Хайх

Загварын салбарын бараан тал: Дуулиант гэмт хэргүүд

Загварын салбарын бараан тал: Дуулиант гэмт хэргүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Бидний мэдэх гял цал загварын салбарын цаана хэрцгий, харанхуй ба гуниг төрөм тохиолдлууд гарч байдгийг хүмүүс тэр бүрчлэн мэддэггүй. Нэр хүндтэй дизайнерууд, топ-моделиудын баян тансаг амьдрал хүмүүсийн үл ойлголцол болон зөрчилдөөний шалтгаан болоод зогсохгүй заримдаа аймшигт гэмт хэргийн бай болж байгаа нь харамсалтай. Бидний зүгээс олны дунд маш их шуугиан тарьж загварын сэтгүүлийн нүүрийг эрүүгийн гэмт хэргийн түүхэн тэмдэглэл болгосон таван тохиолдлуудыг хүргэж байна.

Жанни Версачегийн аллага

Загварын салбарын бараан тал: Дуулиант гэмт хэргүүд (фото 1)

Энэхүү явдлын талаар ном бичиж, бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн дэлгэцийн бүтээл төрөөд зогсохгүй үзэгчдэд олон ангит цувралыг хүртэл толилуулсан юм («American Crime Story» хоёрдугаар бүлэг). Versace брэндийн үүсгэн байгуулагч Жанни Версаче 1997 оны долоодугаар сарын 15-ны өдөр Майами хотод хийсэн явган аяллаасаа гэр лүүгээ харьж байжээ. Өдөр болгон авдаг өглөөний шинэ сониныг нь түүний хувийн туслах авчирдаг ч тэр өглөө Жанни өөрийн биеэр авахаар шийдэхэд түүний амь насанд заналхийлсэн үйл явдал болохоор зэхэж байсныг хэн ч мэдээгүй юм. Сонингоо аваад гэр лүүгээ орох гэж байх үед нь хоёр буун дуу гарч загвар зохион бүтээгчийн дагзан тус газар оносноор түүний амьдралд цэг тавигдсан байна. Үйл явдал болсон даруйд түргэн тусламж дуудсан ч эмнэлгийн ажилтнууд түүнийг аварч чадаагүй билээ. Үүний дараа цагдаа нар эрэн сурвалжлах ажлыг эхлүүлж найм хоногийн дараа гэмт хэрэгтнийг илрүүлжээ. Эндрю Кьюненен гэгч цуврал алуурчин нь гэмт хэргийг үйлдсэн этгээд байсан бөгөөд Версаче болон бусад хохирогчдыг хороосон тэрхүү буугаараа өөрийнхөө амийг егүүтгэсэн байдалтай олдсон юм. Түүний уг аллагыг үйлдэх болсон сэдэлт одоог хүртэл тодорхойгүй байгаа билээ.

Маурицио Гуччигийн хэрэг

Загварын салбарын бараан тал: Дуулиант гэмт хэргүүд (фото 2)

1995 оны гуравдугаар сарын 27-ны өдөр. Gucci брэндийн ерөнхийлөгч асанг Милан хот дахь оффис уруугаа орох замд нь нийт гурван удаа сум тавьж нуруу болон өгзөг тус газар нь бууджээ. Суманд оногдон газар унахад нь дахин нэг удаа чамархайд нь буудсанаар тэрбээр газар дээрээ амьсгал хураасан байна. Мөрдөн байцаалтын явцад хамгийн эхний сэжигтнээр түүний салсан эхнэр Патриция Режиани тодорсон юм. Яагаад гэвэл Маурицио залуухан эмэгтэйтэй амрагийн холбоотой болж эхнэрээсээ салсан талаарх скандалыг бүгд мэддэг байв. Гэвч нотлох баримт маш дутмаг байсан тул хэргийн үйлдэгчийг олж чадалгүй хоёр жилийг өнгөрөөжээ. Хэсэг хугацааны дараа цагдаа нар алуурчин байж болох Ивано Савиони гэх хүний талаар мэдээлэл хүлээн авсан бөгөөд түүнийг байцаах явцад Маурицио Гуччигийн хэргийг экс-эхнэрийнх нь захиалгаар үйлдсэн гэдэг талаар олж мэдсэн байна. Хэргийн мөрөөр мөшгөж, цугларсан нотлох баримтууд дээр суурилсны үр дүнд үнэхээр талийгаачийн салсан эхнэрийн захиалгаар аллагыг үйлдсэн болох нь нотлогджээ. Патрицияд салсан нөхрөө хороох талаар түүний далдыг хардаг найз нь сүнснүүдийн «тусламжтайгаар» зөвлөж байжээ. Ийнхүү шүүхээс хэрэгт хамаарах бүх яллагдагч нарт 26 жилийн хорих ял оногдуулсан шийдвэр гарсан байна. Харин гэмт хэргийн захиалагч болох экс эхнэрийг нь үлгэр жишээ зан төлөв гаргасных нь үр дүнд хугацаанаас нь өмнө суллаж байжээ. Энэхүү бодит амьдрал дээрх трилер дээр үндэслэн ном бичиж байсан бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сард Ридли Скоттын найруулсан кино нээлтээ хийх төлөвтэй байгаа юм. Сонирхуулахад тус бүтээлийн гол дүрд Леди Гага тоглох юм.

Ким Кардашьяныг дээрэмдсэн нь

Загварын салбарын бараан тал: Дуулиант гэмт хэргүүд (фото 3)

2016 оны арваннэгдүгээр сард Парисын загварын долоо хоногийн үеэр хэний ч төсөөлөөгүй үйл явдал болсон нь Ким Кардашьяныг дээрэмдсэн хэрэг байсан юм. Дээрэмчид 11 сая ам.долларын үнэ бүхий үнэт эдлэлийг түүний Парис хот дахь зочид буудлын өрөөнөөс нь хулгайлсан бөгөөд хамгийн аймшигтай нь гэмт хэрэгтнүүд дээрмээ үйлдэх явцдаа Кимийг угаалгын өрөөнд нь хүлэн түгжиж байжээ. Уг хэргийн талаар Ким Кардашьян тус хотын цагдаагийн байгууллагад мэдэгдсэнийхээ дараа нутаг буцсан байна. Мэдүүлгийн ул мөрөөр гэмт хэрэгтнийг барьсан ч хулгайлсан үнэт эдлэлийг хар зах дээр аль хэдийнээ зарснаас болж олж чадаагүй аж. Үүнээс гадна энэхүү үйл явдлыг Кимийн олны анхаарлыг татах гэсэн тавилттай жүжиг гэж дүгнэсэн үл итгэгч нар ч гэсэн байсан юм.

Витторио Миссони нууцлагаар ор сураггүй алга болсон нь

Загварын салбарын бараан тал: Дуулиант гэмт хэргүүд (фото 4)

Missoni бол алдарт зиг заг хээтэй гэгээлэг хэв маягийн нэхмэл эдлэлээрээ алдартай Италийн брэнд гэдгийг та бүгд гадарлах байх. Ямартай ч бидний ярих гэж буй энэхүү үйл явдал тэдний хувцасны дизайн шиг тийм ч гэгээлэг байгаагүй юм. Уг тохиолдол нь тус брэндийн ерөнхий захирал Витторио Миссони болон түүний эхнэр, найзууд нь маш нууцлагаар алга болсноор эхэлдэг. 2013 онд тэд хувийн онгоцоороо Венесуэль улсын Лос-Рокес архипелагаас Каракасын онгоцны буудал уруу нисэхээр явжээ. Тэд замдаа шууд утгаараа агаарт замхарсан мэт алга болсон бөгөөд онгоц болон зорчигчдын ямар ч ул мөр олдоогүй нь бүгдийн гайхшралыг төрүүлж байлаа. Хэсэг хугацааны дараа далайн гүнээс серийн дугаар нь таарч байсан онгоц, таван цогцсыг илрүүлсэн ч Витторио Миссониг олоогүй байна. Хамгийн хачирхалтай нь осол болсон газраас 180 километрийн зайд Миссонигийн аяллын цүнхийг олжээ. Одоог хүртэл түүнийг болон хэргийн бусад ул мөрийг илрүүлээгүй бөгөөд бидэнд нууцлаг хэвээр байгаа юм.

Саятны өв залгамжлагч/залилагч Анна Делви

Загварын салбарын бараан тал: Дуулиант гэмт хэргүүд (фото 5)

Хэдхэн жилийн өмнө Анна Делвиг герман саятны өв залгамжлагч гэдгээр нь Нью-Йорк хотынхон бүгд мэддэг байсан. Тэрбээр бүхий л дээд зэрэглэлийн арга хэмжээнүүдэд оролцож, дизайнеруудын үнэтэй хувцсаар гоёж, нөлөө бүхий эрхмүүдтэй нөхөрлөж өөрийн шөнийн клуб болон арт-галерейдаа хөрөнгө оруулагчдыг хайж байлаа. Гэхдээ бидний мэдэх түүний энэхүү амьдрал нь 2017 онд Аннаг залилан болон их хэмжээний хохирол учруулсан хулгайн хэрэгт татсанаар дуусгавар болсон юм. Үнэн хэрэгтээ түүний жинхэнэ нэр нь Анна Сорокина бөгөөд тэрбээр Москва хотын захад (Домодедово) төрснийхөө дараа гэр бүлээрээ ХБНГУ-ийн Кёльн гэх жижиг хот уруу нүүж байжээ. Үүний дараа Анна Лондон хотын Central Saint Martins коллежид сурч, Парис хотод хэдэн жилийг өнгөрүүлсний дараа Нью-Йорк хот уруу нүүснээр түүний чинээлэг өв залгамжлагчийн төсөөллийн амьдралын эхлэл тавигдсан юм. Анна нь хотын нэр хүндтэй, баян гэсэн хүмүүсийн итгэлийг олж аван тэднээс их хэмжээний мөнгийг зээлж (одоог хүртэл залилсан мөнгөнийхөө ихэнхийг нь эргүүлэн төлөөгүй байна) хотын дээд зэрэглэлийн буудлуудад хүртэл бууж чадсан байна. Гэвч тэр жилдээ шүүхээс Сорокинад хорих ял оногдуулжээ. Харин саяхан тэрээр зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсны үр дүнд шүүхээс түүнийг хугацаанаас нь өмнө суллах шийдвэр гарсан билээ. Тус шийдвэр нь 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн байна.

цааш үзэх