Анимэ дүр загварын нөлөөлөгч болсон нь
Дэлхийд өөрсдийн гэсэн онцгой содон зураглал, өгүүлэмжээрээ сая сая үзэгчдийг байлдан дагуулж буй Японы анимэ урлаг нь загварын салбарт ч мөн өөрийн онцгой байр суурийг эзэлж байна. Диснейн гүнж, супер баатрууд зэрэг барууны хүүхэлдэйн киноны дүрүүд нь ихэвчлэн хүүхдүүдэд чиглэсэн мерчандайз бүтээгдэхүүний загварт л ашиглагддаг бол Японы анимэ дүрүүд нь загварын сэтгүүлийн нүүрэнд гарч, томоохон брэндүүдтэй хамтарсан цуглуулга гаргадаг нь ямаршуу хэмжээний загварын салбарын нөлөөлөгч вэ гэдэг нь тодхон анзаарагддаг. Тэгвэл таны хувцаслах хэв маягт нөлөө үзүүлж ч мэдэх, өөрийн онцгой дүр төрх, донжийг цогцлоосон дүрүүд бүхий хамгийн загварлаг анимэ бүтээлүүдтэй танилцацгаая.
JOJO'S BIZARRE ADVENTURE



Японы манга артист Хирохико Араки нь Vogue, Harper’s Bazaar, Spur зэрэг загварын нөлөө бүхий сэтгүүлүүдийн зураг авалтуудаас дүрүүдийнхээ санаа сэдлийг аван, 40 орчим жил үргэлжлэн гарч буй домогт манга бүтээл туурвисан нь яах аргагүй “Jojo’s Bizarre Adventure” билээ. Тод өнгөнүүдийг хооронд нь зоригтойгоор хольсон, хурц шийдэмгий өнцөг бүхий хувцас, зүүсгэлээр өөрсдийн хэв маягаа чангаар илэрхийлэх тус анимэ дүрүүд нь 2011 онд Gucci брэндийн сурталчилгаанд хүртэл тоглосон байдаг. Түүгээр ч зогсохгүй бодит амьдрал дээр Америкийн реппер Меган Ти Сталлион болон загвар өмсөгч, жүжигчин Алтон Мейсон нар нь Met Gala зэрэг томоохон арга хэмжээнүүдэд уг анимэ дүрүүдээс санаа авсан өмсгөлөөр гоёсон байдаг нь тус бүтээлийн загварын чансааг илхэн харуулж байна.








NANA

Адилхан Нана нэртэй боловч харагдах төрх, хандлага, үзэл бодлоороо эрс ялгаатай хоёр бүсгүйн нөхөрлөлийн талаар өгүүлэх “Нана” нэрт анимэ нь дүрүүдийнхээ ялгарах онцлогийг загвараар төгс илэрхийлсэн бүтээл мөн билээ. Тэр дундаа их хотод өөрийн шинэ амьдралаа эхлүүлэхээр ханцуй шамлан зүтгэж буй Нана Осаки болон Нана Комацу нарын хувцаслах хэв маяг нь Английн панк хөгжмийн урсгал, сонгодог театрын гоо зүй хийгээд Харажуку гудамжны стиль хослон харагддаг нь Vivienne Westwood брэндийн 1990 оны “Portrait” коллекцийг эрхгүй санагдуулна. Тиймээс Vivienne Westwood брэнд 2025 онд тус манга бүтээлийн 25 жилийн ойд зориулсан Orb зүүлт, Armour бөгж, тартан хээтэй хувцаснаас бүрдэх Vivienne Westwood X Nana нэртэй тусгай капсул цуглуулга гаргасан нь төд удалгүй зарагдаж дууссан билээ.






SAILOR MOON

Sailor Moon болбоос анимэ бүтээл, загвар хоёр хоорондоо хэрхэн гайхалтайгаар хоршин цогцолж болдгийг харуулсан жишиг бүтээл яах аргагүй мөн билээ. Тус анимэ бүтээлийн дүрүүд ямар хэмжээний ганган бэ гэдгийг Chanel, Versace, Dior, Mugler брэндийн коллекцуудаас дүрүүдийн хувцаслах стиль бүрдсэн гэх тодотгол л хангалттай. Тиймээс ч хожим хойно нь Jimmy Choo, Anna Sui зэрэг брэндүүд Sailor Moon анимэнээс сэдэвлэсэн тусгай капсул коллекцоо гаргасанд гайхах зүйл байхгүй билээ.







