайн үед ганцаараа үлдээд хэцүү байхад дээрээс нь өвчин гарч, хөл хорионд ороод зогсохгүй гэр бүл рүүгээ явж чадахгүй байдалд орсон тул хурдхан сургуулиа төгсөхийг зорьж, дипломын ажлаа эхлүүлж байлаа. Дипломын ажилдаа “im Haus mitten auf dem Weg” буюу “Замын дундах байшинд” хэмээн нэр өгч байсан бөгөөд үүнд нийт найман ажил багтсан. Харин зохиомжийн хувьд зургуудаа охиндоо зориулсан юм. Би түүнийгээ гэдсэндээ тээж байх үеийг дурсаж, тухайн үед надад ямар мэдрэмж төрж байсан, ямар бодлууд толгойд орж ирж байсан зэргийг бодож явсаар хөл хорионд орсон үедээ дипломын ажлаа хийж гүйцэтгэсэн. Тэрхүү санаа нь улам өргөжиж, ийнхүү дипломын ажлын хажуугаар хийсэн ажлуудаа мөн энд дэлгэсэн байгаа. Үзэсгэлэнд багтсан эдгээр 50 гаруй бүтээлийг үүсэл, хүлээлт, дахин төрөлт гэсэн санаанууд нэгтгэж байгаа юм. 

Үзэсгэлэнгээ яагаад “Замын дундах байшинд” гэж нэрлэхээр шийдсэн бэ?  

Зургуудыг ажиглавал ураг, хүүхэд болоод байгалийг дүрсэлсэн нь анзаарагдана. Гэхдээ би үзэсгэлэндээ шууд “Ураг” гээд нэр өгөх юм бол тохиромжгүй санагдсан учраас энэ бүх санаа төрхөд надад яг юу нөлөөлсөн гэдгийг би өөрөөсөө асуусан юм. Зураачид бид нар чинь нэг ёсондоо байнга л хөл хорионд байдаг хүмүүс шүү дээ. Бодит байдал дээр хөл хорио тогтоогдоогүй байсан ч урландаа үргэлж ажлаа хийж, нэг төрлийн хөл хорионд ордог гэж хэлж болох юм. Тиймээс бидэнд нийгэм, цэвэр агаар, байгаль нэн хэрэгцээтэй байдгийг ойлгосон. Тэгээд гадаа гарангуут мод, байгаль орчин, нар, агаар үнэхээр сайхан санагдаж, хүмүүстэй амьд харилцаа үүсгээд уулзах ямар үнэ цэнтэй болохыг ухаарч ийнхүү “Замын дундах байшин” гэх нэрийг бодож олсон юм. Байшин гэдэг нь өөрөө оюун санааг илтгэж, харин зам гэдэг нь хүн бүр өөрийн гэсэн амьдралын замтай гэдгийн илэрхийлэл. Түүнчлэн яг одоо цагт амьдарч, гэр бүл, хайртай хүмүүстэйгээ байх хугацаагаа үнэлэх хэрэгтэй гэх санааг мөн байшингаар илэрхийлэхийг хүссэн. 

Үүсэл, хүлээлт, дахин төрөлт: Н.Зулцэцэгийн анхны бие даасан график үзэсгэлэн нээлтээ хийлээ (фото 2)

Уран зургуудаас гадна танхимын нуугдмал газар нэгэн сонирхолтой инсталляци олж харлаа. 

Энэхүү модоор хийгдсэн инсталляцийг үзэсгэлэндээ зориулж хийсэн. Зургийг нь бол анх Австрид байх үедээ зурж байсан юм. Дотор өрнөж байдаг тэрхүү хачирхалтай мэдрэмжээ л энэхүү хөдөлгөөнтэй инсталляциар дамжуулж харуулахыг зорьсон. Мөн хүний сэтгэл гэдэг чинь их нууцлагдмал байдаг болохоор инсталляцийг үзэсгэлэнгийн танхимын хамгийн нуугдмал газар байрлуулсан нь энэ.

Үүсэл, хүлээлт, дахин төрөлт: Н.Зулцэцэгийн анхны бие даасан график үзэсгэлэн нээлтээ хийлээ (фото 3)

Таны бүтээлүүдэд байгалийн өнгө аястай зөөлөн өнгөнүүд тас хар өнгөтэй хосолсон байна. Энэхүү хүйтэн дулааны хоршил ямар учиртай вэ?

Би өмнө нь маш тод өнгөөр зурах дуртай байлаа. Байгаль эсвэл хүнийг дүрслэхдээ ялгаагүй л маш тод өнгөнүүдээр илэрхийлэх дуртай байсан юм. Харин дараа нь нэг хэсэг хар өнгөнд дурлаж, зөвхөн хар өнгөөр зурах дуртай болсон байсан. Энэ бүхэн миний дотроос л гарч ирдэг. Би өөрт мэдрэгдсэн зүйлсээ л буулгадаг. Байгалийн өнгө аяс зургуудад мэдрэгдэж байгаа нь болохоор миний өмнө нь хэлсэнчлэн байгаль орчны үзэсгэлэн гоо, хүмүүстэй уулзахад төрж байсан тэрхүү халуун дулаан мэдрэмжийг ингэж дүрсэлсэн. Мөн зохиомждоо санаатайгаар хар өнгөнүүд оруулсандаа биш мэдрэмждээ хөтлөгдөн энэхүү өнгөний зохицлыг бий болгосон юм.

Үүсэл, хүлээлт, дахин төрөлт: Н.Зулцэцэгийн анхны бие даасан график үзэсгэлэн нээлтээ хийлээ (фото 4)

Уран бүтээл туурвих арга барил тань их өвөрмөц санагдлаа. Та зөвхөн график буюу зураасан зургийн техникээр дагнан уран бүтээлээ туурвидаг уу? 

График зургийг өөрөөр бар зураг гэж нэрлэдэг. Дотроо модон бар, төмөр бар, торгон бар гээд олон төрөл бий. Энд өлгөөтэй байгаа бүтээлүүдийг хийхийн тулд би төмөр болон модон хавтан, мөн зураасан зураг, plate lithography зэрэг техникүүдийг ашигласан. Түүнчлэн акрил будаг болон элс хэрэглэсэн. Би өмнө нь Монголд монумэнталь ангийг төгсөж байсан болохоор энэ нь миний уран бүтээлд нөлөөлсөөр байгаа. Жишээ нь бүтээлээ илүү томоор, том хэмжээтэй хийх дуртай гэдгээ анзаарсан юм. Тэгэхээр зөвхөн график зургаар буюу нэг төрлөөр дагнан зураг зурдаггүй.

Үүсэл, хүлээлт, дахин төрөлт: Н.Зулцэцэгийн анхны бие даасан график үзэсгэлэн нээлтээ хийлээ (фото 5)

Энэ таны анхны бие даасан үзэсгэлэн шүү дээ. Сэтгэлзүйн хувьд амаргүй байсан байх?

Хоёр сарын өмнө энэ үзэсгэлэнгээ гаргана гэж шийдээд л үүндээ маш их ач холбогдол өгсөн. Хүн өөрийн хийдэг зүйлд үнэ цэнэ өгөх тусам бусад хүмүүст тэр хэмжээгээр хүрдэг болов уу гэж боддог. Миний хувьд мэдээж маш их хүлээлт байсан. Ядаж байхад нээлтийн өдөр хотод маш шороотой байсан болохоор хүн ирэх юм уу л гэж дотроо бодон шаналж байлаа. Тэр өдөр хоол хоолойгоор давахгүй хэцүү байсан шүү. Би амьдралдаа анх удаагаа л тэгж сандарсан байх. Гэхдээ санасныг бодвол маш их хүн хүрэлцэн ирсэн. Нээлтийн дараа дотроос нэг юм аваад хаячихсан мэт, ахиад хүүхэд төрүүлчихсэн юм шиг л санагдаж байв (инээв).

Сүүлийн үед дэлхий дахинаа тохиож буй үйл явдлууд таны уран бүтээлд хэрхэн нөлөөлсөн бэ?

Маш ихээр нөлөөлсөн гэж хэлж болно. Миний энэ үзэсгэлэнгээрээ хэлэх гээд байгаа зүйл бол өдөр болгон л нэг юм тохиож байна. Саяхан л гэхэд талбай дээр жагсаал болсон. Тэр үеэр би үзэсгэлэндээ бэлдээд явж байх нь надад хэцүү санагдаж байсан. Тайван бус цагт амьдарч байна гэдгээ мэдэрсэн шүү. Тиймээс үзэсгэлэнгээрээ дамжуулан хүмүүс бид хамт байх хугацаагаа мартагдашгүй өнгөрөөх хэрэгтэй юм байна. Хором мөч бүрийг мэдэрч одоо цагтаа л байх хэрэгтэй юм байна гэдгийг харуулахыг хүссэн. Мөн хайртай хүмүүстэйгээ байх хугацаагаа мэдэрч, хэзээд ч ямар нэгэн зүйл тохиож болно гэдгийг ухаарах хэрэгтэй санагдсан. Маргааш юу болохыг хэн ч тааж мэдэхгүй. Яг одоо бол дайн болж байна, өвчин ч дуусаагүй байна. Титаникийн онгоц сүйрч байхад хөгжимчид хөгжмөө тоглосоор л байсан шиг би уран бүтээлчийн хувьд тийм л мэдрэмжтэй байгаа. Бид уран бүтээлээ хийхээс өөр яаж чадах вэ дээ. 

Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье.

Үүсэл, хүлээлт, дахин төрөлт: Н.Зулцэцэгийн анхны бие даасан график үзэсгэлэн нээлтээ хийлээ (фото 6)
Үүсэл, хүлээлт, дахин төрөлт: Н.Зулцэцэгийн анхны бие даасан график үзэсгэлэн нээлтээ хийлээ (фото 7)

Н.Зулцэцэгийн “Замын дундах байшинд” нэртэй анхны бие даасан график үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг дуустал B contemporary art gallery-д дэлгэгдэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх