Хайх

Есдүгээр сард цацагдах шинэ кино, цувралууд

Есдүгээр сард цацагдах шинэ кино, цувралууд

Text: Buro.Mongolia


Хичээлийн шинэ жил эхэлснээр хотын хөл хөдөлгөөн ихсэж, завгүй өдрүүд хаяанд иржээ. Гэвч их ажлын дундуур хоромхон зуур амс хийгээрэй гэсэн мэт олон шинэ бүтээлүүд энэ сард нээлтээ хийж кино сонирхогчдод бэлэг барих нь ээ. Ийнхүү үзэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлттэй байгаа кино, цувралуудыг танилцуулж байна.


The Challenging

Нээлтээ хийх огноо: Есдүгээр сарын 8

Виктор ЛаВаллегийн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн тус бүтээлд сураггүй болсон эхнэрээ хайх явцдаа санамсаргүйгээр Нью-Йорк хотын ер бусын далд ертөнцийг нээж, алга болсон эхнэрийнхээ талаар өөрийн таамаглаагүй байсан нууцуудыг мэдэж авснаар үйл явдал өрнөх аж.


A Time Called You

Нээлтээ хийх огноо: Есдүгээр сарын 8

Тус цуврал нь Тайваны “Someday or One Day” хэмээх хит бүтээлийн Солонгос хувилбар болон хийгдэж байгаа юм. Тийм ч учраас үзэгчдийн дунд маш өндөр хүлээлт үүсгээд байгаа ба жүжигчин Ан Хён Соб, Жон Еэ Бин болон Кан Хүн нар дүр бүтээжээ. Жүжигчин Кан Хүн нь “Шуурхай хүргэлт: Монголд” хэмээх манай улсад хийгдсэн шоу нэвтрүүлэгт оролцсоноор үзэгчдийн дунд нэлээн алдартай болоод байгаа билээ.


The Walking Dead: Daryl Dixon

Нээлтээ хийх огноо: Есдүгээр сарын 10

“The Walking Dead” цувралын спин-офф “The Walking Dead: Daryl Dixon” бүтээл нь нийт зургаан ангитайгаар цацагдах аж. Үзэгчдийн хайртай дүр Дарил Диксон гэнэтийн байдлаар Франц улсад сэрэх ба өөрийгөө яах гэж, яагаад ирсэн гэдгээ олж мэдэхээр зорьж буй талаар өгүүлнэ. Харин энэхүү спин-офф дээр зомби гарж ирэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.


7 Escape

Нээлтээ хийх огноо: Есдүгээр сарын 15

Алдарт “The Penthouse” цувралын зохиолчийн ээлжит бүтээл “7 Escape” цуврал энэ сард үзэгчдийн хүртээл болох нь ээ. Мөн “The Penthouse” цувралд Жү Дан Тэ, Ха Юүн Чол болон Кан Ма Ри нарын дүрийг бүтээсэн жүжигчид тус бүтээлд тоглож байгаа гэнэ. Зохиолч Ким Сун Ог нь өшөө авалт, сонирхолтой эргэлтүүд ихтэй, үзэгчдийг дэлгэц рүү уяж чадах бүтээл туурвидаг гэдгээрээ алдартай билээ.


American Horror Story: Delicate

Нээлтээ хийх огноо: Есдүгээр сарын 20

Хамгийн амжилттай яваа цуврал бүтээлүүдийн нэг болох “American Horror Story”-гийн 12 дугаар бүлэг нээлтээ хийхэд бэлэн болжээ. Тус бүлэгт Эмма Робертс, Мэтт Закри, Ким Кардашьян болон Кара Делевинь нар дүр бүтээж байгаа ба жүжигчин Эмма Робертс өмнө нь тус цувралын таван бүлэгт дүр бүтээж байсан ч энэ удаа гол дүрд тоглож байгаа гэдгээрээ онцлог юм.


Saw X

Нээлтээ хийх огноо: Есдүгээр сарын 20

“Хөрөө” нэрээрээ бидний дунд алдартай аймшигт “Saw” франчайзын 10 дугаар анги нээлтээ хийхэд бэлэн болжээ. Тус ангид эхний хоёр ангийн дунд болсон үйл явдал гарах бөгөөд жүжигчин Тобин Белл болон Шоуни Смит нар эргэн ирэх аж.


The Continental: From the World of John Wick

Нээлтээ хийх огноо: Есдүгээр сарын 22

“The Continental: From the World of John Wick” бүтээл нь Жон Викийн ертөнцөд орших “The Continental” зочид буудлын тухай, 1970 онд өрнөх үйл явдлыг харуулсан гурван ангит цуврал юм. Үзэгчдийн хайртай дүрүүдийн нэг Уинстон тус цувралд голлох дүрийг бүтээж байгаа ба түүний залуу насны төрхийг жүжигчин Колин Вуделл амилуулж байгаа аж.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх