Хайх

Преппи: Намрын улиралд хэрэгжүүлж болох хамгийн ухаалаг төрх

Преппи: Намрын улиралд хэрэгжүүлж болох хамгийн ухаалаг төрх

Преппи гэж юу вэ?

Text: Ц.Намуун


Хэрэв та саяхан Buro. дээр нийтлэгдсэн "Шинэ улирлын бэлтгэл ажил" хэмээх 2019 оны намар-өвөл улирлын гол чиг хандлагуудын тойм мэдээг уншсан бол преппи гэх нэгэн үгийг олж харсан байх. Твид хослол, зангиа, хатуу захтай сорочка зэрэг 1980-аад оны элит сургуулийн сурагч мэт харагдах төрхийг преппи хэмээн нэрлэх ба ийм загварууд ирэх улиралд хаа сайгүй үзэгдэх болно гэдгийг тус нийтлэлд өгүүлсэн байгаа. Тэгвэл преппи гэж яг юуг хэлэх вэ мөн яагаад загварын салбарт онцлох байр суурь эзлэх болов?

Преппи: Намрын улиралд хэрэгжүүлж болох хамгийн ухаалаг төрх (фото 1)

Преппи гэдэг нь 1900-ээд оны эхээр Харвард, Йелийн Их Сургууль, Корнеллийн Их Сургууль буюу та бидний нэрлэж заншсанаар Ivy League-д суралцдаг байсан залуусаас гаралтай амьдралын хэв маяг ажээ. Тухайн үеийн оюутан залуус уламжлалт, хуучинсаг амьдралын хэв маягийг эвдэн шинэ, идэвхтэй амьдралын хэмнэлийг бүтээх зорилгоор преппиг үүсгэсэн гэдэг. Преппи залуус ихэнх цагаа боловсролд зарцуулах ба чөлөөт цагаараа теннис тоглох, морь унах, усанд сэлэх зэрэг спортоор хичээллэдэг. Тэдний хувцасны шүүгээнд ихэвчлэн поло цамц, чино загварын өмд, сорочка, нэхмэл цамц, даавуун пиджак байх ба цаг үргэлж цэмцгэр төрх бүрдүүлэхийг хичээнэ. Харин преппи охид мини юбка, кюлот өмд, хоолойтой ноосон цамц, ноолууран нөмрөг зэргийг загварчлан өмсөх нь элбэг ба "Gossip Girl" цувралын Блэр Уолдорф уг стилийн төгс илэрхийлэл юм. Мөн "American Psycho" киноны гол дүр Патрик Бэйтман, АНУ-ын Жон Кеннедигийн хувцаслалтаас преппи төрхийг олж харах боломжтой.

1980 онд зохиолч Лиза Бирнбах "The Official Preppy Handbook" гэх ном гаргасан нь New York Times-ын бестселлерийн жагсаалтыг 38 долоо хоногийн турш тэргүүлж, одоо ч хүмүүсийн анхаарлыг татсаар байна. Өөрөөр хэлбэл преппи гэдэг нь зүгээр ч нэг стиль биш харин бүхэл бүтэн амьдралын хэв маяг, cоёлын нэг хэсэг ажээ. Преппи төрх эрэгтэй хувцас загварт харьцангуй удаан оршин тогтносоор ирсэн. Тухайлбал Ralph Lauren, Lacoste-ийн улирал бүрийн цуглуулга, Tommy Hilfiger-ийн cонгодог загварууд преппи хэв маягийг агуулдаг.

Преппи: Намрын улиралд хэрэгжүүлж болох хамгийн ухаалаг төрх (фото 2)

Харин энэ улиралд Celine брэндийн бүтээлч захирал Эди Слиман бүхэлдээ преппи уур амьсгал мэдрэгдэх эмэгтэй цуглуулгыг танилцуулсан юм. Өргөн эсгүүрийн пиджак, савхин хүрэм, эмэгтэйлэг өнгө аястай цамц, нэхий хантааз, oversize загварын үслэг хүрэм, задгай энгэртэй ноосон цамц, ажил хэрэгч загвартай гар цүнх зэрэг өдөр тутамд зориулсан, амьдралд ойр загварууд нь цэвэр преппи стиль бөгөөд намар-өвлийн улиралд хэрэгжүүлж болох хамгийн ухаалаг төрх ч байж болох юм.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх