Хайх

Бюро 24/7 тойм: Говь брэнд, намар-өвөл 2017/18

Халуун дулаан, тансаг мэдрэмж

Text: Ө.Тодгэрэл


Говь брэнд шинэ улирлын цуглуулгаараа дамжуулан хүн ба байгалийн хүйн холбоог онцолж байна

Монголын цэнхэр тэнгэр лүү харан, цэвэр агаар мэдрэн, далайн чимээг сонсон, уудам тал нутагт гээгдэх үедээ бид оршихуйн тайвшралыг олж, бардам сэтгэлээр бялхаж, байгаль дэлхийтэйгээ өөрийн эрхгүй нэгдэн уусдаг. Нүүдэлчин соёл иргэншилтэй бид хэзээ ч энэхүү хүн ба байгалийн онцгой холбоог гээхгүй гэдгийг Говь брэнд дахин, дахин тодотгож байна. Намар-өвөл 2017/18 цуглуулгаараа дамжуулан тэд байгалиас эрч хүчээ авахыг санал болгож, бидний тойрон хүрээлж буй нууцлаг баялгуудыг шинэ загварууддаа шингээжээ. Эх орон хэмээн нэрлэдэг энэ газар нутаг бидэнд тав тух, сэтгэлийн тэнхээ, хайр бэлэглэж, жижиг деталь бүрээрээ гайхшруулдгийг Говь брэндийн энэ удаагийн цуглуулга илтгэх болно.

Энгийн атлаа ихэмсэг, халуун дулаан мэдрэмжийг Говь юуны түрүүнд дээд зэрэглэлийн чанартай материалаараа бий болгодог. Эсгүүрт захирагдаж, трендэд үл хамаарах, хэзээд тансаг шинж чанарыг мөнхийн гэдэг үгээр тодорхойлж болно. Шулуун эсгүүртэй, минимал дизайнтай пальтонууд үүний хамгийн тод жишээ юм. Улирал бүр загвар нь шинэчлэгддэг ч, үргэлж тэрхүү сонгодог шинж чанараа хадгалж үлддэг Говь брэндийн пальтонууд энэ удаад илүү тансаг дүр төрхтэй болсон байлаа. Үүнд мэдээж хэрэг үслэг зах болон саарал, хар, хөх ягаан гэх зэрэг гоёмсог өнгөнүүд нөлөөлж байсан юм. Мөн халаасыг чимсэн үслэг оруулга пальтонуудад цоо шинэ, дэггүй өнгө аяс нэмж өгчээ. Харин энэ улирлын онцлох загвараар хоёр талт өнгийн, шоотой хээ бүхий пальто тодорлоо. Дизайнерууд анх удаа хоёр талт пальтог цацган эмжээрээр чимсэн нь дотоодын гадуур хувцасны зах зээлд шинэлэг санаа авчирч байна.

Тансаг ба биед эвтэйхэн гэдэг үгсийг нэгтгэж чаддаг цөөн зүйлсийн нэг бол яахын аргагүй ноолуур юм. Ямар ч үед өмссөн чанартай, орчин үеийн харагддаг хэрнээ хичээл зүтгэл гаргаагүй мэт, энгийн төрх бүрдүүлдэг ноолууран материалыг Говь брэндийн дизайнерууд спорт, ажил хэрэгч, өдөр тутмын, үдшийн гээд байж болох бүхий л хэв маягт оруулдаг. Гэхдээ бүх загваруудыг нэгтгэдэг ганц зүйл нь тансаг мэдрэмж. Нимгэн хоолойтой цамцан дээр давхарласан нэхмэл свитер, сул загварын богино хүрэмтэй хосолсон кюлотт өмд, өвдөг хүрсэн шулуун юбка ба ижил загварын цамцтай хослол зэрэг нь хээнцэр амьдралын хэв маягийг илтгэх мэт санагдана.


Харин өнгөний хувьд дизайнерууд нэг өнгийн хувцаслалт баримталж, саарал өнгийн төрөл бүрийн туяанууд, хар, гүн цэнхэр, бүүдгэр хөх ягаан, жимсгэний улаан гэх зэрэг хүйтэн улирлыг илтгэх сонголтууд гаргалаа. Тэд мөн стилистик аргачлал дээр онцгой анхаарал хандуулан хувцаснуудыг хооронд нь давхарласнаар зөвхөн дулаан гэлтгүй, загварлаг төрх бүрдүүлж болохыг харуулсан юм. Хоолойтой цамцыг ямар ч хувцастай давхарлаж болохоос гадна, пальтог ч мөн хоёр давхарлах сонирхолтой шийдлүүд эндээс ажиглагдана.

Бюро 24/7 тойм: Говь брэнд, намар-өвөл 2017/18 (фото 1)

Бюро 24/7 тойм: Говь брэнд, намар-өвөл 2017/18 (фото 2)

Говь брэндийн дизайнерууд шинэ улирлын цуглуулгадаа хэд, хэдэн сэдэв хөндөж, хэрэглэгчдэд өргөн сонголт гаргаж өгдөг уламжлалтай. Энэ удаагийн "Spirit of Nature" буюу "Байгалийн мөн чанар" цуглуулгадаа ч бас эр зориг, хүч чадал ба амьдрах чадвар гэх гурван жижиг сэдвийг хөгжүүлж, хоорондоо өөр хэв маягтай загварууд танилцууллаа. Саармаг өнгө давамгайлсан атлаа хээ угалзаар баялаг Эр зориг цуврал нь жинхэнэ адал явдал эрэлхийлэгчдийг чиглэж, биед эвтэйхэн юүдэнтэй цамц ба өмд, зоримог хээтэй хувцаснууд санал болголоо. Харин Хүч чадал хэмээн нэрлэгдсэн хоёр дахь цуврал нь эмэгтэй хүн илүү эрх чөлөөтэй, бие даасан болж эхэлсэн 1920-иод оноос бүтээлч санаа авч, хүчирхэг эмэгтэйн бүхий л шаардлагад нийцэх хөдөлгөөн хорихгүй, эвтэйхэн ба дэгжин стильтэй загварууд бүтээжээ. Мөн Амьдрах чадвар гэх цувралд дизайнерууд хүйтний улирлыг хээнцэр маягаар даван туулахад туслах үслэг оруулга, илгэн материал гэх зэрэг нэмэлт элементүүдээр ноолуурыг баяжуулсан байлаа.

Намар-өвөл 2017/18 цуглуулгын дурдалгүй өнгөрч болохгүй бас нэгэн онцлог бол бяцхан хүүхдүүдэд зориулсан өхөөрдөм загварууд юм. Энэ жилийн хүүхдийн загвар ээжтэйгээ ижил гарсан тул, гэр бүлээрээ хослон загварлаг хувцаслах боломж бий болсон байна. Үргэлж ээжийнхээ хувцсыг өмсөхийг хүсдэг хүүхэд, мөн үргэлж хүүхэдтэйгээ ижилсэх дуртай ээжүүдийн хүслийг брэндийн хамт олон биелүүлжээ.

цааш үзэх