Хайх

"Баян Монгол" чуулга: Монголын жазз хөгжмийн анхдагчид

Жазз хөгжимд хайртай хэн бүхний үзэх ёстой Пянзны баяр болох гэж байна

Text: Ө.Тодгэрэл


"Сайн байна уу, Улаанбаатар минь", "Аяны шувууд", "Сэтгэлийн жигүүр", "Орь залуу нас", "Хангайн магтуу" зэрэг бараг л хүн бүрийн мэддэг, хаа нэгтээ заавал сонссон Монголын алдарт түүхэн бүтээлүүдийг Баян Монгол чуулга туурвисан байдаг. Монголын жазз найрал хөгжмийн анхдагчид нь бөгөөд шилдгүүд нь гэгддэг энэхүү чуулга нь 1969 онд анхныхаа тоглолтыг хийснээс хойш өдгөө хагас зуун жилийн турш урлагт зүтгэж явна. Энэ хугацаанд Баян Монгол чуулга орчин үеийн дуу, хөгжмийн урсгалуудыг хөгжүүлэх үндсийг тавьж олон арван шилдэг уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан билээ.

Их хотын айзам хэмнэлийг бадрангуй, баяр хөөрөөр дүүргэсэн тэднийг жазз хөгжмийн хаан гэж нэрлэдэг ба өнөөдөр тав дах үеийн уран бүтээлчид нь ахмадуудынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байна. Тэгвэл жазз хөгжимд дурлагсдад нэгэн баяртай мэдээ дуулгахад, хэдхэн хоногийн дараа Баян Монгол чуулга бүрэн хэмжээний тоглолт бүхий "Пянзны баяр" хийх гэж байна. Тэд анх 1981 онд гаргаж байсан домогт "Баян Монгол" пянзаа саяхан шинэчлэн найруулж гаргасан бөгөөд үүгээрээ Монголын ард түмний зүрхэнд хоногшсон классик бүтээлүүдийг өнөө цагийн уран бүтээлчидтэй хамтран бүр ч илүү чанартай дуугаралттайгаар хүргэж байгаа нь энэ юм.

Баян Монгол чуулгыг урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж гуай үүсгэн санаачилсан түүхтэй бөгөөд энэ чуулгаас Монголын эстрад урлагийн алдартай удирдаач нар, хөгжмийн зохиолчид, хөгжимчид, дуучид төрөн гарсан юм. Тухайлбал, хөгжмийн зохиолчид гэвэл Т.Уртнасан, Д.Бэхбат, Л.Батаа, бөмбөрчин Б.Нямбаяр, органчин Б.Даваа гээд ард түмний сайн мэдэх уран бүтээлчид бий. Дуучдаас дурдвал, гавьяат жүжигчин Б.Дамчаа, "Таксийн цоохор"-ын З.Цэнд-Аюуш, "Аяны шувууд"-ын Х.Төмөр, Н.Гэрэлт-Од, Т.Ренцэнханд, Цэцэгээ, том Л.Оюунчимэг, Х.Галхүү, жижиг Н.Оюунчимэг, М.Янжиндулам, Б.Нандинцэцэг, Д.Эрдэнэцэцэг, Ж.Уранчимэг, Ч.Алтанцэцэг гээд олон гавьяат дуучид байна. Мөн Монгол улсын гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Т.Ариунаа, "Чингис хаан" хамтлагийн Д.Жаргалсайхан зэрэг олон алдартай дуучид Баян Монгол чуулгаас ажил, амьдралынхаа гарааг эхлүүлж байсан билээ.

"Баян Монгол" чуулга: Монголын жазз хөгжмийн анхдагчид (фото 1)

Олон улсын жишгийн дагуу Баян Монгол чуулгад дөрвөн труба, дөрвөн тромбон, таван саксафон байдаг. Үүний дээрээс бөмбөрчин, даралтад хөгжимчин, басс болон соло гитар гэсэн ритм хэсэг байдаг бөгөөд нийт 17-18 хүний бүрэлдэхүүнтэй билээ. Ийм бүрэлдэхүүнийг жазз хөгжмийн урлагт Big Band хэмээн нэрлэдэг юм.

Баян Монгол чуулгын "Пянзны баяр" энэ арваннэгдүгээр сарын 19-нд 19:00 цагаас On'n Off Production House-д болох гэж байна. Тоглолтын найруулагч С.Ононбат, хөтлөгч Д.Жаргалсайхан, удирдаач С.Саруул-Од байх бөгөөд дуучин Н.Наранбаатар болон урилгаар дуучин Б.Хонгор нар оролцох болно. Тасалбарыг энд дарж авна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх