Хайх

Галь Гадот “Wonder Woman” киноноос хэр хэмжээний цалин авсан бэ?

Галь Гадот “Wonder Woman” киноноос хэр хэмжээний цалин авсан бэ?

Төсөөлснөөс хавьгүй бага

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

"Wonder Woman" блокбастер энэ сарын эхээр нээлтээ хийснээс хойш кино театруудаас нийт 578 сая долларын ашиг олж, шүүмжлэгчдээс ч асар өндөр үнэлгээ аваад байна. Өөрөөр хэлбэл уг кино нь маш том амжилтад хүрсэн юм. Тэгвэл Wonder Woman-ы гол дүрд тоглосон жүжигчин Галь Гадот өөрийн хувь нэмрийг хангалттай хэмжээнд үнэлүүлж чадсан болов уу?

Өчигдөр Elle сэтгүүл "Superman Wonder Woman-аас илүү цалин авдаг" гэсэн утгатай нийтлэл бичсэний улмаас Twitter олон нийтийн сүлжээнд "Галь Гадот Wonder Woman киноноос 300,000 долларын цалин авсан бол Хенри Кавилл анхны 'Superman' киноноос 14 сая доллар олж байсан" гэх жиргээ тархаж, хүмүүс Галь Гадотын бага цалин авсныг хүйсийн тэнцвэрт байдалтай холбож эхэллээ.  

Юуны өмнө Хенри Кавилл "The Man of Steel" киноноос 14 сая долларын цалин авсан гэдэг мэдээ баттай биш гэдгийг хэлэх нь зүйтэй юм. Тэр ч бүү хэл комик зохиолоос сэдэвлэсэн кинонд хараахан супер од болоогүй жүжигчид 300,000 долларын үндсэн цалин авах нь тогтсон үнэлгээ гэж Collider вебсайт мэдэгдсэн байна. Жишээ нь жүжигчин Крис Эванс "Captain America: The First Avanger" киноноос мөн л 300,000 долларын цалин авч байсан бол, Крис Хемсворт "Thor" киноноос 200,000 доллар олж байжээ. Харин "Iron Man" киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Роберт Дауни Жуниор тухайн үед эдгээр жүжигчдээс арай илүү алдартай байсан учир анхны супер баатартай киноноосоо 500,000 доллар авч байсныг CNBC телевиз мэдээллэж байсан юм. Хамгийн гол нь супер баатартай киноны гол дүрүүд  төслийн дараагийн ангиас эхлэн илүү өндөр цалин авдаг байна. Тухайлбал Крис Эванс "Avengers" кинонд тоглохдоо хоёр сая долларын гэрээ хийсэн бол, Роберт Дауни Жуниор "Iron Man"-ы дүрд эргэн тоглохдоо 50 сая долларын цалин хүртжээ. Тэгэхээр жүжигчин Галь Гадотын цалин "Wonder Woman"-ы дараагийн ангиас эхлэн нэмэгдэх нь гарцаагүй юм.

цааш үзэх