Хайх

Соко: “It girl гэж ажил хийдэггүй хүнийг хэлнэ”

Соко: “It girl гэж ажил хийдэггүй хүнийг хэлнэ”

Бюро 24/7 ярилцлага

Text: Бюро 24/7


Зураг:

“The Dancer” кинонд домогт модерн бүжгийн үндэслэгч Луи Фуллерын дүрд гайхалтай хувирч, инди поп дуунуудаараа биднийг гайхшруулсан францын дуучин, жүжигчин Сокотой Бюро 24/7 уулзаж ярилцлаа

Дуучин, жүжигчин Соко саяхан Кристен Стюарттай болзож хэвлэл мэдээллийнхний хараанд өртөөд авсан. Тэгвэл түүний хувийн амьдралаас илүүтэй уран бүтээл нь анхаарал татаж байлаа. Одоо 31 настай Соко олон тооны инди хит дуунууд бичүүлээд зогсохгүй хэд, хэдэн сайн кинонд тоглосон юм. Бүр түүний тоглосон "The Dancer" киног Оскарын шагналд нэр дэвшүүлж ч магадгүй болоод байна.

Бюро 24/7-гийн сурвалжлагч Анастасия Бортникова Парис хотод Сокотой уулзаж, Луи Фуллер шиг бүжиглэж сурах ямар байсан, өглөө гүйх ямар ашиг тустай болохыг мөн It girl гэж дуудуулах нь түүний хувьд яагаад доромжлол гэдгийг тодрууллаа.

Луи Фуллерын дүрийг чамд зориулж тусгайлан бичсэн гэсэн. Өөрийнхөө бүтээсэн дүрийнхээ талаар болон зураг авалтанд хэрхэн бэлдсэн тухайгаа бидэнд хуваалцаач?

Зураг авалт эхлэхээс өмнө би өөр нэг кинон дээр ажиллаад дөнгөж дуусч байсан юм (The Stopover). Тэрхүү кинонд би Афганистанаас дөнгөж ирсэн эмэгтэй цэргийн дүрийг бүтээсэн. Энэ дүрийг бүтээхэд надад амар байгаагүй. Тиймээс шууд огт өөр зүйл рүү анхаарлаа төвлөрүүлсэндээ баяртай байна. Луи Фуллерын дүр үнэхээр л яг надад зориулж бичсэн юм шиг байсан. Тэрээр тухайн үеийн урлагт хувьсал хийсэн, орчин үеийн бүжгийн үүсгэн байгуулагч юм. Маш хүсэл тэмүүлэлтэй, хийж буй зүйлдээ гүн автдаг хүн байсан.

Соко: “It girl гэж ажил хийдэггүй хүнийг хэлнэ” (фото 1)Соко: “It girl гэж ажил хийдэггүй хүнийг хэлнэ” (фото 2)

Луи Фуллерын "Серпантин" бол бүжиг гэхээсээ илүү бараг л акробатын үзүүлбэр шүү дээ. Орлон тоглогч авах тухай бодож байсан уу?

Яалаа гэж дээ! Энэ миний хувьд зарчмын асуудал байсан. Миний хувьд энэ бүжгийг эхнээс нь дуустал нь өөрийн биеэр мэдрэх чухал байсан юм. "Серпантин" бүжгийг ийм хэцүү гэдгийг төсөөлөө ч үгүй байсан. Нийт зургаан сарын турш жинхэнэ спартанчуудын дэглэмээр бэлдсэн.

Ер нь спортод хэр сонирхолтой вэ?

Тийм ч сайн биш. Тэгэхдээ киноны зураг авалтын дараа би өглөөдөө гүйдэг сайн зуршилтай болсон. Би өнөөдөр хүртэл энэ ярилцлагын өмнө гүйсэн. Нүдээ ч нээж чадахгүй, маш их ядарсан байсан ч бороонд 45 минутын турш хүчээр гүйсэн шүү. Энэ нь миний дотоод сэтгэл санааны тэнцвэртэй байдалд маш чухал.

Энэ киноны зураг авалтын дараа чиний амьдралд балет гэдэг цоо шинэ сонирхол гарч ирсэн үү? Эсвэл би андуурч байна уу?

Тийм ээ, үнэхээр чиний зөв! Би саяхан Opera De Paris-ын шинэ улирлын нээлтэнд очсон юм. Намайг Орели Дюпон өөрөө (Opera De Paris-ын шинэ захирал, хуучин гоцлол бүжигчин) урьсан. Вивальдигийн "Дөрвөн улирал"-ыг сонсоод намайг юу мэдэрснийг чи лав төсөөлөхгүй дээ. Энэ чинь миний "The Dancer" кинонд зургаан сарын турш бүжиглэсэн хөгжим шүү! Миний бүр хөл, гар чичирсэн гээд бод доо. Мэргэжлийн бүжигчдийн биеийн санах ой ингэж илэрдэг гэсэн.

Соко: “It girl гэж ажил хийдэггүй хүнийг хэлнэ” (фото 3)

Чиний сүүлийн үед тоглож байгаа кинонууд дандаа эмэгтэй найруулагчтай байх юм? Энэ зүгээр л тохиолдол уу?

Миний анхны кинонуудын найруулагчид ч эмэгтэй хүмүүс байсан. Зураг авалтаас бусад үед би өөрийн гэсэн жижиг ертөнцөд амьдардаг. Миний энэ ертөнцөд зөвхөн дуу хөгжим л байдаг. Бусад бүх зүйлс тийм ч чухал биш. Харин миний энэ ертөнцөд нэвтэрч, бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж, ямар нэг үнэхээр солиотой зүйлд уруу татан оролцуулж чадаж байгаа хүмүүс одоогоор эмэгтэйчүүд л байна. Магадгүй эрчүүд надаас бага зэрэг эмээж байгаа байх (Инээв).

Дуу хөгжмийн талаар ярихад, чамайг хамгийн анх үкүлеле (Хавайн дөрвөн утаст гитар) тоглож сурсан гэж сонссон?

Тийм ээ! Би тухайн үед 18 настай байсан. Өөрийгөө хөгжмийн зэмсэг тоглох авьяасгүй гэж боддог байсан ч аль хэдийнэ дуу зохиогоод, цаашид энэ чиглэлээрээ ажиллана гэдгээ шийдсэн байсан юм. Ямар ч хамаагүй хөгжим хурдан тоглож сурахыг хүссэн. Тиймээс би зүгээр л дэлгүүр ороод хамгийн энгийн, авсаархан, авч явахад амархан хөгжмийн зэмсгийг сонгосон.

Соко: “It girl гэж ажил хийдэггүй хүнийг хэлнэ” (фото 4)Соко: “It girl гэж ажил хийдэггүй хүнийг хэлнэ” (фото 5)

Чи нэлээд хэдэн жилийн турш АНУ-д амьдарч байгаа. Сонгуульд саналаа өгөх үү?

Тийм ээ, би Америкт арав гаруй жил амьдарч байна. Би ер нь бол Берни Сандерст саналаа өгөх байсан. Тэгэхдээ одоо Сандерс өрсөлдөөнөөс гарсан учраас одоо ийм сонголт байхгүй. Тэглээ ч би АНУ-ын иргэн биш учраас санал өгөх боломжгүй.

Чамайг "It girl" гэж нэрлэхэд хамгийн дургүй байдгийг би мэднэ.

Тийм ээ, би "It girl" бол ажил хийдэггүй хүн гэж олон удаа хэлэхээс залхаж байна. Энэ чинь эмэгтэй хүнд өгч болох хамгийн аймшигтай тодорхойлолт шүү дээ.

Гэхдээ чи аль хэдийнэ олон хүнд таалагддаг өөрийн гэсэн стильтэй болсон шүү дээ. Үгүй гэж үү?

Тийм ээ, би үргэлж гоёх дуртай байсан. Яг тухайн үеийнхээ мэдрэмжээр л хувцаслах хэрэгтэй. Надад дуртай өнгө болон стиль гэж байдаггүй. Харин маш тод өнгөнүүдэд үнэхээр дуртай. Энэ тал дээр бол яагаад ч нэмэргүй. Жишээ нь Алессандро Микеле Gucci-д юу хийснийг хар л даа! Энэ бол цэвэр урлаг шүү дээ! Яг ийм загварын шоу үзэж, яг ийм хувцас өмсөх нь жинхэнэ таашаал юм.

Чамайг ярилцлага өгөх дургүй гэж интернетэд маш их бичсэн байсан?

За боль доо, сайхан л ярилцлаа шүү дээ! (Инээв) Гэхдээ хэрэв нухацтай ярих юм бол би зүгээр л өөрийнхөө талаар ярих дургүй. Миний бодлоор бол ярилцаж болох илүү чухал үйл явдлууд дэлхий ертөнцөд өрнөж байгаа. Гэхдээ ярилцлага бол миний ажлын нэг хэсэг гэдгийг ойлгодог.

Зураг: Кристина Абдеева
Ярилцлага: Анастасия Бортникова
Стиль: Лиза Останина
Үс: Ирина Гришина

цааш үзэх