Хайх

Кутюр загварын долоо хоног: Chanel, намар-өвөл 2016

Кутюр загварын долоо хоног: Chanel, намар-өвөл 2016

Хөшөгний ард

Text: Buro.Mongolia


Chanel ордон кутюр шоуныхаа зочдыг “урландаа” урин авчирч, брэндийнхээ бахархал болсон гар урлалын бүтээлүүдийг танилцууллаа

Парисын аварга том орон зайтай Гранд-Пале үзэсгэлэнгийн танхимд жил бүр, заримдаа бүр жилд дөрвөн удаа Chanel-ын загварын шоу болж өнгөрдөг билээ. Бүтээлч сэтгэлгээтэй Карл Лагерфельд шоу бүрээ ямар нэгэн байдлаар шинэлэг болгож, интерьер заслаа хэний ч сэтгэмээргүй өвөрмөц шийдлээр гаргадаг. Дизайнер энэ удаагийн кутюр шоундаа зориулж Гранд-Пале орон зайг Chanel ордны урлан болгон хувиргаж, цуглуулгаа "Францын өндөр зэрэглэлийн оёдлын уран чадвар" сэдэв доор танилцууллаа. Цуглуулгын санаануудыг агуулах самбар, эсгүүрийн ширээ, загварын хэв, ноорог зураг, "оёгдож дуусаагүй" хэсгүүд, материалууд, ороомог утас зэрэг аливаа дизайнерын урланд байдаг эд зүйлс загварын шоуны талбар дээр үзэгдлээ. Түүгээр ч барахгүй загвар өмсөгчдийг тайзнаа гарахын өмнө оёдолчин бүсгүй хувцсыг нь янзалж, урлангийн уур амьсгалыг бүр ч илүү төгс бүрдүүлж байлаа.

Цуглуулгын хувьд гэвэл хар, саарал, хул, зөөлөн ягаан гэх зэрэг даруухан өнгөтэй, твид материал ба наалт, хатгамлаар баялаг нийт 71 төрхөөс бүрдсэн байна. Цуглуулгад өдөр, орой ба баяр ёслолын үеэр өмсөж болох загваруудаас гадна мөн хуримын өмсгөл багтсан харагдлаа. Пастель ягаан өнгийн богино тайралттай өргөн өмд ба босоо захтай гялалзсан чимэглэлтэй пиджакны хослол нь ардаа тэмээн хяруулын өдөөр бүрхэгдсэн ба газар чирэгдсэн урт нөмрөгтэй байсан нь хуримд өмсөхөд зохимжтой, баярын уур амьсгал бүрдүүлсэн байв. Түүнчлэн тайзан дээр гарсан төрх бүрийг хар туузан зангилаа бүхий толгойн чимэглэл, оймс загварын урт түрийтэй хар гутал болон хар бээлий дагалдсан юм. Үүгээрээ домогт загварын ордон хамгийн анх малгай урлаж, борлуулдаг байсан түүхээ зочдод сануулж, аксесуарууд одоо хүртэл Chanel брэндийн хувьд чухал үүрэгтэй байдгийг харууллаа.

цааш үзэх