Хайх

Олон нийтийн сүлжээнд хэрхэн сурталчилгаа хийх вэ: 5 гол дүрэм

Олон нийтийн сүлжээнд хэрхэн сурталчилгаа хийх вэ: 5 гол дүрэм

Business of Fashion сэтгүүл өнөөгийн интернетийн эрин үед хэрхэн брэндээ сурталчлах талаар зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Сүүлийн жилүүдэд загварын брэндүүдийн хувьд олон нийтийн сүлжээ нь хэрэглэгчидтэйгээ харьцах маш чухал хэрэгсэл болсон. Францын Céline ордон хүртэл удаан хугацаанд онлайн худалдааг үгүйсгэж, олон нийтийн сүлжээнд бүртгүүлэхээс татгалздаг байсан атлаа Instagram хуудас нээхээр шийдсэнийг харахад энэ нь зайлшгүй хэрэгтэй бодлого юм. Гэхдээ олон нийтийн сүлжээнд илүү олон брэндүүд бүртгүүлэх тусам тэдний хоорондох өрсөлдөөн хурцдаж, хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд илүү их хичээл зүтгэл гаргах шаардлагатай болоод байна. Үүнтэй холбогдуулан Business of Fashion сэтгүүл өөрийн брэндийг хэрхэн олон нийтийн сүлжээнд сурталчлахыг зөвлөж, үндсэн таван дүрмийг жагсаалаа.

(1)

Бүх олон нийтийн сүлжээнд тохирох цорын ганц амжилтын томьёо гэж үгүй.

Сүүлийн үед компаниуд олон нийтийн сүлжээнд хэрэглэгддэг ерөнхий стратегиас татгалзаж, үүний оронд олон нийтийн сүлжээ бүрийн онцлог дээр тулгуурласан, компанийн өвөрмөц байдлыг харуулсан, тусгай бодлого явуулдаг болжээ. Тэд тухайлбал Instagram-д тусгайлан зориулж дарсан гоёмсог зураг нийтэлж, эсвэл Instagram-ын Stories хэсэг болон Snapchat-д зориулан гэнэтийн мэт харагдах үе мөчүүдийг дурандаа буулгаж, Twitter-д хэрэглэгчидтэйгээ идэвхтэй яриа өрнүүлж, сэтгэгдлүүдэд түргэн хариу өгөх байдлаар ажиллаж байна.

Tatcha косметик брэндийн үүсгэн байгуулагч Виктория Цайгийн хэлж буйгаар хүмүүс одоо Facebook дээр байршсан мэдээг илүү идэвхтэй уншдаг болсон тул түүний брэнд бүтээгдэхүүнийхээ талаарх мэдээ ба мэдээллийг энэхүү сүлжээнд түлхүү нийтэлдэг болжээ. Харин Instagram сүлжээнд хэрэглэгчид гоё зураг харахыг хүсдэг тул тэд энэхүү хүсэлд нь нийцүүлэн чанартай зураг нийтэлдэг байна. Tatcha брэндийн олон нийтийн сүлжээнүүдийг хоёр менежер хариуцан ажилладаг бөгөөд Цай өөрийн биеэр Snapchat сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдийнхээ асуултанд нь хариулдаг гэнэ.

Түүнчлэн Gucci брэнд олон нийтийн сүлжээ болгонд тохируулсан сурталчилгаа тогтмол хийдэг. Жишээ нь тэд #GucciGram төслийг санаачилж, Instagram дахь дүр төрхөө шинээр боловсруулах зорилгоор загварын зураачидтай хамтран сонирхолтой зурагнууд бүтээсэн. Тэд мөн #24HourAce төслийн хүрээнд Snapchat сүлжээгээр дамжуулан Ace кетнийхээ талаарх сурвалжилгыг нийт 24 цагийн турш зогсолтгүй хийсэн билээ.

 

(2)

Хэрэглэгчдийн сонирхлыг татахын тулд тэдэнтэй илүү ойр бай.

Ихэнх тохиолдолд брэндүүд аль болох олон хүний анхаарлыг татах цорын ганц зорилготой пост хийдэг. Гэтэл үнэн хэрэгтээ олон хүний анхаарлыг татахаас илүүтэйгээр байгаа дагагчидтайгаа харилцаагаа сайжруулж, илүү дотно болох нь хавьгүй чухал юм. Тухайлбал хэрэглэгч шинэ хувцас худалдан авсныхаа дараа олон нийтийн сүлжээнд пост хийн брэндийг tag хийсэн бол, тухайн брэнд үүнд нь хариу сэтгэгдэл үлдээж, эсвэл бүр өөрийн хуудсан дээрээ repost хийж болох юм.

"Энэ бол дотно харилцаа бий болгох том боломж. Бид олон нийтийн сүлжээний ачаар үйлчлүүлэгчдээ халамжилж, тэдэнд шаардлагатай мэдээллийг нь өгдөг. Бид тогтмол шинэ контент нийтэлдэг хэдий ч, хэрэглэгчидтэйгээ харилцаж, сэтгэгдэл үлдээх нь бидний хувьд маш чухал байдаг" хэмээн Цай ярьжээ.

 

(3)

Олон нийтийн сүлжээний нөлөө бүхий хүмүүс нэн чухал гэдгийг мартаж болохгүй.

Сүүлийн үед ихэнх брэндүүд урьд өмнөхөөсөө илүү олны танил хүмүүстэй хамтран ажилладаг болоод байна. Launchmetrics судалгааны компанийн илтгэж буйгаар 2017 онд нийт брэндүүдийн ойролцоогоор 78% нь нөлөө бүхий хүмүүсийн оролцсон сурталчилгаа гаргасан байна. Энэ тоо нь 2016 онтой харьцуулбал 13%-иар илүү байгаа юм.

Гэхдээ өнөөдөр брэндүүдийн өмнө тавигдаж байгаа гол асуулт бол "Нөлөө бүхий хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгтэй юу?" биш, харин "Тэдэнтэй хэрхэн, ямар байдлаар хамтрах вэ?" гэдэгт оршиж байна. Амжилтанд хүрэхийн тулд брэндүүд олон нийтийн сүлжээ дэхь макро болон микро хүрээний нөлөө бүхий хүмүүстэй аль болох тогтвортой, үр өгөөжтэй харилцаа үүсгэхээр ажиллаж, тэднийг аль болох өөрсдийн брэндүүдийн талаар тогтмол яриулахыг зорьдог болжээ.

"Хэрвээ та ийм төрлийн хамтын ажиллагаа хийдэггүй бол таны хэрэглэгчидтэйгээ дотно харилцаа үүсгэх боломж бусдаас доогуур байна гэсэн үг юм" хэмээн Tribe Dynamics маркетингийн компанийн хамтран үүсгэн байгуулагч Коннор Бегли онцолсон байна.

 

(4)

Хэрэглэгчиддээ илүү их итгэл найдварыг олго.

Зарим тохиолдолд брэндүүд өвөрмөц, этгээд контент бүтээж чаддаг хэрэглэгчдийнхээ ачаар алдартай болдог. Жишээ нь Anastasia Beverly Hills, Huda Beauty ба Fenty Beauty гэх зэрэг гоо сайхны брэндүүд дагагчдынхаа нийтэлдэг зүйлсийг өөрсдийн хуудсан дээр дахин нийтэлдэг онцлогтой. Ингэснээр бүр ч олон дагагчид брэндэд зориулсан пост хийж, өөрийнхөө постыг олон сая хүний өмнө нийтлэгдээсэй гэж хүсдэг юм.

Брэндийн олон нийтийн сүлжээг хөгжихөд нөлөөлдөг бас нэгэн зүйл бол дагагчид болон нөлөө бүхий хүмүүсийн хамтарсан ажиллагаа юм. Тухайлбал Gucci-гийн Instagram дагагчиддаа Unskilled Worker хочны доор уран бүтээлээ туурвидаг Хелен Дауни гэх шинэ зураачийг танилцуулсан. Брэнд удалгүй Хелентэй хамтарсан цуглуулга гаргасан бөгөөд ингэснээр Gucci-гийн хэрэглэгчид төдийгүй зураач бүсгүйн шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаж чадсан юм.

 

(5)

Олон нийтийн асуудлаар идэвхтэй бай. Гэхдээ мэдээж хэрэг болгоомжтой байх хэрэгтэй.

Өнөөдөр брэндүүд олон нийтийн хувьд чухал ач холбогдолтой үйл явдлуудад оролцоотой байх үүрэгтэй. Сайн үйлсийн хөтөлбөрүүд, байгаль дэлхийг хамгаалах санаачлагууд гэх мэт.

Нөгөөтээгүүр энэ нь их эрсдэлтэй бөгөөд олон нийтийн дунд сөрөг сэтгэгдэл үүсгэх магадлалтай. Тухайлбал Кендалл Женнерийн оролцсон Pepsi-ний сурталчилгаа олны дургүйцлийг хичнээн их хүргэснийг та санаж байгаа биз ээ.

"Найдвартай чанар бол хэрэглэгчдийн хамгийн түрүүнд анзаардаг, гол зүйл. Хэрвээ таны бүтээсэн зүйл үнэн, бодит биш бол хүмүүст сэтгэгдэл төрүүлж, сонирхлыг нь татна гэдэг юу л бол" хэмээн Tribe Dynamics компанийн маркетингийн захирал Брит Маккоркадейл ярилаа.

Тэр тусмаа олон нийтийн сүлжээний хувьд дээр дурдагдсан зүйл нь нэн чухал. Учир нь энд мэдээлэл солилцоо маш хурдан явагддаг бөгөөд хүмүүсийн сэтгэгдлийг хянах боломжгүй байдаг. Брэнд тодорхой нэг тогтсон үзэлтэй байх нь хэрэглэгчдийн дунд итгэл, найдвар төрүүлж, борлуулалтад ч бас нөлөөлнө.

"Брэндүүд олон нийтийн өмнө өөрсдийн байр сууриндаа үнэнч байх үүрэгтэй" хэмээн брэндүүдийн дижитал бүтээмжийг дүгнэдэг L2 компанийн ажилтан Майк Фроггатт хэлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх