Хайх

Netflix дээрээс үзэх боломжтой санхүүгийн мэдлэг олгох кино болон нэвтрүүлгүүд

Text: Buro.Mongolia


Хүн мөнгийг захирдаг уу? Эсвэл мөнгө хүнийг захирдаг уу? Энэ асуултын хариулт та мөнгөтэй хэрхэн ухаалаг харьцаж чадахаас л шалтгаална. Бид хадгаламжтай, санхүүгийн мэдлэг өндөртэй байж хөрөнгөө ухаалгаар зарцуулах нь маш чухал болохыг ойлгодог хэр нь үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж чаддаг хүмүүс тун цөөн. Тэгвэл мөнгө, санхүүгийн талаар ойлголтоо нэмж, яг одоогоос эхлэн өөртөө ухаалаг хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн хэн бүхэнд дараах баримтат кино болон нэвтрүүлгүүдийг үзэхийг зөвлөж байна.

Money, Explained

2021 онд гарсан "Money, Explained" баримтат цуврал нь тус бүр 20 минут бүхий таван хэсгээс бүрдэх бөгөөд зээлийн карт, тэтгэврийн сангаас эхлээд казино хүртэлх олон салбарын асуудлыг хөндөхөөс гадна санхүүгийн мэдлэг өндөртэй, мэргэжлийн хүмүүс хүнд цаг үед хэрхэн, ямар шийдвэр гаргадаг тухай өгүүлэх болно.

Get Smart With Money

Өөр өөрийн гэсэн амьдралын хэв маяг, орлогын хэмжээ, ирээдүйн төлөвлөгөөтэй хэдий ч яг одоогоос эхлэн мөнгөтэй ухаалаг харьцаж сурахаар зорьж буй хүмүүст зориулан санхүүгийн мэргэжлийн зөвлөхүүд зөвлөгөө өгч буй талаар өгүүлэх кино. Энэхүү киног үзсэнээр та орлогын буруу хуваарилалт болон мөнгөний талаарх ташаа ойлголтуудыг мэдэж авахаас гадна хүн яг өөрт тохирох санхүүгийн сахилга баттай байх яагаад чухал болохыг ойлгоно. 

Inside Bill’s Brain

Дэлхийн хамгийн баян хүмүүс хэрхэн бодож, сэтгэж, санхүүгийн эрх чөлөөт эзэнт гүрнээ байгуулсан түүх хэн бүхэнд сонирхолтой байх нь гарцаагүй. Тэгвэл Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтсын амьдрал, карьер, манлайллын арга барилын талаар бодит үнэнийг өгүүлэх "Inside Bill’s Brain" баримтат киног үзэхийг санал болгож байна. Гурван хэсгээс бүрдэх энэхүү кино нь түүний ээдрээтэй асуудлуудыг шийдвэрлэж буй онцгой арга барил болоод урт хугацааны хөрөнгө оруулалтын стратегийг ойлгоход тусална.

Betting on Zero

2016 онд найруулагч Тед Брауны найруулсан "Betting on Zero" кино нь Herbalife компанийн амжилт болоод шүүмжлэл аль алийг дагуулсан маргаантай бизнесийн загварын талаар өгүүлэх бөгөөд санхүүгийн салбарыг сонирхдог хэн бүхний заавал үзэх кино юм. Энэхүү кинонд Herbalife компанийн эсрэг бооцоо тавьсан эрсдэлийн сангийн менежер Билл Акман бизнесүүдэд ашиглагддаг худал маркетингийн арга барил, хөрөнгийн зах зээлийн эрсдэл болон луйврын эрсдэлээс хэрхэн сэргийлэх боломжтой талаар ойлголтуудыг өгөх болно.

The Minimalist

Дотнын найзууд болох Жошуа Филдс Миллберн болон Райн Никодемус нарын хэрхэн бага эд хөрөнгөөр илүү аз жаргалтай амьдрах талаар өөрсдийн туршлага дээр үндэслэн зөвлөх "The Minimalist" киног санал болгож байна. Эрх чөлөө ч гэж тодорхойлогддог минимализм нь таныг олон төрлийн сэтгэл зүйн дарамтаас салгаж, цөөн хийгээд чанартай сонголт хийхэд туслахаас гадна үр ашиггүй зардлыг танаж, мөнгийг ухаалгаар зарцуулж сурахад туслах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх