Хайх

Playtime 2023 фестивалийн тайзнаа тоглох дотоодын онцлох уран бүтээлчид

Удахгүй уулзацгаая

Text: Buro.Mongolia


Playtime 2023 олон улсын хөгжмийн фестиваль эхлэхэд ердөө хэдхэн өдөр үлдлээ. Энэ жилийн фестиваль долоодугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд уламжлал ёсоор Гачуурт дахь Монгол Шилтгээнд “Earth. Music. Love” уриан дор зохион байгуулагдана. Энэ удаагийн Playtime фестивальд нийт 14 тайзан дээр гадаад болон дотоодын 170 хамтлаг, дуучин уран бүтээлээ толилуулах бөгөөд тэр дундаа хедлайнераар тодорсон дэлхийн алдарт инди рок, дрим поп урсгалаар тоглодог Cigarettes After Sex хамтлагийг амьдаар тоглохыг хүн бүр сэтгэл догдлон хүлээж байгаа билээ. Тэгвэл олон улсын артистуудтай зэрэгцэн тэр бүр тайзнаа гараад байдаггүй дотоодын олон ч сонирхолтой хамтлаг дуучид уран бүтээлээ толилуулахаар болжээ. Тэдний дундаас хөгжим сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгэж буй, анх удаа болон олон жилийн дараа Playtime-ын тайзнаа эргэн ирж байгаа уран бүтээлчдийг онцолж байна.


Шөнийн галт тэрэг үндсэн тайзан дээр

Playtime 2023 фестивалийн тайзнаа тоглох дотоодын онцлох уран бүтээлчид (фото 1)

Монголын анхны альтернатив рок, инди хамтлагуудын нэг болох Шөнийн галт тэрэг “Цэнхэр шувуу” цомгоо 2004 онд танилцуулсан даруйдаа домог статустай болсон гэхэд хилсдэхгүй. Шөнийн галт тэрэг хамтлаг өмнөх жилүүдэд Playtime фестивалийн Khan Bank асар дотор тоглож, гайхалтай уур амьсгалыг бий болгож байсан бол 17 жилийн дараа тэд үндсэн тайзан дээр гарч шүтэн бишрэгчдээ баярлуулах нь ээ.


Э.Минжинсор амьд хөгжмийн хамтлагтай анх удаа Playtime-ын тайзнаа

Playtime 2023 фестивалийн тайзнаа тоглох дотоодын онцлох уран бүтээлчид (фото 2)

Дуучин Э.Минжинсор. 1990-ээд онд Монголын хамгийн анхны охидын хамтлаг болох Spike-ын гишүүнээр олонд танигдаж, цаашлаад “Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу”, “Нүцгэн байхыг минь битгий хараарай” зэрэг хит дуунуудаараа алдаршиж, амжилттай соло карьераа хийж байв. Тэрээр энэ жил Playtime-ын үндсэн тайзнаа анх удаа амьд хөгжмийн хамтлагтай дуулна.


Инээмсэглэл хамтлагийн хүндэтгэлийн тоглолт

Playtime 2023 фестивалийн тайзнаа тоглох дотоодын онцлох уран бүтээлчид (фото 3)

Монголын урлаг соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан домогт Инээмсэглэл хамтлагийг танилцуулах нь илүүц биз ээ. Тэгвэл энэ жил 45 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тэд Playtime фестивалийн үндсэн тайзан дээр хүндэтгэлийг тоглолтоо хийхээр болжээ.


Дэлхий хамтлаг найман жилийн дараа

Playtime 2023 фестивалийн тайзнаа тоглох дотоодын онцлох уран бүтээлчид (фото 4)

Монгол ардын болон язгуур хөгжмийн зэмсэг, байгалийн дуу чимээг электрон хөгжимтэй хослуулан chillwave урсгалаар тоглодог Дэлхий хамтлаг найман жилийн дараа Playtime фестивалийн тайзнаа эргэн ирж үзэгчдэд болон үнэнч шүтэн бишрэгчдэдээ уран бүтээлээ толилуулна.


Starfish эргэн ирсэн нь

Playtime 2023 фестивалийн тайзнаа тоглох дотоодын онцлох уран бүтээлчид (фото 5)

Michel & Amazonka брэндийн дизайнер Амазонка буюу Ч.Нямханд авьяаслаг дизайнер төдийгүй Starfish хамтлагийн гоцлол дуучин гэдгийг хөгжим сонирхогч залуус маш сайн мэдэх учиртай. “Ягаан гариг” дуугаараа олон хүнийг байлдан дагуулсан Starfish хамтлаг 2006-2009 онуудад Playtime-д оролцож байсан бол энэ жил тэд Khan Bank асарт тоглохоор болсон байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх