Хайх

Эмилия Кларкын мэдэгдлийн дараа нүцгэн зураг авалттай киноны үеэр мөрдөгдөх шинэ журам гаргажээ

Эмилия Кларкын мэдэгдлийн дараа нүцгэн зураг авалттай киноны үеэр мөрдөгдөх шинэ журам гаргажээ

Их Британийн кино найруулагчдын холбооноос танилцууллаа

Text: Бюро 24/7


Зураг:

Их Британийн мэргэжлийн кино найруулагчдын холбоо нүцгэн болон сексийн хэсэгтэй кино зураг авалтын үеэр мөрдөгдөх шинэ удирдамж гаргасан байна. Эдгээр шинэ дүрэм журмууд нь жүжигчин Эмилия Кларк "Game of Thrones" цувралын талаар мэдэгдэл хийснээс нэг хоногийн дараа танилцуулагджээ. Тодруулбал Дейенерис Таргариены дүрийг бүтээсэн жүжигчин бүсгүй "Game of Thrones" цувралын продюсерууд түүнийг нүцгэн зураг авалттай хэсгүүдэд тоглохыг хүчилсэн бөгөөд тэрээр ийм зураг авалтад оролцохдоо тухгүй мэдэрч байсан хэмээн Armchair Expert подкастын үеэр хуваалцсан юм.

Их Британийн мэргэжлийн кино найруулагчдын холбооноос гаргасан шинэ удирдамж нь 96 бүлгээс бүрдэж байна. Тэдгээрийн заримд нь жүжигчдийг сонгон шалгаруулалтын үеэр албан хүчээр нүцгэлэхийг хориглосон заалт оржээ. Учир нь сонгон шалгаруулалтын үеэр талууд харьцангуй нөхцөл байдалд оршиж байдаг учраас зарим жүжигчид дүрээ авахын тулд өөрт нь таагүй зүйлсийг заавал хийх ёстой мэтээр хүлээн авдаг гэжээ.

Мөн шинэ журамд нүцгэн зураг авалтын өмнө жүжигчдээс заавал бичгийн хэлбэрээр албан ёсны зөвшөөрөл авсан байх шаардлагатай гэдгийг тусгаж өгсөн байна.

Дээрх удирдамжийг бүтээлцсэн кино найруулагч Билл Андерсон ("Doctor Who", "Mr Selfridge") энэхүү шинэ журмыг зураг авалтын үеэр юу хийж болох ба болохгүйг заасан үйлдлүүдийн жагсаалт бус харин кино найруулагч, продюсер, жүжигчид, кино зохиолчдод зориулсан хөтөч хэмээн хүлээн аваасай гэж хүсэж буйгаа илэрхийлжээ. Тэрээр ерөнхийдөө жүжигчид нүцгэн зураг авалтад оролцохоос татгалздаггүй ч зураг авалтын талбайд тэдэнд тухтай нөхцөл байдал бүрдүүлж өгөх нь чухал байдаг гэж нэмж дурдсан юм.

Одоогийн байдлаар зураг авалтын талбайд мөрдөгдөх шинэ удирдамжийг BFI (Их Британийн кино урлагийн институт), BAFTA (Их Британийн кино ба телевизийн урлагийн академи), Time's Up UK болон бусад байгууллагууд дэмжээд байна.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх