Хайх

Энэ хаврын хамгийн чухал 16 кино

Энэ хаврын хамгийн чухал 16 кино

Шинэ бөгөөд шилдэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид саяхан л өвөл үзэх гол, гол кинонуудыг нэрлэж байсан. Тэгвэл гадаа аль хэдийнэ дулаарч эхэлсэн тул энэ хавар ямар кино үзүүштэй байгааг нэрлэх цаг ирлээ

"Hail, Caesar!"

Хэзээ: гуравдугаар сарын 3-аас

Коэны ах дүүсийн бүтээсэн энэхүү инээдмийн кино нь 1950-аад оны эхэн үеийн Холливүүдын амьдралыг егөөдсөн байдлаар харуулжээ. Кино студийн ажилтан мулгуу жүжигчдийн бүх л асуудлыг шийдвэрлэхийг хичээнэ. Коэны энэхүү бүтээлд Жорж Клуни, Скарлетт Йоханссон нараас эхсүүлээд Рэйф Файнс болон Тильда Суинтон зэрэг алдартай жүжигчид тоглосон байна.

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 1)

"Zootopia"

Хэзээ: : гуравдугаар сарын 3-аас

Disney студийн хийсэн энэхүү инээдмийн киноны гол баатрууд нь бүгд амьтад аж. Киноны үйл явдал цагдаагийн газарт өрнөх бөгөөд чалчаа үнэгний хамт адармаатай хэрэг мөрдөж байгаа туулайны тухай гарна. "Zootopia" киноны гайхшруулж байгаа гол зүйл нь амьтдын амьдарч буй хотыг маш бодитойгоор дүрсэлж өгсөн байна. 

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 2)

"Carol"

Энэ кинонд эгчмэд насны эмэгтэй (Кейт Бланшет) залуу бүсгүй (Руни Мара) хоёрын хайр дурлалын харилцааны талаар өгүүлнэ. Үйл явдал нь 1950-иад онд өрнөх бөгөөд Кэрол (Бланшет) аз жаргалгүй гэрлэлтэндээ шантрана. Хэдийгээр "Carol" Оскарын наадмаас нэг ч шагнал хүртээгүй ч гэлээ үнэ цэнээ алдаагүй юм. Харин Руни Мара Каннын наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн билээ. Үүнээс гадна кинонд гарах автомашин, хувцасны загвар зэрэг тэр үеийн сонирхолтой зүйлсүүдийг харж болно.

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 3)

"Милый Ханс, дорогой Петр"

Хэзээ: гуравдугаар сарын 10-аас

Александр Миндадзегийн бүтээсэн тус кино нь өнгөрсөн зун Москвагийн олон улсын кино наадамд танилцуулагдсан юм. Энэхүү бүтээлд Дэлхийн II дайны өмнө нөхөрлөж буй орос, герман хоёр залуугийн талаар өгүүлнэ. Өнгөрсөн онд Орост хийгдсэн хамгийн шилдэг киногоор нэрлэгдсэн энэ бүтээл маш барууны уур амьсгалтай болжээ.

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 4)

"Франкофония "(Francofonia)

Хэзээ: гуравдугаар сарын 17-оос

Александр Сокуровын бүтээсэн энэхүү франц кино нь Венецийн кино наадамд оролцож, "2morrow" бие даасан кино наадмыг нээж байжээ. Киноны үйл явдал одоо болон 1940-өөд онд гэсэн хоёр үед өрнөх бөгөөд дэлхийн II дайны үеэр Луврын музейн цуглуулгыг аврахыг хичээж буй үйл явдлыг өгүүлнэ.

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 5)

"Two Friends"

Хэзээ: гуравдугаар сарын 24-өөс

Луи Гаррель болон Кростоф Оноре нарын хамтын бүтээл болсон тус кино нь Гаррелийн найруулсан анхны бүрэн хэмжээний кино болж байгаа юм. Анх харахад байдаг л нэг уянгын, инээдмийн кино шиг санагдах боловч Франц киноны ид шидийг бид мэдэх билээ. Үйл явдал нь кино жүжигчин залуу цайны газрын зөөгч бүсгүйд дурласнаар өрнөнө. Амралтын өдрүүдээр эсвэл болзоондоо үзэхэд зохимжтой байж болох юм. 

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 6)

"Batman V Superman: Dawn of Justice"

Хэзээ: гуравдугаар сарын 25-аас

Warner Bros., кино компани гурван жилийн өмнө Superman-ыг шинэчлэн гаргасан нь төдийлэн амжилтанд хүрч чадаагүй билээ. Иймээс дараагийн ангидаа Бен Аффлекийн тоглосон Batman-ыг нэмж орхилоо. Тэд хоорондоо болон хорон санаат Лекс Люторын эсрэг тулалдана. Харин Лекс Люторын дүрийг гэмгүй төрхтэй Жесси Айзенберг бүтээсэн нь сонирхолтой байх болов уу. Ноланы асар амжилттай болж байсан Batman-ы дэргэд сайн бүтээл болж чадах эсэх нь эргэлзээтэй ч, найруулагч Зак Снайдер бидний бодлыг эргүүлж мэдэх л юм.

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 7)


"Life"

Хэзээ: гуравдугаар сарын 24-өөс

"Control" киноны найруулагч Антон Корбин намтар киноны төрөлдөө эргэн ирлээ. Түүний энэхүү бүтээлд Жеймс Диний дүрийг Дэйн ДеХаан, харин түүний зургийг авах зурагчны дүрийг Роберт Паттинсон бүтээлээ. Кинонд Холливүүдын од болон зурагчны нөхөрлөлийн талаар өгүүлдэг ба тэд Лос-Анжелесоос Нью-Йорк хүртэлх замыг хамтдаа туулна.

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 8)

"10 Cloverfield Lane"

Хэзээ: гуравдугаар сарын 31-ээс

Анх 2008 оны эхэн үед "Cloverfield" нэртэй кинонд аварга том мангас Нью-Йорк хотыг сүйтгэж байсныг та санаж байгаа байх. Харин 10 Cloverfield Lane нь түүний үргэлжлэл бөгөөд Жей Жей Абрамс продюсероор нь ажиллажээ. Үйл явдалд нь нэгэн бүсгүй автомашины ослын дараа танихгүй хүний хамтаар газар доорх хоргодох байранд сэрнэ. Харин тэр хүн бүсгүйд химийн довтолгоо болж дэлхий сүйрсэн хэмээн хэлдэг. Удалгүй бүсгүй үүнийг шалгахаар шийднэ.

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 9)

"Hardcore Henry"

Хэзээ: дөрөвдүгээр сарын 7-оос

Энэхүү адал явдалт киноны продюсероор Тимур Бекмамбетов, харин найруулагчаар Илья Найшуллер ажилласан байна. "Hardcore Henry" киноны онцлог нь гол дүрийн баатрын нүдээр үйл явдлыг харна. Өөрөөр хэлбэл, бид гол дүрийн баатрын царайг огт харахгүй. Энэ жил Оросын кино урлагийн салбарын гол найдвар болоод байгаа тус кино нь олон улсад амжилт гаргах магадлал өндөр байгаа юм. 

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 10)

"The Huntsman: Winter's War"

Хэзээ: дөрөвдүгээр сарын 14-өөс

Киноны эхний хэсэгт гол дүрд тоглосон Кристен Стюарт тус киноны найруулагчтай (тэрээр гэрлэсэн байсан) учир ургуулан хэл аманд орооцолдсон тул, энэ удаа тэдэнгүйгээр үргэлжлүүлэхээр болжээ. Гэсэн хэдий ч Крис Хемсворт, Шарлиз Терон нар эргэн ирж мөн тэдэн дээр Эмили Блант нэмэгджээ. Түүнчлэн, "The Green Mile", "The Shawshank Redemption" зэрэг бүтээлүүдээрээ алдартай Фрэнк Дарабонт кино зохиол дээр ажилласан нь сонирхол татаж байгаа юм. 

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 11)

"High-Rise"

Хэзээ: дөрөвдүгээр сарын 14-өөс

Английн хамгийн авьяслаг кино найруулагчдын нэг Бен Уитли, Жеймс Баллардын зохиолоос сэдэвлэн нийгмийн нэгэн давхаргын талаар кино хийжээ. Том Хиддлстоны баатар шинэ байранд нүүж ирснээр оршин суугчдын зөрчилдөөн дунд орно. Харин аажмаар оршин суугчдын бараан талууд ил болох бөгөөд кинонд цус гарна гэдэг нь тодорхой юм. Жүжигчдийн багт Том Хиддлстоноос гадна Сиенна Миллер, Жереми Айронс, Элизабет Мосс зэрэг жүжигчид тогложээ.

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 12)

"Son of Saul"

Хэзээ: дөрөвдүгээр  сарын 14-өөс

Саяхан Оскараас "Шилдэг гадаад кино"-ны төрөлд шагнал хүртсэн энэхүү бүтээл дөрөвдүгээр сард богино хугацаагаар гарах юм байна. Кинонд Освенцимийн цогцос шатаах үүрэгтэй хоригдлын талаар гардаг бөгөөд нэгэн удаа тэрээр алга болсон хүүгээ хүүрнүүдийн дундаас олно. Тэрээр өөрийн хүүгээ еврей уламжлалаар оршуулахыг хичээнэ. Үхэл амьдралын тэмцлийн талаар өгүүлэх энэхүү киног заавал үзэх хэрэгтэй.

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 13)

"Captain America: Civil War"

Хэзээ: тавдугаар сарын 5-аас

Тус киноны шинэ ангид Captain America, Iron Man-тай тулалдана гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Харин тэдний сөргөлдөөн юунаас үүдэлтэй вэ гэвэл бүх супер баатрууд улсад хүчин зүтгэх ёстой гэсэн хуулиас болсон аж. Харин тэднийг учраа олж байх хооронд Даниель Брюлийн бүтээсэн хорон санаат баатар дэлхийг эзлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Мөн энэхүү кинонд анх удаа Spiderman (Том Холланд) гарч ирнэ.

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 14)

"X-Men: Apocalypse"

Хэзээ: тавдугаар сарын 19-өөс

X-Men хоёр жил тутамд нэг шинэ анги нээдэг бөгөөд үзэгчид залхаагүй цагт гарсаар л байх болно. Энэ удаа мутандуудын баг Apocalypse хэмээх дайсантай тулгарна. "Оддын дайн"-аас хойш том од болоод байгаа Оскар Айзек дайсны дүрийг бүтээсэн байна. Мөн Майкл Фассбендер, Женнифер Лоуренс, Жеймс МакЭвой нар ч дүрээ хадгалж үлдсэн байна.

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 15)

"Alice Through the Looking Glass"

Хэзээ: тавдугаар сарын 26-аас

Нэгэн цагт тэрбум доллар олж байсан киноны үргэлжлэл гарах нь цаг хугацааны л асуудал байлаа. Энэ удаа охин ид шидийн ертөнцдөө эргэн ирж, хуучин найзуудтайгаа уулзан, Time (Саша Барон Коэн) хэмээх дайсны эсрэг тэмцэнэ. Харин түүний найзуудын дүрд Жонни Депп, Хелена Бонем Картер, Энн Хэтэуэй нар тоглосон байна. Мөн продюсероор Тим Буртон ажилласан бөгөөд энэхүү кино нь Алан Рикманы сүүлчийн бүтээл болсон байна.

Энэ хаврын хамгийн чухал 16 кино (фото 16)

цааш үзэх