Хайх

Өөртөө итгэлтэй байхыг уриалсан “Уран Хас” контемпорари балетын тоглолт болно

Өөртөө итгэлтэй байхыг уриалсан “Уран Хас” контемпорари балетын тоглолт болно

Арванхоёрдугаар сарын 1 болон 2-ны өдрүүдэд

Text: Buro.Retelling


Бусдын бодлоос хамаарахгүйгээр өөртөө итгэлтэй байх хэрэгтэйг орчин үеийн бүжгийн жүжгээр дамжуулан харуулна.

Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ) өмнө нь ус хамгаалалтын ач холбогдол болон агаарын бохирдлын хор уршгийн тухай орчин үеийн бүжгийн жүжгүүд бүтээж байгаль орчны олон нийтийн боловсролд хувь нэмрээ оруулж байсныг урлаг сонирхогчид сайн мэдэх биз ээ. Тэгвэл тэд энэ удаад хувь хүний хөгжлийн сэдвийн хүрээнд "Уран Хас" контемпорари балетыг тавих гэж байна. "Чулуун" сантай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр тавигдах гэж буй "Уран Хас" контемпорари балетыг Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан "Моушн Монголия" контемпорари бүжгийн олон улсын II-р наадамд зориулж бүтээж эхэлсэн ба цар тахлын улмаас хойшилсон боловч энэ ондоо багтаан ийнхүү танилцуулахаар болжээ.

Нэрт хөгжмийн зохиолч Ж.Чулууны "Уран Хас" орчин үеийн бүжгийн жүжгийн хөгжмийг продюсер, хөгжимчин, DJ Э.Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг залуу дэглээч Ё.Дамчаабадгар орчин үеийн Хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэн найруулж, МКБХ-н бүжигчид амилуулан уг балетыг тавих юм. Мөн уран бүтээлийн хувцсыг "Жей Зозо"-н дизайнер Х.Батзориг, тайзны декорацыг медиа уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нар өөрсдийн хүч чадлаа дайчлан бүтээсэн байна.

Энэхүү орчин үеийн, контемпорари балетын гол санаа нь өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүсээс хамаарахгүйгээр зорьсон ажлаа хийгээд урагшлах нь зөв зүйтэй гэсэн санаа юм. Бүжигт орчин үеийн бүтээлч залуу Хас хүлээн зөвшөөрөгдөхгүй, бусдын хандлагаас хамааралтай байгаадаа хэрхэн шаналж байгаа, дурлалт бүсгүйтэйгээ хамт бэрхшээлийг даван туулж амжилтад хүрч буй тухай өгүүлнэ. Өөрсдийгөө хайрцаглаж бусдын бодож, хэлж байгаагаас хамааралтай байгаа нь бидний толгойд л байдаг юм байна гэдгийг Хас, Хандармаа хоёр ухаарна. Энэ асуудал нь бидний дунд аль хэдийнээ бугшиж аливаа салбарын хөгжил дэвшлийг уяж хязгаарлаж байгааг МКБХ-н уран бүтээлч залуус олж хараад бусдад хандан өөртөө илүү итгэлтэй, зоригтой, хүчтэй, хөдөлмөрч байхад амжилт угтаж авна гэдгийг ойлгуулахыг хүсжээ.

"Хас бол өнөөдөр бидний дунд ажиллаж, амьдарч, дэлхийн түвшнээс халин даван сэтгэж байгаа шинийг санаачлагч, оюуныг бүтээгч залуучуудын төлөөлөл юм. Монгол хүний оюун ухаан дэлхийг аврах болтугай!" хэмээн МКБХ-н зүгээс онцолж энэхүү санаачилгыг нь дэмжиж ажилласан Монголын урлагийн зөвлөл, "Лиссом" балет студио болон MARS-V төслийн хамт олонд талархлаа илэрхийллээ.

Монголын контемпрари балетын хөтөлбөр нь соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс контемпорари бүжгийн урлагийн бүжигчдэд дэмжлэг үзүүлэх, бүжгийн урлагаар дамжуулж олон нийтэд боловсрол олгох чиглэлээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм.

"Уран Хас" контемпорари балет арванхоёрдугаар сарын 1 болон 2-ны өдрүүдэд тавигдах болно. Тасалбарыг www.ticket.mn-с авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Дашзэгвийн ОРГИЛТУЯА, Монголын Контемпрари
Балетын Хөтөлбөрийн үүсгэн байгуулагч ба захирал, Уран Хас Контемпрари Балет продакшны ерөнхий продюсер

Утас: +976 95901970

www.mongoliancontempballet.com

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх