Хайх

Buro 24/7 тойм: Calvin Klein Collection, resort 2017

Buro 24/7 тойм: Calvin Klein Collection, resort 2017

Костаг явснаас хойших анхны цуглуулга

Text: Buro.Mongolia


Франциско Коста Calvin Klein-аас гараад удаагүй байгаа ч загварын салбарынхан аль хэдийнэ түүнийг орлох хүнийг тодорхойлоод байна. Брэндийн удирдлага одоогоор албан ёсны хариу хэлээгүй байгаа тул аяллын цуглуулгыг дизайны баг удирдагчгүйгээр гүйцэтгэжээ

Саяхан Calvin Klein-ыг орхисон Франциско Костаг бид бүгдийн хайрт дизайнер Раф Симонс орлоно гэх цуу яриа загварын салбарынхны дунд тархаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Рафын минимал хэв маяг Calvin Klein-ы гоо зүйн мэдрэмжтэй төгс зохицох бөгөөд дизайнер загварын ордныг сэргээж, шинэ амьдрал бэлэглэх чадвартай аж. Энэ цуурхал нь үнэхээр биеллээ олбол сайхан байх ч, харамсалтай нь одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгдээгүй байна. Тиймээс брэндийн 2017 оны аяллын цуглуулгыг дотоод дизайны баг бие даан бүтээжээ. Удирдах дизайнергүйгээр хийгдсэн аливаа цуглуулга онц содон зүйлгүй, атлаа алтан дунджийг олсон "аятайхан" болдог гэдгийг та бүгд сайн мэдэх байх. Тэгэхээр энэ удаагийн цуглуулгаас ч бас ямар нэгэн гоц зүйл хүлээх хэрэггүй л болов уу.

Цуглуулга нийт хорин загвараас бүрдсэн ч зарим загварууд хоорондоо хэтэрхий адилхан байсан тул хориос ч бага хувцас орсон мэт санагдаж байлаа. Дизайны хамт олон ерөнхийдөө брэндийн өмнөх хавар-зун 2016 цуглуулгаас санаа авч, унтлагын хэв маягтай саармаг өнгийн загварууд бүтээсэн харагдлаа. Тэр дундаас хар-цагаан өнгийн бөөрөнхий хээтэй, нарийн мөртэй "slip" даашинз аяллын цуглуулгын хамгийн гол загвараар нэрлэгдсэн байна.

цааш үзэх