Хайх

Хавар-зун 2022 загварын долоо хоногийн талаар бид юу мэдэж байна вэ?

Хавар-зун 2022 загварын долоо хоногийн талаар бид юу мэдэж байна вэ?

Text: Buro.Mongolia


Загварын үйл явдлуудаар дүүрэн есдүгээр сар хаяанд ирлээ. Эдгээр өдрүүдэд загварын нийслэл хэмээн тодорхойлогддог Нью Йорк, Лондон, Милан, Парис болон бусад хотуудад загварын орднууд хавар-зун цуглуулгаа танилцуулдаг уламжлалтай билээ. Өнгөрсөн жил цар тахлаас үүдэн арга хэмжээнүүд дижитал хэлбэрээр зохион байгуулагдсан бол энэ жил дийлэнх шоунууд уламжлалт хэлбэрээр явагдах юм.

Нью Йоркийн загварын долоо хоног

(08.09 – 12.09)

Нью Йоркийн загварын долоо хоног уламжлалт форматаар зохион байгуулагдахаар болжээ. Уг арга хэмжээнд Tom Ford, Ulla Johnson, Carolina Herrera гэх томоохон орднууд амьд загварын шоугаа толилуулах ба Peter Do, Maryam Nassir Zadeh зэрэг брэндүүд анх удаа Нью Йорк хотод танилцуулгаа хийх юм. 

Сонирхуулахад, уг үйл явдлын маргааш буюу есдүгээр сарын 13-нд загварынхны хувьд чухал байр суурь эзэлдэг Met Gala үдэшлэг зохион байгуулагдах болно.

Лондоны загварын долоо хоног

(17.09 – 21.09)

Английн Roksanda, Simone Rocha, Erdem болон бусад орднууд хавар-зун цуглуулгаа уламжлалт хэлбэрээр танилцуулахаар болжээ. Эдгээрээс гадна дебютээ хийж буй Nensi Dojaka, 16 Arlington, COS брэндүүд олны дунд өндөр хүлээлт үүсгээд байна. Түүнчлэн загвар болон технологийн дэвшилтэд шийдлүүдийг хоршуулан хэрэгжүүлдгээрээ алдартай Auroboros нь 14 төрхөөс бүрдэх виртуал цуглуулгаа толилуулахаар болжээ. Энэ нь олон улсын загварын долоо хоног дээр танилцуулсан дэлхийн анхны виртуал цуглуулгаар нэрлэгдэх юм.

Миланы загварын долоо хоног

(21.09 – 27.09)

Camera Nazionale della Moda Italiana (CNMI) буюу Италийн загварын үндэсний танхимын шийдвэрийн дагуу оролцогчид цуглуулгаа уламжлалт хэлбэрээр танилцуулах боломжтой болсон. Харин дэлхийн олон улсад тогтоод буй хил, гаалийн хязгаарлалтаас шалтгаалан гадаадын орнуудаас загварын сэтгүүлч болон бусад зочид хүрэлцэн ирэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Арга хэмжээнд Fendi, Versace, Dolce & Gabbana, Giorgio Armani, Salvatore Ferragamo гэх загварын акулууд болон бусад брэндүүд оролцох юм. Мөн салбарынхны дунд Раф Симонс болон Миучча Прада нарын хамтарсан (тэд 2020 онд бүтээлч захирлын албан тушаалыг хамтран хаших шийдвэрийг гаргасан) Prada хавар-зун 2022 цуглуулга өндөр хүлээлтийг үүсгээд байна. 

Парисын загварын долоо хоног

(27.09 – 05.10)

Парис хотын загварын долоо хоног сэтгэл догдлом үйл явдлуудаар дүүрэн байх болно. Тухайлбал, Balmain загварын ордны бүтээлч захирал Оливье Рустен хавар-зун 2022 цуглуулгаа хоёр өдөр үргэлжлэх The Seine Musicale хөгжмийн фестивалиар дамжуулан танилцуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээг түүний Balmain ордонд ажилласан арван жилийн ойг тохиолдуулан 3400 хүн бүхий өргөн цар хүрээг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн WWD сэтгүүлийн мэдээллэж буйгаар, Парисын загварын долоо хоногийг хааж AZ Factory брэнд домогт загвар зохион бүтээгч Альбер Эльбазын гэгээн дурсгалд зориулан «Love Brings Love» нэртэй цуглуулгаа танилцуулах болно.

Хавар-зун 2022 загварын долоо хоногийн талаар бид юу мэдэж байна вэ? (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх