Хайх

Оросын загварын долоо хоногийн тойм

Оросын загварын долоо хоногийн тойм

Mercedes-Benz fashion week Russia

Text: Ө.Тодгэрэл


Гуравдугаар сарын 11-нээс 16-ний хооронд Москва хотын Манеж үзэсгэлэнгийн танхимд Мерседес Бенз загварын долоо хоног зохион байгуулагдаж, оросын 50 гаруй дизайнер намар-өвөл 2016 улирлын цуглуулгаа танилцууллаа

Загварын долоо хоногийг уламжлал ёсоор оросын хамгийн ахмад дизайнер Слава Зайцев өөрийн шоугаараа нээлээ. "Өнгөрснөөс ирээдүй рүү" гэсэн сэдэвтэй түүний цуглуулга XIX зууны Оросын эзэнт гүрнийг дүрсэлсэн байлаа. Дизайнерын карьер 1970 онд эхэлж байсан бөгөөд баруунд түүнийг "Улаан Диор" хэмээн нэрлэдэг байжээ.

Арга хэмжээнд оролцсон бусад дизайнеруудыг дурдвал Igor Chapurin, Alena Akhmadullina, VIVA VOX, A La Russe, Alexander Terekhov, Julia Dalakian ба Igor Gulyaev гэх зэрэг улсдаа аль хэдийнэ алдар нэртэй болоод амжсан нэрс болон VIPERS, Saint-Tokyo, Ksenia Seraya зэрэг дөнгөж загварын салбарт хөл тавьж буй залуу бүтээлчид мөн бий.

Юуны түрүүнд олон жилийн турш уран бүтээлээ туурвиж буй дизайнеруудын шинэ цуглуулгын товч тоймыг сонирхоцгооё.

Viva Vox

Viva Vox-ийн бүтээлч захирал Олег Овсиев сонгодог эмэгтэйлэг төрхийг спорт хэв маягтай хослуулах дуртай нэгэн. Дизайнер oversize бомберыг газар хүрсэн урт даашинзтай зэрэгцүүлж, спорт маягийн ноосон цамцыг хуниасаар чимж, поло загварын спортлог цамцыг торгомсог материалаар урласан байв. Шинэ цуглуулга ерөнхийдөө шар+цэнхэр гэх өнгөнөөс бүрдэж байсан бөгөөд энэ нь ихэвчлэн спорт хувцаснууд дээр ажиглагддаг тод өнгийн эрс тэрс зохицол шиг харагдлаа. Түүнчлэн тэдгээр цэнхэр ба шар өнгийн загварууд шүршдэг будгаар будагдсан мэт "пиксель" хээтэй байсан нь цуглуулгад гудамжны өнгө аяс нэмж байлаа. Эцэст нь дүгнэж хэлэхэд спортлог ба дэгжин, зузаан ба нимгэн, сонгодог ба гудамжны гэх зэрэг зөрчлүүд Viva Vox цуглуулгын үндсэн суурь болж өгчээ.

Natalia Gart

Natalia Gart бол аль хэдийнэ зүг чигээ тодорхойлоод авсан, нэлээд ойлгомжтой ДНХ-тай Оросын залуу брэнд юм. Энэхүү марк нь ихэвчлэн өдөр тутмын хувцас бүтээдэг бөгөөд үргэлж сонгодог ба цэмцгэр хэлбэр дүрсийг илүүд үзэж ирсэн билээ. "Эмэгтэй хүний хувийн зан чанар нэгт, харин хувцас хоёрт байх ёстой. Тэгэхээр бид хэтэрхий анхаарал татсан загвар бүтээхийг зорьдоггүй" хэмээн дизайнер Наталья Гарт тайлбарлажээ. Түүний бодлоор эмэгтэйлэг атлаа энгийн төрх бүсгүйчүүдийн зан чанарыг тодотгож өгдөг гэнэ. Шинэ цуглуулга бараан цэнхэр, маргад ногоон, усан цэнхэр, хар, цагаан гэх уламжлалт өнгөнүүдээс бүрдэж, хамба хилэн урт даашинз ба ургамлын хээтэй торгон хослол гэх зэрэг үдэшлэгт өмсөхөд тохиромжтой болон харандаа хэлбэрийн юбка ба ноосон цамц гэх зэрэг өдөр тутмын загварууд агуулж байлаа.

A La Russe

Дизайнер Анастасия Романцова цуглуулга бүрдээ зориулж ямар нэгэн домог сэдэж олдог. Энэ удаад тэрбээр хүүхэд насандаа түүхийн музей орж байсан дурсамжаа сэргээж, цуглуулгаа эртний уур амьсгалтай болгожээ. Гоёмсог нөмрөг, өндөр захтай урт даашинз, өдөн чимэгтэй цамц ба пижам хослолуудыг тодорхой нэг эрин үед хамааруулах боломжгүй санагдана. Магадгүй дизайнер нэгэн зэрэг 1950, 70, 80-аад онуудаас уран бүтээлийн урам авч, ажилласан байх.

Alexander Terekhov

Ихэнх хүмүүс Александр Терёховын цуглуулгаас хээ угалзаар баялаг ганган даашинзуудыг олж харахыг хүлээдэг. Учир нь дизайнер сүүлийн хэдэн улирлын турш ийм чиглэлээр ажиллаж ирсэн юм. Гэхдээ намар-өвөл 2016 улиралд тэрбээр гэнэт 1990-ээд оны гранж хэв маягийг сонирхох болж, олныг гайхшруулж чадлаа. 1990-ээд оны стиль ихэнх хүмүүсийн хувьд ямар ч "мэдрэмжгүй", аймшигтай санагддаг болов ч, дизайнерууд энэ эрин үеийг нэгэн зэрэг тодотгож, эргэн моодонд  оруулж байна. Савхин цув, том хэмжээтэй бомберууд, хачирхалтай хээтэй зузаан ноосон цамцнууд, тодорхой нэгэн хэлбэргүй өдөн куртикнууд, спорт маягийн сул өмднууд, дөрвөлжин хээтэй цамц зэрэг нь 1990-ээд оныг хамгаас илүүтэйгээр илтгэдэг. Олзуурхууштай нь Терёхов энэ бүх элементүүдийг илүү дэгжин байдлаар цуглуулгадаа оруулсан харагдана. Тэр гранж стилийг минималист хэв маягтай хослуулж, эмэгтэй хүний тачаангуй байдлыг илт биш далд байдлаар харуулахыг зорьжээ.

Дээр дурдагдсан дизайнеруудаас гадна бусад олон шинэ уран бүтээлчид Оросын загварын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна. Тухайлбал Санкт Петербургээс гаралтай Saint-Tokyo марк аль хэдийнэ Холливүүдад танигдаж, Лэди Гагагийн сонголт болж чаджээ. Алдарт дуучин бүсгүй хэдэн сарын өмнө залуу маркийн бие барьсан савхин даашинзыг өмсөж, олонд харагдсан байна. Маркийн дизайнер Юрий Питенин футуристик чиглэлээр ажилладаг бөгөөд олон төрлийн хээ ба материалаар сонирхолтой туршилтууд хийх дуртай нэгэн. Түүний намрын улиралд зориулж урласан цэцгэн хээтэй савхин хүрэм нэг үгээр зүгээр л cool харагдаж байлаа.

Бас нэгэн амжилтад хүрэх өндөр магадлалтай залуу дизайнер Ксения Сераяаг онцлох гэсэн юм. Тэр өөрийн нэрийн маркаа 2013 онд үүсгэн байгуулсан бөгөөд түүнээс хойш сүлжмэл материал бүхий хувцас дээр анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Дизайнерын намрын цуглуулгад орсон сул загварын сүлжмэл өмд ба түүнтэй хосолсон задгай энгэртэй намирсан цамц загварын шүүмжлэгчдээс муугүй дүн авлаа.

цааш үзэх