Хайх

2023 оны эхний хагаст нээлтээ хийх бүтээлүүд: “Barbie”, “The Little Mermaid”, “John Wick 4” болон бусад

2023 оны эхний хагаст нээлтээ хийх бүтээлүүд: “Barbie”, “The Little Mermaid”, “John Wick 4” болон бусад

Text: Buro.Mongolia


Энэ жил кино урлагийн салбар шинэ кино бүтээлүүдээр баялаг байх төлөвтэй байна. Бид үзэгчдийн зүгээс маш өндөр хүлээлттэй байгаа, ойрын зургаан сарын хугацаанд олны хүртээл болох кинонуудыг цуглууллаа.

“Maybe I Do”

Хэзээ: Нэгдүгээр сарын 27

Холливүүдийн алдарт жүжигчид болох Ричард Гир, Дайан Китон, Эмма Робертс, Сюзан Сарандон нар хамтран цоо шинэ комеди кинонд дүр бүтээжээ. Залуу хосууд хоёр талын эцэг эхээ хооронд нь танилцуулахаар шийдсэнээр үйл явдал өрнөнө.

“Magic Mike's Last Dance”

Хэзээ: Хоёрдугаар сарын 10

Тайчигч бүжигчний (Чэннинг Татум) түүхийг өгүүлэх киноны сүүлийн анги. Шинэ ангид жүжигчин Сальма Хайек мөн гол дүрийг бүтээсэн ба киноны үйл явдал Майами болон Лондон хотод өрнөх юм. Анхаарлын төвд мэдээж эрч хүчээр дүүрэн залуучуудын бүжиг байх болно.

“Ant-Man and the Wasp: Quantumania”

Хэзээ: Хоёрдугаар сарын 17

Баатрууд Quantum ертөнц рүү аялж, маш олон аюултай адал явдлуудтай нүүр тулах болно. Сонирхуулахад, Ant-Man триквел нь Marvel ертөнцөд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энэхүү блокбастер нь Marvel ертөнцийн тав дахь үе шатыг нээхийн зэрэгцээ кинонд үзэгдэх хорон санаат Кангийг үзэгчдэд танилцуулж байгаа билээ.

“The Son”

Хэзээ: Хоёрдугаар сарын 23

2020 онд олны хүртээл болсон “The Father” киног найруулсан Флориан Зеллер болон гол дүрд тоглосон Энтони Хопкинс нар “The Son” гэх шинэ бүтээлээр эргэн ирлээ. Питер (Хью Жекман) шинэ эхнэрийн хамт саяхан мэндэлсэн хүүгээ өсгөхийн зэрэгцээ өдөр тутмын асуудлуудтай тулгарна. Гэнэт Питерийн хуучин эхнэр (Лора Дерн) болон тэдний хүү Николас гарч ирэн анхаарал шаардана. Питер амьдрал болон карьераа хослуулж хоёр хүүдээ анхаарал тавьж, тэдэнд сайн эцэг болж чадах болов уу?

“65”

Хэзээ: Гуравдугаар сарын 10

Дуу чимээг мэдэрч хүмүүс рүү дайрдаг мангасуудын тухай харуулах “A Quiet Place” гэх аймшгийн киноны зохиолчдын ээлжит бүтээл. Сансрын нисгэгч Миллсын (Адам Драйвер) хөлөг онгоц сүйрч, улмаар тэрээр өөр гараг дээр буух шаардлагад хүрэх юм. Миллс үлэг гүрвэлүүдтэй ганцаараа тулалдаж, гараг дээрх ганц амьд үлдсэн охиныг аврахаар оролдоно.

“Inside”

Хэзээ: Гуравдугаар сарын 10

Нью-Йорк хот. Дээрэм төлөвлөгөөний дагуу явагдаагүйн улмаас урлагийн бүтээлүүдийн хулгайч Немо (Уиллем Дафо) ухаалаг тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон тансаг зэрэглэлийн пентхаус байшинд ганцаараа түгжигдэх болно.

“John Wick: Chapter 4”

Хэзээ: Гуравдугаар сарын 24

Үйл явдлын тухайд “John Wick: Chapter 3 - Parabellum”-ийн шууд үргэлжлэл болж гарах бөгөөд тус киног 2021 оны тавдугаар сард нээхээр зарлаж байсан ч цар тахлын улмаас хойшилсон билээ.

“John Wick”-ийн ангиуд шинээр гарах бүрдээ орлогоороо өмнөх амжилтаа эвддэг бөгөөд энэ удаад ч тийм хүлээлттэй байна. Үүнээс гадна “Ballerina” нэртэй спин-офф хийгдэж буй бөгөөд жүжигчин Киану Ривз хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэрэв орлогоо л сайн олж байвал цаашдаа ч олон холбогдолтой бүтээлүүд хийх тухайгаа дурдсан билээ.

“Renfield”

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 14

Цус сорогч Дракулагийн (Николас Кейж) туслах Ренфилд (Николас Холт) Нью-Орлеанс хотод суурьшихаар шийднэ. Тэрээр нэгэн цагдаа бүсгүйд дурласан ч Дракула үүнд бухимдаж, тэдний харилцааг эсэргүүцэж эхэлнэ.

“Guardians of the Galaxy Vol. 3”

Хэзээ: Тавдугаар сарын 5

“Guardians of the Galaxy” франчайзын гуравдугаар ангийг бид таван жил тэвчээртэй хүлээсний эцэст энэ жил нээлтээ хийх гэж байна. Хэдий одоогоор киноны үйл явдал хэрхэн өрнөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа ч гол дүрийн баатруудын нэг Питер Квилл өөрийн багаа ахин цуглуулж орчлон ертөнцийг хамгаалах шаардлагад хүрэх нь ойлгомжтой.

“The Little Mermaid”

Хэзээ: Тавдугаар сарын 26

Disney студи шилдэг анимейшн бүтээлүүдээсээ сэдэвлэсэн кино хийсээр байгаа билээ. Энэ жилийн хуьд “The Little Mermaid” кино нээлтээ хийхээр товлогдсон ба үйл явдал анимейшны адил лусын дагина Ариэль (Холли Бейли) ханхүүд дурлаж, улмаар түүнтэй хамт байхын тулд маш хэцүү шийдвэр гаргах болно. Тритон хааны дүрийг жүжигчин Хавьер Бардем бүтээж, Урсула шулмын дүрд Мелисса Маккарти тоглосон байна.

“Elemental”

Хэзээ: Зургаадугаар сарын 6

Pixar студийн ээлжит анимейшн бүтээл ус, агаар, газар, гал гээд дөрвөн элементийн талаар өгүүлнэ. Трейлэрт үзэгдсэнээр гал элементтэй Эмбер санаандгүй усан мах бодтой Уэйдтэй танилцаж, тэдний түүх үргэлжлэх юм.

“Indiana Jones and the Dial of Destiny”

Хэзээ: Зургаадугаар сарын 30

Археологич Индиана Жонсын адал явдлаар дүүрэн амьдралыг харуулах киноны тавдугаар анги удахгүй гарах гэж байна. Үйл явдал тэртээх 1969 оныг харуулах ба Жонс хуучин нацистууд байсан хүмүүстэй тулалдах болно.

“Barbie”

Хэзээ: Долоодугаар сарын 21

Америкийн тоглоом үйлдвэрлэлийн Mattel, Inc. компанийн бүтээл Барбиг мэдэхгүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Тэгвэл “Barbie” кинонд Харли Квинний дүрээрээ олонд танигдсан, австралийн жүжигчин Марго Робби гол дүрийг бүтээж, мөн давхар продюссераар ажилласан бол найз залуу Кений дүрийг Райан Гослинг, найруулагчийн үүргийг Грета Гервиг гүйцэтгэжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх