Хайх

Netflix-ийн Outer Banks цувралд орсон дууных нь талаар Magnolian уран бүтээлчтэй ярилцлаа

Netflix-ийн Outer Banks цувралд орсон дууных нь талаар Magnolian уран бүтээлчтэй ярилцлаа

Монгол инди фолк дуучин Magnolian олон улсад танигдаж эхэллээ

Text: Д.Марал


Уран бүтээлүүдийнхээ үг болон өвөрмөц аяараа сонсогчдын сэтгэл зүрхийг уярааж буй Монгол инди фолк дуучин Magnolian буюу Б.Дөлгөөний талаар сонсоогүй хүн ховор биз ээ. Бид түүнтэй зургаан жилийн өмнө ярилцлага хийж байсан бөгөөд тухайн үед тэрээр дөнгөж хөгжмийн ертөнцөд хөл тавьж байсан бол одоо Spotify дээр хамгийн их хайлттай Монгол уран бүтээлчдийн нэг билээ. Мөн түүний уран бүтээл гаднынхны сонирхлыг ихээр татаж, олон улсын томоохон тавцан дээр ч хүртэл дуу нь ороод байна. Тодруулбал, Netflix-ийн Outer Banks цувралын хоёрдугаар бүлгийн нэгэн анги дээр Magnolian-ы “The Bride & the Bachelor” хэмээх Англи хэл дээрх дуу нь орсон юм. Энэхүү үйл явдлын дараагаар дуучин гадаад орны олон шүтэн бишрэгч нартай болсон байна. “Шууд л дуунуудыг чинь дараагийн Marvel кинонд оруулъя гэх мэт саналууд надад ирээгүй ч YouTube дахь сэтгэгдлүүдийг харахад Outer Banks үзчихээд ийшээ ирлээ гэсэн хүмүүс хэд хэд байсан. Мөн Apple Music, Spotify болон Shazam аппликейшн дээрх хандалтууд эрс нэмэгдсэн нь анзаарагдсан” хэмээн Magnolian хуваалцлаа.

Netflix-ийн Outer Banks цувралд орсон дууных нь талаар Magnolian уран бүтээлчтэй ярилцлаа (фото 1)

Залуу дуучин “The Bride & the Bachelor” дуугаа 2017 онд толилуулсан бөгөөд уг бүтээлээ анх 2013 онд зуслангийнхаа ариун цэврийн өрөөнд 15 минутын дотор зохиосон байна. Magnolian тухайн үед зуслангийнхаа ариун цэврийн өрөөнд гитар тоглож, дуугаа зохион ийнхүү уран бүтээлч болох замынхаа эхлэлийг тавьсан юм. Тус бүтээлээ EP “Famous Man” хэмээх анхны богино хэмжээний цомогтоо оруулж, дуучин Цэлмүүнтэй хамтран дуулсан билээ. “The Bride & the Bachelor”-ийг анх сонсоход барууны орнуудын дууг санагдуулах ч төгсгөлийн ая нь үндэсний өнгө аястай, магтаал мэт морин хуурын аялгуугаараа онцлог билээ. Ерөнхийдөө энэхүү бүтээл нь Монголын болон барууны амьд хөгжмийн соёлыг цогцлуулж, нийлүүлж чадсан юм. Magnolian дэлхийн улс орон бүрийн хэрэглэгч нарыг нэгтгэсэн томоохон тавцангийн цувралд дуу нь орох болсныг анх мэдээд маш ихээр баярласан бөгөөд олны дуртай кино эсвэл цувралд уран бүтээлээ толилуулах мөрөөдөл нь ийнхүү биелжээ.

Outer Banks цувралд гитарын аятай “You are only 17. You don’t know what it means” үгтэй дууны хэсгийг хэрэглэжээ. Эдгээр үгс нь цувралын гол дүрүүдийг сайн илэрхийлсэн байх гэж дуучин үзэж байна. “Энэ дуу маань Spotify дээр бараг л 10 сая гаруй хандалттай. Outer Banks цувралд дуугаа оруулах гэж би өөрөө хөөцөлдөөгүй. Он гарахаас өмнө Netflix-ийн төлөөлөгчдөөс и-мэйл ирсэн юм. Ингэхдээ тэд удахгүй цувралынх нь хоёрдугаар бүлэг гарах гэж байгаа талаар танилцуулж, миний гурван дууг сонирхож байгаагаас аль нэгийг нь оруулах хүсэлтэй буйгаа бичсэн байсан. Надтай холбогдохдоо тэд маш дэлгэрэнгүй мэдээлэл явуулсан бөгөөд яг тавдугаар ангийн энэ хэсэг дээр нэг минут 30 секунд орчим дууг маань ашиглана гэсэн юм. Харин би уг дууныхаа хоолойг нь авч байгаад инструментал хувилбарыг нь явуулсан. Миний танилын найз нь энэ цувралын гол продюсер ба танил маань миний уран бүтээлтэй танилцуулсан юм шиг байна лээ. Магадгүй үүний дараа дуу маань таалагдаж цувралдаа оруулах сонирхолтой болсон байх. Гэхдээ яг шийдвэр гаргахад нь юу нөлөөлснийг баттай хэлж мэдэхгүй байна" хэмээн уран бүтээлч хэллээ.

Netflix-ийн Outer Banks цувралд орсон дууных нь талаар Magnolian уран бүтээлчтэй ярилцлаа (фото 2)

Уран бүтээлчийн EP “Famous Man” анхны цомог нь зөөлөн, нандин мэдрэмж төрүүлэх бөгөөд ганцаараа байхдаа эсвэл харанхуй шөнө дунд сонсоход тохиромжтой дуунууд агуулсан гэдгийг Magnolian онцолсон юм. Харин өнгөрөгч онд гарсан сүүлийн “Slow Burn” цомог нь илүү “хар бараан” бөгөөд рок дуунууд багтаасан байна. Уг цомгоороо дуучин өөрийн хөгжмийнхөө хувьд дэвшилт гаргасан билээ. Тухайлбал, дууны аранжировк болон үг зохиох үйл явц нь өмнөхөөсөө илүү сайжирсанд дуучин итгэлтэй байгаа юм.

Magnolian дуучин ихэнх дуунуудаа Англи хэл дээр гаргадгийг шүтэн бишрэгчид нь сайн мэдэж байгаа. Тэрээр сонирхдог дуу болон уншдаг ном нь голдуу Англи хэл дээр байдаг тул дуу бичих явцад үгнүүд шууд Англиар орж ирдэг хэмээн тайлбарласан юм. “Гэхдээ би 'Slow Burn' цомгийн зарим дуунууд дээр үндэслэсэн Монгол дуу зохиож EP маягийн дагалдсан бүтээлээ энэ жилдээ багтаагаад гаргах болно” хэмээн дуучин ойрын төлөвлөгөөгөө хэлсэн юм. Мөн тэрээр бие даасан тоглолт хийж, өөрийнх нь уран бүтээлийг сонирхдог хүмүүсийг цуглуулах хүсэл эрмэлзэлтэй байсан боловч тоглолтоо цар тахлын хүнд нөхцөл байдлаас үүдэн хоёр удаа хойшлуулаад байгаа билээ. Тэрээр олны тэсэн ядан хүлээж буй тоглолтоо намар хийхээр найдаж байна.  “Цомгуудад орсон дуунуудаасаа гадна саяхан шинээр зохиосон дуунуудаа мөн тоглолт нь дээрээ амьдаар толилуулах болно” хэмээн дуучин залуу амласан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх